Categories
мэдээ цаг-үе

Ардын дууч Алтанжаргалынх

Ардын дууны гэдгээрээ танигдсан, “Идэр жинчин”, “6 маа”, “Дөмөн” гэсэн гурван цомог бүтээж олны хүртээл болгосон Б.Алтанжаргалынд өнжихөөр өнгөрсөн амралтын өдөр Багануурыг зорилоо. “Багануур” хувьцаат компанид экскаваторын жолоо мушгидаг уурхайчин залуу гэдгийг утсаар ярихдаа л мэдэв. “Дүүргийн төвд таван давхар орон сууцнуудын хавьцаа ирээд залгаарай” гэж байна. Цомхон цэвэрхэн хорооллоос зааж өгсөн байрыг нь төвөггүй олчихлоо. Гэргийтэйгээ инээд хөөр болчихсон үүдэндээ хүлээж байна. Гэрийн эзэн нэлээд шооч, алиа гэдэг нь илт. “Намайг анх харсан хүмүүс чи мөн үү гэдэг юм. Та нар бас тийм харцаар хараад байна уу үгүй юү. Би клипэн дээрээ гардгаасаа өөр байгаа биз” гэж хошигносоор зочны өрөөндөө урилаа. Гэрийн эзэгтэй “Холоос сэтгүүлчид ирнэ гээд өглөөнөөс хойш бэлдлээ” гэж хэлээд даруухан инээмсэглэсээр галын өрөө рүүгээ явав.

Хоол, унд, чихэр жимс, айраг цагаа дүүрэн ширээний ард сууцгааснаар халуун яриа өрнөв. Зочны өрөөний хойморт Морин хуурын чуулгатай дуулж буй Б.Алтанжаргалын зураг харагдана. Ер нь энэ өрөөний ханыг чимсэн зурагнууд бүгд л дуучных юм. Зураг сонирхож суугааг анзаарсан гэрийн эзэгтэй “Манай хүний эмээ жил бүр цагаан сараар л айлчилж ирдэг юм. Өнөө жил орж ирснээ “Өөрийгөө шүтсэн муу золиг” гэж манай хүнийг зэмлэсэн. Уг нь би л ханиа хүндэлж зургийг нь жаазалж ханандаа өлгөсөн юм” гээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэн Булганы наадмын нээлтэнд оролцоод шөнийн дөрвөн цагт гэртээ ирсэн гэнэ. Б.Алтанжаргал эхээс зургуулаа айлын гурав дахь хүүхэд аж. Аав, ээж нь Төв аймгийн уугуул, хоёулаа аймгийнхаа урчуудын эвлэлд ажилладаг байж.

Багаасаа дуу дуулах дуртай, ээж нь хөтлөөд л уралдаан тэмцээнд оролцуулаад явдаг байжээ. Өвөө нь Төв аймгийн Алтанбулаг сумаас төрсөн алдарт уяач юм байна. Уяач өвөө нь Б.Алтанжаргалыг зургаан наснаас нь л хурдны морь унуулах болж. Морин дэл дээр гийнгоо хадааж өссөн нь амьсгаа задлах маш том дасгал байсан болов уу гэж байна. 16 нас хүртлээ хурдны морь унажээ.

2006 онд Соёл урлагийн их сургуулийг уртын дуучин мэргэжлээр төгссөнөө ярив. Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэрийн шавь гэнэ. Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн цайг оочлонгоо “Мэргэжлээрээ ямар нэгэн урлагийн байгууллагад харьяалагдаж ажилладаггүй. Уурхайн ажлынхаа хажуугаар уран бүтээлээ туурвидаг. Уурхайн ажил сайхан ч эрсдэлтэй. Хариуцлага өндөртэй байхгүй бол болохгүй. Өндөр хүчдэлтэй ажилладаг болохоор нэг л болгоомж алдвал үнс болчих эрсдэлтэй. Газар ухаж байгаа нь монголчуудын сэтгэлгээ, хандлага талаас сайн зүйл биш гэгддэг боловч хүмүүст дулаан гэрэл гэгээ түгээж байгаа болохоор буян юм гэж эерүүлэн боддог. Алтан уурхай минь гэж залбираад л ажилладаг даа” хэмээв. Өглөө ээлжнээсээ буугаад л Улаанбаатар руу явдаг аж. Бичлэгэнд орох, клипний зураг авахуулах, хүмүүстэй уулзах зэрэг уран бүтээлийн ажлаа тэгж амжуулдаг гэнэ.

Гэргий Тунгалаг нь мөн л Багануурын уурхайд ажилладаг юм байна. Охин Сэрчмаа нь энэ жил сургуульд орно. Аавынхаа бүх дууг цээжээр мэддэг, жинхэнэ фэн нь. Ааваасаа салахгүй эрхлэх Сэрчмаа охин эхэндээ жаахан бишүүрхэнгүй байснаа сүүлдээ бидэнтэй элдвийг дуржигнуулж, ээжийнхээ хийсэн пиццаг амтархаж, их л хөгжилтэй болчихов.

Хос залуус гэр бүл болсон түүхээ ам уралдуулан ярив. Тунгалаг Багануур дүүргийн унаган хүүхэд юм билээ. Бүсгүй их сургуулиа төгсчихөөд хотод амьдардаг байж. Б.Алтанжаргал харин Багануурт ирээд суурьшчихсан байж л дээ. 2012 оны зун Багануурын наадам үзэж явахдаа танилцжээ. Болзож эхлээд долоо хоноод л хоёр гэрийнхэнтэйгээ танилцаад гэрлэчихэж. Эхнэрээ эмээ дээрээ дагуулж оччихоод гарсных нь дараа “Та нар надад ямар ч үг хэлээд нэмэргүй, би нэгэнт шийдчихсэн, гэрлэнэ” л гэж. “Дүүриймаа” дуугаа клип болгочихсон, бас ч гэж олонд танигдсан байсан ч дуучин гэдгээ хэлээгүй нуучихаж. Эхнэр нь нөхрөө дуучин гэдгийг сүүлд найзаасаа сонсчээ. Дуучин гэдгийг нь сүүлд мэдэхгүй байх үед нь албаар солгой хоолойгоор дуулж өгдөг байснаа яриад бөөн инээд болов. Нөхрийнхөө солгойрч дуулахыг сонссон бүсгүй “Чи дуулах үнэхээр тийм дуртай юм уу, дуулаад хэрэггүй байх аа” гэж зөвлөдөг байж.

Тунгалаг “Манай Багануур тохьтой, цэвэрхэн гоё дүүрэг. Ажлаа хийгээд илүү зарлага гаргахгүй сайхан амьдрах боломжтой. Залууст яг л тохирсон, стресс багатай сайхан газар” гэж хэлээд охиныхоо гарыг угаалгахаар угаалгынхаа өрөө рүү явлаа.

Б.Алтанжаргалын ах, эгч болон яг доод талынх нь дүү уурхайд ажилладаг юм байна. Харин нэг дүү нь бурханч лам Пүрэвбатын шавь, бурхан урлаач залуу бий гэнэ. Отгон дүү охин нь Хөдөө аж ахуйн их сургуульд мэргэжлээрээ ажиллдаг юм байна. Анх ээжийнхээ дэргэд амьдарч, асарч тойглохоор Багануур хотод ирж байж. Багануур компанид ажилладаг ах нь манай дуучин дүү бий гэж удирдлагууддаа санал болгосноор анх ажилд орж байжээ. Ажлын гараагаа харуулаас эхэлсэн гэнэ. Гэрийн эзэн бидэнд айраг аягалангаа “Эхний хоёр, гурван жил бол урлаг соёлын бүхий л тэмцээн наадамд нь урдаа барьдаг дуучин нь байлаа. Одоо ч хуучин бууны хугархай болж дээ” гээд хөгжилтэй инээв.

Эхнэр нь бичиж найруулах авьяастай, фэйсбүүк хуудсыг нь хөтөлдөг юм байна. Б.Алтанжаргал эхнэрийгээ хамгийн том зөвлөгч, шилдэг туслах, мундаг шүүмжлэгч гэж тодорхойлов. Бас хөрсөн дээр нь буулгадаг ганц хүн гэж хошигноод авна лээ. Тунгалаг нөхрийнхөө тоглолтын бэлтгэл, клипний зураг авалт, шинэ цомгийн ажил, билет захиалга гээд уран бүтээлийнх нь бүх ажлыг зохицуулдаг гэнэ. Б.Алтанжаргал эхнэр рүүгээ инээмсэглэн хараад “Манай хүн чинь дууны эрэл хайгуул хийнэ. Бүр түүхийг нь судална. Сүүлийн үед миний дуулалтан дээр хүртэл зөвлөгөө өгдөг болоод байгаа шүү” гэж байна.

Түүний үзэгч фэнүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Ганц “галзуу фэн” байдаг нь франц эмэгтэй аж. Ноднин жил анхны бие даасан тоглолтоо хийхэд нь онлайнаар билетээ захиалж авчихаад хаа холын Францаас нисэж ирж үзчихээд буцаж. Дараа нь Багануур дүүрэгт хийсэн тоглолтыг нь мөн л ирж үзчихээд хамт зургаа даруулж гар барьчихаад нутаг буцсан гэх. Ардын дуу дуулдаг дуучдаас вэб сайт ажиллуулдаг ганц хүн нь Б.Алтанжаргал гэнэ. Франц фэн нь өнөө сайт руу нь ороод л тоглолтынх мэдээллийг авч, дууг нь сонсдог аж.

Б.Алтанжаргал “Дууны судалгаа хийхэд яг хэддүгээр зуунд зохиогдсон дуу вэ гэдгийг олж тогтооход хэцүү, их бүрхэг байдаг. Зуун зуунаасаа шалтгаалаад үг хэллэг нь бас өөр өөр. Хамгийн эртний дуу бол одоогийн судлагдсан байдлаар Чингис хааны үеийн төрийн дуулал болох “Эртний сайхан”. Мөн л 13 дугаар зуунд монголчууд ардын дуугаа зохион дуулдаг байж. 17, 18 дугаар зуунаас дууны үг нь илүү уран тансаг, дэлгэрэнгүй болж ирсэн байдаг юм. Найр нээж, өндөрлүүлдэг “Өвгөн шувуу хоёр”, “Түмэн эх”, “Энх мэндийн баяр” гэх зэрэг дуунууд цаг хугацааны хувьд маш эртний, мөн л 13 дугаар зуунд хамаарагддаг. Монголчууд тусгаар улсаа байгуулан нэг туурганд нэгдсэнээс хойш, найр наадам хийдэг болсон цагаас л ардын дуу үүсч хөгжиж ирсэн болов уу” гэж ярилаа.

Дуулах дуртай дууг нь сонирхоход эр хүний хийморь сэргээж, огшоосон уртын дуунуудаа дуулах дуртай гэж байна. “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг аялах дуртай. Дархад ястны дуунд бас их дуртайгаа ярив. Аялгуу нь өвөрмөц сайхан санагддаг аж.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеэр зохиогдсон Богд хаант улсын төрийн дуулал болох “Зуун лангийн жороо луус”-ыг сэргээж дуулахаар төлөвлөжээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Боловсрол соёлын газраас хэрэгжүүлж буй “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн хоёр дахь групын бүрэлдэхүүнд багтжээ. Уртын дууг яг зохиогдсон газарт нь очиж нутгийн аялгуугаар нь хэрхэн дуулдгийг судлахаар болж. “Бид л очиж яриулж, мэдэж авахгүй бол жинхэнэ оригнал өв тээгч маань яг тэр л хонхортоо үлдчих эрсдэлтэй” гэж байна.

Шинэ уран бүтээл гаргах, шинэ клипний зардлаа цалингаараа л болгодог гэнэ. “Идэр жинчин” цомогтоо хайртай, ид эрчимтэй дуулж явсан үедээ гаргасан болохоор дуунууд нь ч чансаа сайтай хэмээн сонирхуулав.

Сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахгүй, дуугаа дуулахгүй зургаан жил болжээ. Гэрийн эзэн “Энэ хугацаанд урлагийн байгууллагад орж, урлагийн замналаар тасралтгүй явж болох байсан ч тэгээгүй. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Хийх ёстой юмаа хийх ёстой цагтаа л хийж яваа” гэж байна.

Ноднин Багануур хотдоо тоглолт зохион байгуулж хамт ажилладаг уурхайчныхаа хүүгийн эмчилгээнд хандив өргөж. Уурхайчин дуучин гээд уул уурхайнхан урьж дуулуулах дуртай бололтой. Оюутолгой зэрэг уул уурхайн компанийн үйл ажиллагаан дээр очиж дуулахад тайзнаас буулгахгүй тав зургаа дахиулах энүүхэнд гэнэ.

Байсхийгээд л ардын дуу, үндэсний урлаг, алтан уурхайгаа бахархан ярих дуучин залуу “Омголон явсан үе бий надад. Уран бүтээл хүнийг их өөрчилдөг юм билээ. Одоо бол их тайван уужуу болсон. Уртын дуу надад ихийг өгсөн. Бараг бясалгал байх гэж боддог. Ийм сайхан дуу дуулахын шид юу гээч. Хүнд муу санах, атгаг бодол гэх мэт муу бүхэн үргэчихдэг. Ардын дуу их сайхан. Хүн байгальтайгаа ойр байсан үед зохиогдсон болохоор сэтгэлд илүү ойр тусдаг байх шүү. Аялгууг нь сонсохоор л тайвширч, яг тухайн нутаг, орчинд нь оччихсон мэт болдог. “Тосонгийн орой” дууг дуулж, сонсохоор өндөр уулс нүдэнд харагдаж сэтгэлд буух жишээний. Ардын дуунаас их ухаарал авдаг. Уртын дуу бол сонгодог урлаг. Дуурийн дуу сонсдог хүмүүс өөрсдийгөө сонгодог урлаг сонссдог гэж хэлдэг. Гэсэн атлаа язгуурын, элит урлагаа тоохгүй, зүгээр л бэлгэдлийн чанартай ханддагт нь харамсдаг” гэлээ.

Аялгуу нь аргадаж, үг нь зэмлэдэг ардын дууны “ханхүү” Б.Алтанжаргалынд бүтэн өдөр өнжиж амьдрал ахуй хийгээд уран бүтээлийнх нь талаар яриулан суухад цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн юм.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *