Categories
мэдээ цаг-үе

Арилжааны банкууд охин компанитай байж болохгүйг монголчууд яс махандаа шингэтэл ойлголоо

Банкны тухай хуулийн 6.2-т “Арилжааны банк нь өөр компанийн охин компани, мөн өөрөө охин компанитай байж болно. Харин банк, түүний охин компани зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог долоон төрлийн зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан байдаг. 2010 оны хямралын дараа Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахад тус заалт нэмэгдсэн. Тухайн үед банкны системд байгаа хөрөнгөөр хөрөнгийн зах зээлийг дэмжих нэг хүчин зүйл охин компани байж болох юм гэж үзсний дүнд уг хуулийг санаачилсан байдаг. Харин одоо бол энэ хуулийн зохицуулалт шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймдээ ч УИХ-ын цөөнгүй гишүүд Банкны хуулийн дээрх заалтыг хэлэлцэх, өөрчлөх ёстой талаар хэлж байгаа юм.

Юун түрүүнд энэхүү хуулийн заалт нь салбар бүрт, үндэсний үйлдвэрлэгчдэд хэрхэн уршиг тарьсныг ярих хэрэгтэй. Банк өөрөө охин компани, эсвэл охин компанитай байж болно гэх энэхүү заалт нь ард иргэдийн мөнгийг зөвшөөрөлгүйгээр зах зээлд эргэлдүүлэх боломжийг олгож байгаа хуулийн цоорхой байдаг. Иргэд хамгийн эрсдэл багатай төдийгүй найдвартай гэж банкинд мөнгөө хадгалуулдаг. Тиймээс банкны системд байгаа иргэдийн хөрөнгө эрсдэлгүй байх нь юу юунаас чухал. Гэтэл арилжааны банкууд уг хуулийн цоорхойг ашиглан иргэдийн мөнгийг үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээл рүү оруулдаг байна. Мэдээж энэ нь банкинд итгэсэн иргэдийн мөнгийг эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Энэ тухай ч “Ийм эрсдэл бүхий хэд хэдэн жишээний нэг нь “Эрдэнэт”-ийн хөрөнгө оруулалт ганц, хоёр банкаар дамжсан асуудал гарсан шүү дээ. Энэ бол уг хуулийн цоорхойгоор явж орсны л жишээ. Тиймээс уг хуулийн төсөл батлагдвал охин компанитай холбоотой асуудлыг хязгаарлана” гэж Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан ярьсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Банкны тухай хуульд охин компанитай холбоотой ганцхан заалт бий. Энэ заалтыг хуулиас хасах хэрэгтэй. Арилжааны банкууд маш олон хуурамч компани байгуулчихаад улсын өмчийг зувчуулах арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Худалдаа хөгжлийн банк л гэхэд “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ээс гадна гурав болон дөрөвдүгээр станц, Багануурыг авахаар бүх бэлтгэлээ базаачихсан байсан. Энэ бүх үйлдлийг охин компаниар дамжуулж хийгээд байгаа юм” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Ерөнхийдөө арилжааны банкууд иргэдийн мөнгийг бүхий л салбарт эргэлдүүлж чаддаг байна. Тухайлбал, банкуудын охин компани барилгын салбарт аль хэдийнэ байр сууриа олоод амжсан аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар арилжааны банкууд улс төрчид болон томоохон компаниудын захирлуудтай ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Тиймдээ ч өөрсдөө барилгын охин компанитай байхаас гадна монополь барилгын компанийн хувьцаа эзэмших, хувьцаагаа эзэмшүүлэх зэрэг байдлаар хамтран ажилладаг байна.

Мэдээж тухайн банк өөрөө барилгын охин компанитай бол санхүүгийн асуудлыг төвөггүй шийдчихнэ. Ер нь бол хаа хаанаа ямар нэгэн хүндрэл байхгүй гэсэн үг. Тэдэнд иргэдийн найдаж хадгалуулсан мөнгөөр санхүүжилт хийх боломж нь байгаа учраас тэр. Харин бизнесийн зээл авч барилга барьж буй компаниудад сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Учир нь арилжааны банкуудын бизнесийн зээлийн хүү хэт өндөр. Хэт өндөр зээлийн хүүтэй мөнгөөр барилга барих явцад тухайн барилгын компани алдагдалтай ажилладаг аж. Алдагдлаа нөхөх шалтгаанаар байрныхаа үнийг өндрөөр тогтоож өгдөг байна. Энэ нь банкууд өөрийн эзэмшилд байх орон сууцаа төдий чинээ өндөр үнэтэй худалдаалах, дампуурсан барилгын компаниудыг өөрийн болгох зэрэг олон талын ашигтай байдаг байна.

Эдийн засагчдын хувьд арилжааны банкууд ил, далд байдлаар бүх салбар луу орсон нь эдийн засгийн өсөлтгүй, тэлэлтгүй болгодог сөрөг талтай тухай хэлж байгаа юм. Гэсэн ч тэдэнд хууль эрх зүйн орчин нь байгаа учир ямар ч аргагүй байдаг аж. Үүнээс гадна арилжааны банкууд дээрх хуулийн заалтаар дулдуйдаж оюуны өмчид ч ноцтой халдаг байна. Ухаандаа хүмүүсийн сэдсэн бизнесийн санаа болон иргэдийн хадгалуулсан мөнгөний тусламжтайгаар охин компани байгуулан хөрөнгийн зах зээлд хүч үздэг аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хичээлийн дэвтэр үйлдвэрлэхээр арилжааны банкнаас бизнесийн зээл хүссэн залуус дээрх шударга бус байдалтай нүүр тулгарсан байна. Тодруулбал, нэгэн арилжааны банк дэвтэр үйлдвэрлэхээр бизнесийн зээл хүссэн залуусын төслийг удаан хугацаанд судалсны эцэст зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгчээ. Гэтэл төд удалгүй өнөөх банк охин компаниараа дамжуулан үндэсний хэмжээний дэвтэр үйлдвэрлэгч болсон тохиолдол гарсан байна. Энэ мэт арилжааны банкуудын шударга бус байдлын хохирогч болсон иргэд цөөнгүй байдаг аж. Тиймээс эдийн засгийн шударга бус байдлыг өөгшүүлж буй тус хуулийн заалтыг зогсоох зайлшгүй шаардлагатайг эдийн засагчид онцлон дурдаж байсан юм. Монголчууд бидний хувьд ч өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд охин компанитай байж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо. Иймд банкны хуулиар дамжуулж арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд гарахыг хязгаарлах цаг хэдийнэ болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *