Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй DNN.mn

Өдрийн сонины архиваас………………..

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойтой холбоотойгоор Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувдтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил театрын 90 жилий ой тохиож байна. Таны хувьд театр амьдралын тань салшгүй нэг хэсэг. Анх театрт орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай Улсын драмын эрдмийн театр Монголын орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ахмад байгууллага. Ууган театрт тооцогддог. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Үнэн” жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй театр. Бид ахмадуудынхаа байгуулж байсан театрт 90 дэх жилдээ уран бүтээлээ хийж буй уран бүтээлчид. Анх байгуулагдсаныхаа дараа 1963 он хүртэл драм, дуурь, балет, хүүхдийн театрууд нэг театртай байлаа. Үүнээс хойш театрууд мэргэжлээрээ салж, өөрийн байртай болж тусгаарлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай театр 1981 онд Эрдмийн буюу академик цолоо авсан. Энэ бол манай ажлын онцлогтой дүйцдэг гэж би боддог. Яагаад гэхээр нэг жүжиг тайзан дээр тавихын тулд маш их судалгаа шинжилгээ хийдэг. Ер нь театрт уран бүтээл тавина, жүжигчид дүр бүтээнэ гэдэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр ажилладаг. Одоо манай театрт үндсэндээ дээд мэргэжлийн жүжигчид, боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Найруулагчид, жүжигчид, зураачид дээд боловсролтой, залуу боловсон хүчин ажиллаж байна. Энэ жил 90 жилийн ойгоо угтаад зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн уран бүтээлчдийн хэлтэс гэлтгүй захиргаа, үйлдвэрлэлийн зэрэг бусад хэлтэс албадуудад ажиллаж байгаа хүмүүс, мөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Цаашдаа туслах мэргэжлийн ажилчдаар бүрэн хангах шаардлага театрт байгаа. Гэрлийн инженер, дууны инженер, нүүр будагч, оёдолчин зэрэг бүгд нэгдэж байж театр гэж байгууллага бий болдог. Тиймээс бүх төрлийн туслах мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилгыг театр тавьж ажиллаж байна. Би 1973 онд театрт ажиллаж эхэлсэн.

1970-1973 онд Кино үйлдвэрт ажиллаж байгаад Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийг тавихад театрт Ларисагийн дүрд ирж ажилласан. Тэр жүжгийг тайзнаа тавьсны дараа орон тоогоор шилжиж ирж байлаа. Ийм л түүхтэй. Залуучуудтайгаа хамтраад одоог хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед таныг театрт ирэхэд алтан үеийнхнээс хэн хэн ажиллаж байв. Алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг их сургууль төгссөний дайны мэдлэг, чадвар хуримтлуулдаг гэж ярьдаг шүү дээ?

-Байлгүй яахав. Долгорсүрэн, Лхадолгор, Хандсүрэн, Цэвээнжав, Цэрэндулам гуай гэх мэтчилэн манай алтан үеийн ахмад уран бүтээлчид ажиллаж байсан. Алтан үеийнхэнтэй хамт ажиллах аз завшаан надад тохиолдсон. Тэднээс их юм сурсан. Ер нь манай жүжигчний мэргэжил гэдэг сургууль төгссөнөөр ч жүжигчин болчихгүй. Бүх амьдралынхаа туршид л сурч, судалж мэдэж байж л энэ ажлыг хийдэг болохоор залуучуудтайгаа, ахмадуудтайгаа хамт ажиллаад явж байна.

-Театрт ажилд ороод тухайн үедээ үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй дотно найз нөхөд байв?

-Бидний үеийнхэн гэвэл Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран гээд олон сайхан уран бүтээлчид бий. Манай үеийнхэн 1980-аад онд театрын бас нэг гол хүч, тулгуур багана болж явсан. Яг л одоо үеийн залуучууд шиг бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явсан үе бий. Одоо бол залуучууд маань бидний халааг аваад ажиллаж байна. Үе үеийнхэн энэ театрт хамт ажилладаг уламжлал юм даа.

-Театрын уран бүтээлийн төлөвлөгөө жилээр гардаг байсан гэдэг. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй ажил байв уу?

-Тэр үед улсаас тавих жүжгийг төлөвлөөд, гарах зардлын төсвийг гаргаад өгчихдөг байсан. Тэрнийхээ хариуд “орлого тэдэн төгрөг ол” гээд төлөвлөгөө тавьчихдаг. Би 1973 оноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа манай театр төлөвлөгөөг давуулан биелүүлнэ үү гэхээс тасалж байсан түүх бол мэдэхгүй. Уран бүтээлийг яг цаг тухайд хийдэг. Орлогын төлөвлөгөөг ихэвчлэн давуулж биелүүлдэг. Бүх ард түмний социалист уралдаанд манай театр эхний гурван байраас ухарч байсан удаагүй шүү.

-Төлөвлөгөөт энэ их ажлын хажуугаар дэлгэцийн томоохон бүтээлд ажиллана гэдэг бас л амаргүй ажил санагдаж байна. Хатуу салхилга баттай үед хувийн уран бүтээлийн ажлыг хэрхэн зохицуулдаг байв?

-Бүх юм төлөвлөгөөтэй, бодлоготой. Театрын уран бүтээлийн хажуугаар кино уран бүтээлд тоглох бололцоотой бол чөлөөлж өгдөг. Бололцоогүй бол чөлөө өгдөггүй байсан. Тийм хууль театрт одоо ч бий. Тийм учраас театрынхаа ажлыг амжуулахын хажуугаар бололцоо гарвал кино уран бүтээлд ажилладаг байсан. Хамгийн урт хугацаагаар (хоёр жил) ажлаас чөлөөлөгдөж явсан дэлгэцийн уран бүтээл бол “Мандухай сэцэн хатан” кино байсан.

-Та “Мандухай сэцэн хатан” кинонд 41 настай байхдаа тоглож байсан гэдэг. Бүтэн хоёр жил ажлаас чөлөөлөгдсөн гэхээр асар өргөн хүрээтэй баг ажиллажээ?

-Тийм 40 настай л байсан байх. Нэг жил бэлтгэл, нэг жил яг кино зураг авалтаа хийсэн байдаг.

“Мандухай сэцэн хатан” киног одоо ч Монголын ард түмэн огшиж үздэг. Одоо үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд алдах онох зүйл бишгүй л байсан болов уу?

-“Мандухай сэцэн хатан” киноны талаар элэгдтэл хуучиртал зөндөө л ярьсан. Кино гэдэг чинь тамгалагдаад л гарчихдаг. Араас нь засах аргагүй байдаг. Театрын онцлог нь засаж болно, нэмж болно, шинээр юм олж болно. Киног тэгэх арга байхгүй. Ямар болсон түүгээр нь хүлээж авахаас өөр боломжгүй. Одоо “Мандухай сэцэн хатан” киног үзээд нэг их тэгдэг байж, ингэдэг байж гэдэггүй. Сэтгэлд хүрэхгүй байгаа хэсэг байлгүй л яахав. Нэгэнтээ чиний чадал тэр, хийсэн чинь тэр. Тэрийг байгаагаар нь хүлээж авах аргагүй ш дээ, тийм ээ. Тэрнээс би тэр хэсэгт ингээд хийх байсан юм, тэгээд болоогүй юм гээд зарлаад гүйгээд байх зүйлгүй.

-Та залуу уран бүтээлчдэдээ хандаж юу зөвлөж, хэлдэг вэ?

-Тийм юм хийх гэсэн юм хэлээд, зөвлөөд өгөөч гэвэл мэдээж чадах чинээгээрээ туслахыг бодно. Би нэг их ийм шавьтай гэж ярих дургүй. Жүжигчний мэргэжил сурч болдог, сургаж болдоггүй. Хүн өөрөө хэнээс ч хараад сураад өөрийгөө баяжуулаад боловсруулаад л байвал жүжигчин болно. Ямар ч алт шиг багш байгаад тэрнээс өөрөө л юм авч чадахгүй бол тухайн багш чиний сэтгэл зүрх, оюун ухааныг орлоод ажиллахгүй учраас өөр арга чарга байдаггүй. Зүгээр өөрийнхөө мэдэх, чадах зүйлийг хэлдэг, тусалдаг. Тэрийг багш гэж үнэлэх нь тухайн хүний л асуудал. Тэр хүн л миний шавь гэж бодоод багшаа гэж үнэлж байвал тэгээд л боллоо. Надаас дөрөв, таван жил юм сураагүй бол би хичнээн багш гэж бархираад яахав дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *