ХОЁР А–ГИЙН ХОРШЛЫН ЭСРЭГ Х.БАТТУЛГЫН МАН ДАХЬ ДҮҮ НАР
МАН-ын фракцуудын дунд албан тушаалын тулаан өрнөж байна. Фракцууд аль хэдийнэ талцаад эхэлжээ. Хэдийгээр Ардчилсан нам шиг ил цагаан алалцаад байхгүй ч Тусгаар тогтнолын ордноо бол нураах шахам улстөрждөг. Энэ нь цаашлаад төрийн үйл хэрэгт нөлөөлөөд байдаг муу талтай. Ардын намд бичигдээгүй нэгэн хууль үйлчилж ирсэн. Үеийн үед ах нараасаа салахын тулд дэвшүүлэн зайлуулдаг. Ингээд дараа үеийнхэн нь жагсаалаараа гарч ирдэг. Энэ удаа ч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохын төлөө үхэн хатан дэмжсэн бөгөөд ялалтанд хүргэж, зайлуулаад яс нь амарцгаав. Зүгээр ч нэг зайлуулаагүй. У.Хүрэлсүхийн үеийнхэн болох Ж.Энхбаяр, Я.Содбаатар нартай нь хамт ангижрах биз. Ингээд болоогүй ээ. Одоо жинхэнэ “дайн” эхэлж байна. Дүрмээрээ Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авчих юман дээр л “зодолдоод” эхэлсэн. Намын хэд хэдэн удаагийн сонгуулийн ялалтад гол ажилласан Д.Амарбаясгалан хүч түрэн орж ирлээ. Д.Амарбаясгалан С.Амарсайхантай хоршиж, Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазартай хоршиж хоорондоо тулаан өрнүүлж байна. 1980-аад оны Л.Оюун-Эрдэнэд намын дарга болоход түшиж тулах хүн хэрэгтэй бөгөөд тэр нь хотын намын хороогоо атгаж байгаа Д.Сумъяабазарын дэмжлэгийг авч байна. Мөн төсвийн мөнгийг захиран зарцуулах том эрх мэдэлтэй мөнгөтэй хоршил ч гэж хэлж болох юм. Засгийн газар бол ойлгомжтой, харин хот бол бүтээн байгуулалтын том төсөвтэй болж байгаа. Зөв зарцуулбал бараг л нэг жижиг улс байгуулчихаар төсөв. Мөн дээрх хоршил бол бүрэн эрх нь дуусч байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдсон. Л.Оюун-Эрдэнэ ах херо Баатараараа, Д.Сумъяабазар дүү Д.Дагвадоржоороо холбогддог. “Аса станц” Х.Баттулгын сонгуулийн үед гарч ирсэн. Гэтэл одоо сайд нарыг ээлж дараалан дуудаад ковидын талаар асууж, загнаад өдөр бүр телевизүүдээр гарах болсон. Угтаа бол хотын дарга ахаасаа ч энэ талаар хатуухан асуумаар л байгаа юм. Хотын даргад ч корона тархалт хамаатай шүү дээ. Гэтэл байсхийгээд л Эрүүл мэндийн сайд, УОК руу дайралт явах болсон нь мөн л зорилготой, улс төр аж. Д.Сумъяабазар, С.Амарсайханы “зодоон” бол ил цагаандаа гарсан. Хотын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч С.Амарсайханыг зүгээр өнгөрөөлгүй “чимхсэн” байна лээ. Уг нь алба авсан дарга, сайд нар өөр намынх байсан ч өмнө нь өөрийнх нь албыг хашиж байсан хүн рүү үг чулуудаад байдаггүй. Гэтэл нэг намын нөхөд ингэж хэвлэлээр үг дайж байгаа нь тэдний хооронд “дайн” эхэлснийг харуулна. МАН доторх залуусын хамгийн хурц “тулаан” бол дээрх хоёр хоршил дунд л өрнөж буй.
М.ЭНХБОЛД БА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХОРШИЛ ХИЙГЭЭД БУСАД
Энэ хооронд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээж, намын залуустаа хөөгдөн туугдаж байсан М.Энхболд дахин сэргэж эхлэв. Түүний ахалдаг хотын фракц харин амь орж эхэллээ. У.Хүрэлсүх ч намаас явлаа. Одоо Засгийн тэргүүнийг намын даргад дэмжихгүй байхаар М.Энхболдын болон бусад фракцууд хөдөлж эхэллээ. Энэ нь Х.Баттулгатай холбоо харилцаатай Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлбэл манай намын дотоод асуудалд бууж буй Ерөнхийлөгч оролцоод эхэлнэ гэж үзсэнийх. Мөн М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах гэж одоогийн Ерөнхий сайд хэрхэн ааш аяг гаргаж байсныг мартаагүй нь лавтай.
МАН-д М.Энхболд, АН-д Ц.Элбэгдорж эргэн ирэлт хийж байна. Ер нь үеийн үед хоёр намд хоршиж ажилласан улстөрчид гарч ирдэг. Гэхдээ МАН-ын залуус М.Энхболдод боломж олгох нь юу л бол. АН-ын хувьд нөхцөл байдал хүндхэн байгаа учраас Ц.Элбэгдоржийг шууд түлхчихгүй. Хоёр том намд хоёр Э-гийн хоршил зэрэгцэн явбал бас эвгүй нүүдлүүд бодож олж болох л юм. Хэвлэлээр яваад байгаа шиг Сү.Батболд намын даргын сунгаанд оролцоод байгаа юм биш. Зүтгүүлье гэсэн ч одоогоор кандидат байхгүй. Харин тэдний фракц Засгийн газарт сайдтай байсан хуучин байр сууриа эргэн олоход илүү анхаарч байгаа нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тэдний фракцаас төлөөлөлгүй. Тэрнээс биш Л.Оюун-Эрдэнэтэй өөр ашиг сонирхол мөргөөд байгаа юм байхгүй.
МАН-ын дараагийн даргад сонирхож байгаа нэг хүн бол Г.Занданшатар. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын “зодоон” дундаас энэ хүн гараад ирэх магадлал бий. Харин Ч.Хүрэлбаатарын хувьд өөрийн нөхөд нь өрсөлд гэхээс гадна Увсын фракцынхан л дэмжиж байгаа болохоос Д.Сумъяабазараас өгсүүлээд дэмжихгүй.
У.Хүрэлсүх 25-нд тангараг өргөнө. Хуучин заншлаар бол тангараг өргөхөөс өмнө шинэ намын даргад хуучин намын дарга тамгаа хүлээлгэн өгөх учиртай. Гэтэл цаг тулчихаад байгаа. Энэ сарын 24-нд л намын Бага, Их хурал хуралддаггүй юм бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон хойноо МАН-ын шинэ даргад тамга шилжүүлэх бололцоогүй болох юм. Хэрэв нөхцөл байдал иймдээ тулбал намын даргын асуудал намар хүртэл хойшилж ч магадгүй юм. Өнөөдрийн байдлаар намын хамаг асуудлыг Д.Амарбаясгалан л мэдэж байгаа.
Үүнд МАН-тай нэгдсэн Н.Энхбаярын улс төрийн нүүдэл ямар байх бол гэдэг нь анхаарал татна. Н.Энхбаяр одоогоор ямар нэг хөдөлгөөн хийгээгүй бөгөөд түүний анхаарал анх тохирсон ёсоороо Удирдах зөвлөл, Бага хурлын бүрэлдэхүүний гучин хувьд өөрийн хүнээ оруулах нь нэгдүгээр асуудал.
Яг өнөөдрийн байр суурин дээр МАН-ынхан Д.Амарбаясгалангийн амыг л харж байна. Үйл явдал хэрхэн өрнөх нь алга эргүүлэхийн дайны хурдан учраас цаашид нөхцөл байдал өдрөөр биш, цагаар ч өөрчлөгдөж мэднэ.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр 24-нд болох хурлыг өнөөдөр эцэслэн шийдэх аж. Мөн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар төр тогтвортой байх нь зүйтэй гэдэг дээр ярилцаж намын даргаа Л.Оюун-Эрдэнэдээ үлдээхээр ярилцаж байгаа аж. Хэсэг хугацааны дараа Д.Амарбаясгалан намын дарга болон Засгийн газраа авахаар хувилбар ярьж байгаа ажээ.
Д.ХҮСЛЭН