Өнгөрөгч долоодугаар сарын эхээр ам.долларын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар өнөөдөр нэг ам.доллар 2138 төгрөгтэй тэнцэж байна. Найман шарга валют арилжааны төвд нэг ам.долларыг 2132 төгрөгөөр худалдан авч, 2138 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд ам.долларыг 2115 төгрөгөөр худалдан авч, 2131 төгрөгөөр арилжиж байгаа бол зарим арилжааны банкууд долларын худалдааг түр зогссон талаарх мэдээлэл байна.
Улмаар ам.долларын ханш өсөхтэй зэрэгцээд Төвбанкнаас валютын зах зээлд оролцож эхэлсэн ч ханшийг тогтоож дийлэхгүй хэвээр байгаа аж. Ам.доллар болон бусад голлох валютын ханш өссөн нь манай улсын худалдааны зах зээлд хэдийн нөлөөлж эхэлсэн хэмээн эдийн засагчид хэлж байна. Импортын барааны татварыг ам.доллараар тооцон авдгаас үүдэн тухайн барааны үнэ өсөхөд нөлөөлсөн ажээ. Тухайлбал, сүүлийн нэг долоо хоногт гадны улс орноос оруулж ирж буй автомашины үнэ хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээн автомашины ченжүүд болоод албан ёсны борлуулагч компаниуд мэдээлж байна . Мөн зарим өргөн хэрэглээний барааны үнэ 0.3 хувиар өсчээ. Энэ хандалга цаашид ч өсөх магадлалтай хэмээн мэргэлжилтэгүүд анхаарууллаа.