Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын журамт цэргийн эмчээр унгар үндэстэн Андор Раднати ажиллаж байжээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Ч.Чулуунбаатар Анагаах ухааны дээд сургууль, Намын дээд сургууль төгссөн. Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн яаманд түшмэлээр ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарын түүхийн сэдвээр олон бүтээл бичиж, хэвлүүлсэн судлаач хүн.


Хиагт, Алтанбулагийг гамингаас чөлөөлөх байлдаанд унгар эмч эмнэлгийн тусламж үзүүлж байсан тухай та ярьж байсан. Энэ хүн яаж яваад ардын журамт цэрэгт ирсэн юм бол?

-Монголын ардын журамт цэрэг 1921 онд Хиагт, Алтанбулагийг гамингаас чөлөөлөх байлдаанд орох үедтэр үеийн Хиагтын Орос тосгонд Оросын цэргийн эмч нар байсан. Тэдэн дунд Унгар гаралтай Андор Раднати Адольфович гэж эмч байжээ.Хиагтад тулалдаан болох үед унгар эмч Ардын журамт цэргийн эмчээр ажиллаж, Монголын партизан цэрэгтхүний их эмчийн мэргэжлийн түвшинд тусламж үзүүлсэн байна.

Богд хаант Монгол Улсаас хойш анхны их эмчийн тусламжийг хүн амд, цэргүүдэд үзүүлсэн хүн нь Раднати Адольфович байгаа юм. Энэ хүн 1893 онд Унгар улсын Мышкальц хотод төрсөн. 1914 онд цэргийн албанд дайчлагдаж, Венгер-Орос, Туркийн дайнд оролцож явахдаа оросуудад олзлогдож, Дээд Үдийн орчимд Березовскийн хорих лагерт хоригдож байжээ. 1915 онд суллагдан Оросын цэргийн госпиталь ба Дээд Үдийн Улаан загалмайн нийгэмлэгийн больницод их эмчээр ажиллаж байжээ. Дараа нь хэсэг унгар нөхдийн хамт улаан цэргийн отряд байгуулж, дарга, их эмчээр ажиллаж, Сэлэнгэ тосгоны их эмчээр ажилласан байна. Энд ажиллаж байхдаа Жамсрангийн Цэвээн, Дамбадорж нартай танилцаж тэдний тусламжтайгаар Монголоор дамжин Бээжин орж, эхнэр хүүхдийн хамт Унгар буцахыг завдсан ч Хиагтын гамингийн цэргийн яам зөвшөөрөөгүй учир Хиагтад байх үедээ Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явах гэж байсан Д.Сүхбаатартай танилцсан байна. Энэ үед оросууд Андорыг дахин цэргийн хүн эмнэлгийн албанд дайчилж, Хиагтын эмнэлгийн даргаар ажиллуулсан байдаг. Андор Раднати дахин нутаг буцахыг оролдсон ч чадалгүй Монголд буцаж ирээд 1922 оны нэгдүгээр сарын 20-ноос Ардын цэргийн хүн эмнэлгийн хэлтсийн сургагч, хүн малын өвчнийг эмчлэх хэлтсийн даргаар ажилласан байна. Нийслэл хүрээнд байсан. Эх сурвалжуудад тэмдэглэн үлдээснээс харвал судлаач, соёлтой хүн байсан юм билээ. “Энэхүү Андор Раднати фото зургийн гурван аппараттай” гэсэн тэр үеийн Оросын цэргийн тагнуулын байгууллагын баримт байх жишээтэй. Андор гуай 50 гаруй зураг авсан нь зарим судлаачдад байдаг юм билээ.

Энэ хүн хаана эмчийн мэргэжил эзэмшсэн юм бол?

-Унгартаа эмчийн мэргэжил эзэмшсэн, дэлхийн нэгдүгээр дайнд Европын олон орон оролцсон. Олзны хүмүүс Сибирь рүү цөлөгдөж ирдэг. Хиагт орчмоор байсан. Ганц Унгар ч биш тухайн үед Хаант Оростой байлдаж байсан улсуудын олзлогдсон хүмүүсийг цөллөгөнд авчирсан баримтууд байдаг.

Ардын журамт цэрэгт их эмчийн тусламж үзүүлсэн анхны хүн бол яах аргагүй энэ хүн. Энэ хүний дараа А.И.Ружеский гэж Улаан цэргийн эмч хүнажиллаж байсан. Түүний дараа Шастин эмч уригдаж ирээд Цэргийн госпитальд ажиллаж байгаад Халдвартын эмнэлгийг анх байгуулж байсан. Бие нь тавгүйрхэж буцаад эргэж уригдаж 1923 онд Монголд ирж ажиллаж байсан юм билээ.

Ардын цэргийн анхны эмч ямар тусламж үзүүлж байсан юм бол?

-Хиагтыг чөлөөлөх байлдааны эмнэлгийн хохирол, шархдагсдын тухай актад энэ хүн гарын үсэг зурсан тухай түүх байдаг. 1921 оны гуравдугаар сарын 22-нд Ардын журамт цэрэгт“… халдвартай хижиг өвчнийг арилгах нэгдүгээр монгол ангиудын эмнэлгийн даргаар унгар эмч Раднати ажиллаж байв” гэж“ Ардын журамт цэргийн түүхэн ялалт. Баримтын эмхэтгэл УБ. 1980”-д тэмдэглэгдэн үлджээ. Цэрэг дайны үед гэмтэл, мэс заслын тусламж үзүүлж байсан л даа. Одоогийнх шиг эмнэлгийн тогтолцоо байхгүй. Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байсан гэсэн үг. Шархадсан, гэмтсэн хүмүүст мэс заслын тусламж голдуу үзүүлж байсан. Гэхдээ их эмчийн түвшинд үзүүлж байсан.

Тэр үеийн томчууд ямар эмчид үзүүлж харуулж байсан юм бол?

-Тэр үед Хаант Оросын эмч нар байсан. Консулын дэнжид буриад эмнэлэг гэж ажиллуулж байсан. Түүнчлэн Солонгосын эмч Ли Тэ Жүн гэж хүн бас энд ажиллаж байсан. Ли Тэ Жүн 1914 онд хүрээнд эмнэлгийн тусламж үзүүлж байсан. 1917 он хүртэл Богд хааны их эмчээр ажиллаж байжээ. Тэр хүн Нанжин хотоор дамжаад Хүрээнд ирсэн гэдэг. Тэр үед нь Богд хүсэлт тавиад эмчээр ажиллаж байж. Богдын үйлчилгээний албаныханд бас сайн үйлчилгээ үзүүлж байсан учраас Эрдэнийн Очир одонгоор шагнасан байдаг. Дээд мэргэжлийн тусламжийг өмчийн олон хэлбэрээр үзүүлж байжээ. Хужирбуланд арван хүн хэвтдэг дөрвөн бага эмчтэй Оросын цэргийн жижиг эмнэлэг ажиллаж байсан. Хятад, япон, дани гаралтай хүмүүс эмнэлгийн тусламж үзүүлдэг, эм тан залдаг байж.

Ардын цэргийн эмч ямар үнэ хөлстэйгээр ажиллаж байсан бол. Энэ тухай мэдээлэл байдаг уу?

-Ерөнхий жишиг байдаг. Гэхдээ Андор гуайд тэдэн төгрөг олгосон гэсэн баримт байдаггүй. Шастиныг Монголд урихдаа байртай байна, 200 орчим лан мөнгө өгнө, хүн үзнэ, Цэргийн эмнэлэгт ажиллана гэж урьсан талаар тухайн үед Өргөөд гарч байсан орос сонинд бичсэн байдаг. Андор гуай анхны их эмчийн тусламж үзүүлснээс гадна анх удаа Монголд хийсэн Европ эмнэлгийн задлан шинжилгээнд оролцсон хүн. Анхны задлан шинжилгээг Д.Сүхбаатар жанжныг өөд болсны дараа хийхэд хоёр орос эмч, япон Данзан, хэд хэдэн хүн оролцсон байдаг. Одоогоор бол шүүх эмнэлгийн анхны үйл ажиллагааг 1923 онд хийсэн хүмүүсийн бүрэлдэхүүнд Андор гуай орсон хэрэг.

Янз бүрийн эх сурвалжууд янз бүрийн юм ярьдаг. Гэхдээ архивт задлан шинжилгээ хийсэн, тийм хүмүүс оролцсон гэсэн мэдээлэл л үлдсэн.

Кинон дээр лам хувцастай хүн хор өгчихдөг шүү дээ. Бодит байдал дээр юунаас болж өөд болсон бол?

-Кинонд бол уран сайхны аргаар илэрхийлсэн зүйл байж болно.

Андор эмч Монголд хэр удаан ажиллав, хувь заяа нь цаашдаа яаж эргэсэн бол?

-Андор эмч буцаад Унгар улсдаа очоод Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэх ерөнхий газрын эмнэлгийн албаны даргаар ажилласан. Унгарын цагдаагийн хурандаа цолтой байгаад өөд болсон. Монголд дахиж ирсэн. Гэр бүлийн хүн нь ч ирсэн. Монголын эмнэлгийн түүхтэй холбоотой учраас 1961 онд Монголд урьжирүүлсэн юм билээ. Манай одонгоор шагнагдаж байсан түүх байдаг.

Монголын тухай дурсамж бичсэн үү?

-Монголд ирэхэд нь манай хөдөөгийн эмнэлэг ийм боллоо гээд Архангайд очиж үзүүлсэн юм билээ. Тэр тухайгаа хэдэн хуудас бичиж үлдээсэн байдаг. Нутагтаа очсон хойноо Монголын тухай DVD маягийн жижиг баримтат кино хийгээд Монгол Улсын төв музейд хаяглаж явуулсанюм билээ. Яах аргагүй Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дорвитой хувь нэмэр оруулсан хүн. Хиагтад Унгар хүмүүс байсан. Манай мэс заслын гавьяат эмч Евгени Бадер гэжэмч байсан. Нэгдүгээр эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан юм. Тэр хүн бас Хиагтад байсан Унгар гаралтай хүн.

Унгарууд анагаах ухааны хувьд ямар түвшинд хүрсэн улс юм бэ?

-Унгарууд Европын анагаах ухааны өндөр түвшинд хүрсэн улсад тооцогддог. Унгарын анагаах ухааны сургуулиуд олон зуун жилийн түүхтэй. Ялангуяа дэлхийд алдартай 140-150 жилийн настай “Годен Рехтер” гээд Унгарын эмийн үйлдвэр бий. Дэлхийд хоёр том эмийн үйлдвэр байна л даа. Нэг нь Баир гээд Германы эмийн үйлдвэр, Унгарын “Годен Рехтер” гэж маш их эрэлт хэрэгцээтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эмийн үйлдвэр бий. Мөн вакцин биологийн бэлдмэлийн хувьд Унгар дэлхийд дээгүүрт ордог. Жишээ нь Унгарын тусламжаар манайд Биокомбинат барьсан. Тэр бол вакцин үйлдвэрлэдэг газар. Ер нь Унгар вакцин үйлдвэрлэх талаараа Европт нэлээд дээгүүрт ордог. Малын вакцин үйлдвэрлэлтээр ч дэлхийд дээгүүр байр суурь эзэлж байгаа. Био комбинатын вакцин үйлдвэрлэлтийн том иж бүрдлийг хуучин тогтолцооны үед барьж өгсөн. Энд малаас хүнд дамждаг өвчнийг таслан зогсоох арга хэмжээ авбал хүнд халдвар дамжихгүй гэж боддог.

Та бас халдварт өвчний талаар судалсан хүн. Дээр үед бактерилогийн дайны аюулын тухай яригддаг байсан. Өнөө үед халдварт өвчнийг хил давуулан зориуд оруулж ирэх аюул хэр байдаг юм бэ?

-Ер нь түүхийн баримт бичгээс харахад манай орны хувьд бактерилогийн туршилтад сүүлийнзуугаад жилд нэг л удаа өртсөн байдаг. 1939 оны долдугаар сарын 12-ны шөнө, 13-ны өглөө Квантуны армийн 731 дүгээр отрядын хэсэг хүн Халх голд холер, тарваган тахлын хэд хэдэн нян хаясан байдаг. Тэдгээр нянг Харбин хотын ойролцоо байсан 731 дүгээр отрядын лабораторид хийж байсан. Сүүлд олон улсын шүүхээр батлагдсан. 1947-1948 онд Японд болсон Цэргийн гэмт хэргийн шүүхээр бактерилогийн зэвсгийг Зүүн хойд Хятадад, Монголд туршсан гэдэг нь батлагдсан. 1932 оноос эхлээд Харбины ойролцоо бактерилогийн зэвсэг турших 731-р отряд гээд 3000 гаруй хүнтэй үйлдвэр ажиллаж арваад мянган хүнийг туршилтанд оруулсан байдаг. Хятад, өвөрмонгол, монгол, солонгос хүмүүст туршилт хийсэн. Зүүн хойд Хятадад амьд гэрчүүд байдаг юм билээ. Гэхдээ өвчний нянг манай Халх гол руу хийсэн арваад хүн өөрсдөө буцах замдаа өвчлөөд нас барсан байдаг. Энд Японы цэргийн эмч хоёр хүн бас нас барсан байдаг.

Тэр нян Монголд хэр их хор уршиг тарьсан бэ?

-Монгол талд нь үзүүлсэн хор уршиг бага байсан. Яагаад гэвэл 1939 оны дайны үед Орос, Монголын цэргүүд тийм асуудал үүсэхээс сэргийлээд усаа өөр газраас авч байсан байдаг. Япончууд 1945 оны наймдугаар сард энэ байгууламжаа бүгдийг дэлбэлээд бичиг баримтаа авч явсан хүмүүс нь олзлогджээ. Халдварт өвчин гэхээсээ тухайн үед Халхын голд хаясан боомын нян гурав дөрвөн удаа үржээд өсөөд, газарт байж байгаад Монголын малыг өвчлүүлэх хүнд халдвар тархаахыг үгүйсгэх арга байхгүй. Биотерроризмийн эсрэг хязгаарлалт хийх талаар дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Хэнд ч хэлэхгүйгээр ямар ч хүнээр дамжаад орж ирж болох халдварт өвчнүүд бий. Улс энэ талаар зангидсан бодлоготой байх учиртай.

Богдын эмч гэснээс Богдыг оршуулсан газрын тухай сонин яриа байдаг юм билээ?

-Богд хаант Оросын Санкт-Петербург руу элч илгээж, хүний биеийн анатомийн өнгөт зурагтай мэс заслын багаж захиж байж. Сүүлд Богдын ордонд үйлчилгээний албаны дарга байсан Нанзад гэж хүний хүүхэд Дашзэвэг гэж анагаах төгссөн лам хүн байсан. Тэр Жадамба, Жамба, Ямааранз гэж гурван эм залдаг оточтой. Ордны үйлчилгээний алба маш нарийн дэг журамтай байсан гэдэг. Нас барсан тухайд нь ам дамжсан олон яриа байдаг. Богд өөрөө сүсэгтэн олны сэтгэлийг бодоод намайг Түвдэд хөдөөлүүлсэн гэж хэлэх байх. Гэхдээ та нар намайг Далан давхарт нутаглуулаад дээр нь Саша гээд тэмдэг тавиад орхичихоорой. Тэгэхгүй бол яс үсийг минь өндөлзүүлэн ухаж төнхөөд байж магадгүй гэж хэлсэн гэдэг. Тэр нь ч ортой байж магадгүй.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *