Ардын нам ард түмнээсээ санал асууна гээд хөөрцөглөөд эхэллээ. Сонгуулийн тогтолцоонд олон түмнийхээ шийдвэрээр өөрчлөлт оруулна гэж байх юм. Уг нь тэднийг улсынхаа бодлогыг зангидаж, хууль журам батал гэж төрд гаргасан биш билүү. Ядаж л Сонгуулийн тухай хуулиа өөрсдөө баталчихаж дөнгөхгүй байсан юм бол Их хурал байгуулсны хэрэг байна уу. Та нар аливаа асуудлыг ард түмэн өөрсдөө шийд гэж байгаа юм бол УИХ байхын ч шаардлагагүй юм шиг.
МАН-ынхан Ард нийтийн санал асуулгын хуулиар явна гээд байгааг харахад “Харганын ноос”-ы үлгэрийг санагдуулах юм. Үлгэрт, Баадай нутагтаа эргэн ирж хуучин авгайтайгаа нийлсний дараа яаж амьдрах тухай төлөвлөн бодоод тун эвтэйхэн арга оллоо гэж олзуурхдаг. Тэрээр “Эхлээд харганын ноос түүж түүгээрээ эсгий хийнэ. Эсгийгээ гүүгээр солино. Гүүнээсээ жороо унага гаргаж,морь болохоор нь гэрээр наймаална” гэдэг дээ. Үнэхээр ард нийтийн дунд санал асуулга явуулж, Сонгуулийн хуулиа өөрчилнө гэвэл яг л энэ үлгэр шиг процесс өрнөнө. Эхлээд төслөө өргөн барина. Тэрийгээ Их хурлын гишүүд хэлэлцэх эсэхээ шийднэ. Хэрэв хэлэлцэхээр болбол ганц хэлэлцүүлгээр баталчихгүй. Хэд хэдэн удаа Байнгын хороогоор орж, “шүүгдэнэ”. Их хурал зөвхөн энэ хуультай зууралдахгүй. Хажуугаар нь цаг үеийн олон асуудлыг шийдэх ёстой. Хаврын чуулганаар гэхэд өргөн баригдсан 30 гаруй асуудлыг хэлэлцэхээр жагсаасан байгаа. Энэ нь хаваржин, зунжин юм болно л доо. За, тэгээд Ардын намынхны дээрх төслийг хэлэлцэж эхлэх гэсээр байтал намартай золгоно биз. Хуулийг нь хэлэлцээд баталлаа гэж бодъё. Ард түмэнд хуулиа таниулах ажлыг зохион байгуулах нь зайлшгүй зүйл. Үүнд багагүй цаг хугацаа зарцуулдаг. Ингээд бодохоор дараагийн сонгууль болохоос өмнө Ардын намынхны санал яавч бүтэхгүй. Тийм болохоор хэзээ ч биелэгдэшгүй “Харганын ноос”-ны үлгэр лугаа адил болох юм биш үү. Тэгээд ч ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулиа баталчихсан байхыг Үндсэн хуулиар заагаад өгсөн. Энэ ондоо багтааж, хаврын чуулган завсарлахаас өмнө сонгуулийн хуулиа баталж, ард түмэндээ таниулахыг цаг хугацаа шавдуулж байгаа. Ажлын хэсгийнхэн ч энэ тал дээр анхаарч нэлээд шуурхайлж буй юм.
Үнэхээр МАН-ынхан ард түмний саналаар аливаа асуудлыг шийдье гэж байгаа юм бол эртний улсууд шиг болчихъё л доо. Тэдний санаа Грек шиг хотоороо тойрч сууж байгаад л асуудлын цаана гаръя гэж байгаагаас өөрцгүй байна.
М.МӨНХЦЭЦЭГ