Categories
мэдээ цаг-үе

​​Ардын багш Ш.Чоймаа: Аав минь надад эрдэм номыг туйлд нь хүртэл сур гэж эрхэмлэн захисан даа

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, гавьяат багш, МУИС-ийн зөвлөх профессор Шаравын Чоймааг Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан баярт үйл явдал болсон билээ. Түүний монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр ийнхүү үнэлсэн юм. Ингээд Ардын багш Ш.Чоймаатай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш хэмээх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе. Энэ баярт мэдээг хэзээ дуулав. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Аардын багш гэдэг ариун алдрыг хүртээсэн баярт мэдээг шагнал авахаас хоёр хоногийн өмнө надад дуулгасан. Их баярласан шүү.

-Төр түмний их баяр наадам болж өнгөрлөө. Та сайхан наадав уу?

-Монголчууд эрийн гурван наадмаа эрт цагаас эдүгээ хүртэл өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулсан сайхан баяр байдаг. Бөх, морь, харваачдаа харж хийморио сэргээх гэсэн хүсэл монгол хүн бүрт байх юм даа. Очоод үзэж чадахгүй ч наадмын сонин сайхныг чагнаж, баярлаж сууна. Ер нь биднийг залуу байх үед морь, бөхийг их сонирхдог байж. Харин өнөө үед сурын харваа дэлгэрч, өргөн хүрээтэй болж байна. Морины тухайд, энэ жил эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Зарим насанд цөөн морьд уралдсан гэнэ. Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Монгол наадмаа монгол төрхөөр нь байлгах нь зүйн хэрэг. Гэхдээ уралдуулахаас нь өмнө монгол адууныхаа удам угсааг хамгаалах талаар олон зүйлийн ажил үйл хийх хэрэгтэй. Биднийг залууд уяачид маань бэлчээр усаа сонгон идээшлүүлж, уяа сойлгоо тааруулаад уралдуулдаг байсан. Гэтэл одоо тамир тэнхээ оруулах элдэв бэлдмэл, амин дэм зэргийг хэрэглэж байгаа нь бөхчүүд допинг хэрэглэсэнтэй дөхөж очих байх шүү. Эргээд бодоход хурд хүчээ сорьж буй нутаг нутгийн шандаст хүлгүүдэд адилхан амин дэм, бэлдмэл хэрэглэж чадах уу. Үүнээс гадна хурдан моринд хүчтэй эм, бэлдмэл хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодууштай. Бөхийн тухайд олон сайхан залуу бөхчүүд төрөн гарчээ. Харин улсын наадамд бөхийн найраа гэх ёс зүйгүй зүйл газар авчээ. Дээр үед ахмад бөхчүүд өсөх ирээдүйтэй, сайн бөх болох залуу хүнийг дэмжин, урам зориг нэмэх гэж тахимаа өгдөг байжээ. Бүр зодог шуудгаа ч өгөх тохиолдол бий. Дараа нь өнөөх бөхөө хараад үнэхээр сайн барилдаж байвал, зөв хүнээ дэмжсэн байна хэмээн өөртөө бахдаж, баярлаж суудаг байсан. Ямартай ч наадам болдгоороо сайхан боллоо.

-Та Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн. Шаргын говиосоо анх хэзээ, ямархан хүсэл өвөртлөөд гарч байв даа?

-Би Шаргын говийн хүн л дээ. Тэмээ, говь, заг, элс, халуун нар, ялаа батгана. Говь минь сайхаан. Найм, ес, арван сард бол бараг халуун намраараа байдаг. Би Шарга сумандаа дөрвөн жилийн сургуулиа төгсчихөөд, зэргэлдээх Төгрөг суманд очиж долдугаар ангиа дүүргэсэн юм. Дараа нь Говь-Алтай аймгийн төвд арван жилээ төгссөн. Ээж минь намайг дөрөвдүгээр анги төгсөхөд бурхан болсон. Харин аравдугаар ангид байхад аавын минь бие чилээрхэж, би хагас жил аавыгаа асарсан. Хэдий аавыгаа асраад аравдугаар ангидаа бүрэн суугаагүй ч хавар шалгалтаа өгч, сургуулиа алтан медальтай төгссөн. Алтан медальтай төгссөн учраас хамгийн түрүүнд орж, их, дээд сургуулиудын хуваарийг сонгох эрх олдсон л доо. Ингээд л 1971 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч хот хүрээг зорьж ирсэн дээ.

-Таны аавыг их номтой лам байсан гэж сонссон юм байна?

-Аав минь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ. Найман настайдаа Усан зүйлийн хүрээнд шавилан сууж, номын мөр хөөж эхэлсэн гэдэг. Тэндээ Эрдэнэ хамбаар арван жил ном заалгаад, Да хүрээнд ирсэн юм билээ. Харин Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд Чойрын ном үзэж байгаад Богдын хүрээнд гамингууд орж ирэн, цаг үймэхэд нутгаа зорьж л дээ. Гэсэн ч нутагтаа төд удалгүй өвгөн лам Наваантай хамт Гүмбэм, Лавран, Лхасад ном үзсэнээр равжамбын цол хүртээд 1943 онд нутагтаа ирсэн гэдэг юм. Ямартай ч аав минь буддын гүн ухаанд нэвтэрсэн, ном судрыг дээдлэгч нэгэн байсан даа. Тиймдээ ч намайг эрдэм номын мөр хөөлгөхөөр бага балчраас минь анхаарч эхэлсэн нь дамжиггүй. Надад номыг туйлд нь хүртэл сур гэж эрхэмлэн захидаг байсансан.

Ш.Чоймаа аавын хамт

-Тиймдээ ч аав тань таныг бичгийн хүн болох эхлэлийг нь тавьж төвд бичиг зааж эхэлсэн болов уу?

-Аав минь сургуульд орохоос өмнө кирилл үсгийг хэдхэн хоногт өөрөө сурчихаад, тэгээд дараа нь надад заасан. Би уншиж, бичиж, тоо боддог болчихоод л сургуульдаа орсон. Мөн надад Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг заалгасан юмдаг. Монгол бичгээр байгаа элдэв сонин зохиол шимтэн уншдаг байсан даа. Харин төвд бичгийг аав минь анх зааж өгсөн. Их сургуулийн төвд хэлний багш, профессор Дорж гэдэг урьд цагийн гавж хүн “Төвд хэл бичигт суралцах дэвтэр” хэмээх гурван боть сурах бичиг гаргажээ. Эхний дэвтэр нь 1962 онд гарсан юм билээ. Тэр дэвтрийг Улаанбаатар хотоос аавд хүн явуулсан байсан. Түүнийг үзчихээд “Төвд бичгийн тухай ном хүртэл гарчээ. Засаг төрийн бодлого төвд бичгийг үзэж, сурч болно гэж байгаа юм байна” гээд надад төвд бичиг зааж эхэлсэн. Энэ мэт аав минь намайг эрдэм номын мөр хөөлгөхийн тулд сэтгэл, оюунаа зориулж байсан. Мөн надад элдэв сонин түүх, “Үлгэрийн далай”, “Саран хөхөөн үлгэр” зэргийг ярьж өгдөг байлаа. Энэ үеэс л түүх соёл миний дур сонирхлыг татах болсон хэрэг.

-Таныг их сургуульд элсэн ороход тань хэн гэдэг эрдэмтэн, багш нар угтан авч байв даа?

-Би их азтай хүн л дээ. Намайг их сургуулийн босго алхахад эрдэм мэдлэгийн ундарга болсон олон сайхан буурлууд байлаа. Алдарт эрдэмтэн Шадавын Лувсанвандан багш, Монгол бичгийн Д.Чойжилсүрэн, төвд хэлний Х.Гаадан, манж хэлний Я.Шаарийбуу тэргүүтэй олон сайхан багш нар байсан. Харин их сургуулиа төгсөөд, тэндээ багшаар үлдсэн. Өнөөх сайхан буурлуудтайгаа хамт ажиллаж, бүр ч их зүйлийг сурч эхэлсэн дээ. Нөр их мэдлэгтэй, туршлагатай уул шиг түшигтэй буурал багш нар минь надад үнэхээр нөмөр нөөлөг болж байсан. Чамгүй багш болоход минь тэдний л тус дэм их байсан. Өнөөдрийг хүртэл тэр ач тусыг нь санасаар л явна. Би “Д.Чойжилсүрэн багшийн бие, хэл, сэтгэлийн дуурайл” гэсэн өгүүлэл бичсэн. Хүн гэдэг амьтан бие, хэл, сэтгэл гурваас л бүрддэг. Арван хар нүгэл, арван цагаан буяныг ч бие, хэл, сэтгэл гурваараа л үйлддэг шүү дээ. Хүний хэлж, хийж байгаа нь таарна гэдэг хэцүү. Харин Чойжоо багшийн минь бие, хэл сэтгэл гурвын цагаан үйл нь нэгэн цэгт огтлолцдог тийм л хүн байлаа.

-Үйлс хэргийг тань үргэлжлүүлж буй олон сайхан шавь нар байгаа байх?

-Миний анхны шавь нар та бүхний мэдэх сэтгүүлч Ш.Ёолк, 25-р суваг телевизийг үүсгэн байгуулсан А.Авирмэд нар шүү дээ. Багш болчихоод тэдний ангийг дааж авч байсан юм. Яриад байвал олон шавь нар бий. Дөч шахам жил МУИС-д хичээл заалгасан шавь нараас гадна 1980-90-ээд оны заагийн хэдэн жил зурагтын цэнхэр дэлгэцээр монгол бичиг сурсан янз бүрийн насны тун олон эчнээ шавь бий. Гудамжинд, хөдөө гадаа “Сайн байна уу, Чоймаа багш аа” гэх таних, танихгүй маш олон хүн тааралддаг.

-Судалгаа шинжилгээний ажлаа хэдийнээс эхэлж байсан бэ?

-Оюутан болохдоо судалгааны ажлын дөртэй болох гэж хичээж байлаа. “Монгол хэлний зарим үгийн эхний “X” гийгүүлэгчийн тухай” гэсэн илтгэлийг оюутны эрдэм шинжилгээний хуралд тавьж байлаа. Их сургуулийн багш хүн бол судлах, сурах хоёрыг хослуулж явдаг. Ахмад эрдэмтэн судлаачдаас сайшаалын үг сонссон анхны судалгаа маань “Монголын нууц товчооны “бээр” сул үгийн тухай” илтгэл байсан. Энэ үеэс миний судалгаа шинжилгээний ажил эхэлсэн гэж болно.

Одоогоор гадна, дотно хэвлэгдсэн 70 шахам ном зохиол, сурах бичиг, толь зэрэг байна. Судалгааны өгүүлэл нийт 80 гаруйг бичжээ. Зарим нь гадаадын эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүл болон эмхэтгэлд хэвлэгдсэн. Мөн эрдэм шинжилгээний хуралд 70 гаруй илтгэл тавьжээ. Судалгааны хялбаршуулсан өгүүлэл, заах арга зүйн холбогдолтой өгүүллүүд, эрхэлж, эмхэтгэсэн болон хянан тохиолдуулсан ном зохиол гээд чамгүй л зүйлийг хийж бүтээж дээ.

-Та мөн Монголын нууц товчоог чамгүй судалсан шүү дээ?

-Би Монгол хэлний түүхэн хэл зүй гэдэг хичээлийг олон жил заасан. Монгол хэлнийхээ түүхэн хувьсал хөгжлийг судлахын тулд үе үеийн бичгийн дурсгалыг зайлшгүй үзнэ. Монголын нууц товчоо болон дунд үеийн монгол хэлний хосгүй сурвалж бичгүүд. Монголын нууц товчоог олон орны нэрт монголч эрдэмтэд судалсан. Гэвч судлах зүйл их бий. Миний хийсэн зүйл гэвэл нэгдүгээрт, Монголын нууц товчооны тухай судалгааны олон өгүүлэл бичжээ. “Монголын нууц товчоо хийгээд монгол сурвалжийн судалгаа” гэсэн ном 2007 онд Өмнөд Монголд хэвлэгдсэн. 2007 оноос хойш цөөнгүй өгүүлэл бичжээ. Хоёрдугаарт, Монголын нууц товчооны эртний эхийг сэргээн бүтээх ажлыг хийсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жиийн ойгоор, Монголын нууц товчооны хосгүй ганц хувийг есөн эрдэнээр бүтээн Төрийн ордонд залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, уг ажилд оролцсон. Миний бие Монголын нууц товчооны галиг эхүүд болон XIII, XIV зууны монгол бичгийн дурсгалуудыг харьцуулан судалж анхны эхийг сэргээн бичих ажлыг хийсэн. Бичгийн тигийг сонгохдоо 1312 оны Чойжи-Одсэрийн Бодичаръяа аватарагийн орчуулгын модон барын үсгийн хэв, хэлбэрийг авсан. Монголын нууц товчооны анхны эхийг сэргээн бичнэ гэдэг амаргүй ажил. Нэг үгээр хэлбэл судалгааны ажил байсан. Түүнээс гадна “Монголын нууц товчоо эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг” хэмээх ном гаргасан. Энэ номын гол зорилго нь Монголын нууц товчооны жинхэнэ эхэд тун ойр хөрвүүлсэн, үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбартай эхийг уншигчдадаа хүргэх явдал байсан. Монголын нууц товчооны талаар хийсэн миний судалгааны гол бүтээлийн нэг нь “Монголын нууц товчоон” Лувсанданзаны “Алтан товч”-ийн эхийн харьцуулсан судалгаа билээ. 2002 онд хэвлэгдсэн энэ бүтээл минь Монголын нууц товчооны судлалд багагүй хандив нэмэр болсон хэмээн судлаачид үнэлдэг.

-Та монгол бичгээ олон ч хүнд заасан. Түмэнд түгээх үйлсийг хийсээр өдийг хүрчээ. Цэнхэр дэлгэцээр ч зааж байсныг тань дээр дурдсанчлан олон хүн мэднэ байх…

-Би Монгол бичгийг бүх нийтэд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр заасан, дунд сургуулийн сурах бичгийг ч олон жил зохиолцлоо. Толь бичгийн зүйлийг ч мөн цөөнгүй гаргасан. Үндэснийхээ бичиг үсгийг монгол түмэндээ сургаж, түүгээр туурвисан олон зууны судар, шастираа уншиж, ухдаг болоход нь туслах гэж зүтгэсээр явна. Мянга шахам жилийн тэртээд энэ монгол бичгийн зөв бичих дүрмийг ямар гайхалтай мэргэн зохиосон юм бэ гэдэг нь үнэхээр бахадмаар. Зураг шиг л, тухайн үгийн гарал нь агуулагдаж байдаг. Тухайлбал, дарга гэдэг үгийг монгол бичгээр даруга гэдэг. Дарамт, дарлал, дарш, дарангуйлал, дарлал гэх мэт үгийн язгуурыг үзэхээр дару гэсэн язгуур зураг шиг л харагдана. Тэр дару язгуур нь дээрээс, доошоо хүчлэх гэсэн гол утга нь илхэн. Их Монгол Улсын үед эзлэн тохинуулсан улс, орондоо даргач нарыг тавьж, захируулдаг байжээ. Тухайн орныг даран захирч, эзлэж сууна гэсэн үг. Ингээд харахад хийсвэр ч бай, бодитой ч бай ямар ч зүйлийг олон талаас нь бодож нэрлэсэн нь гайхалтай байгаа юм.

-Та нэгэнтээ “Эх хэлнийхээ үг, эх орныхоо чулуу бүрийг хамгаалаарай” хэмээсэн байдаг. Бид эх хэлээ хамгаалахын тулд яах ёстой вэ?

-Хэл гэдэг хамгийн тогтвортой байдаг зүйл. Хэдий мөхөж алга болохгүй ч монгол хэлээ мохоож, эх хэлээ эвдэж, үндэстний бичгээ үгүйсгэж байгаа гажуудал бол байна. Тиймээс олон зуун жилийн, олон зүйл мэдлэг ухааны судар шастирын үг хэллэг, найруулгын хэв намбад эргэн суралцах нь нэн эрхэм. Үг нь монгол боловч махчлан буулгасан орчуулгын үг хэллэг монгол хэл, монгол сэтгэлгээг алгуур хөнөөх аюулын нэг бөгөөд бас л харь хэлний нөлөөтэй холбогдох зүйл. Социализмын үеэс орос зэрэг өрнө дахины хэлнээс махчлан орчуулсан цөөнгүй үг хэллэг өнөө үед бүр хэвших хандлагатай болжээ. Тухайлбал, тусламж үзүүлэх, хүндэтгэл үзүүлэх, хөнгөлөлт үзүүлэх гэх мэт. Эдгээрийг туслах, хүндэтгэх, хөнгөлөх гэж бичих нь зүйтэй. Монгол хүн юм бол, монгол хэл бичгээ зайлбаргүй мэддэг байх ёстой хэмээсэн бичигдээгүй хуулийг хэрэгжүүлж, бас монгол хэлээ мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийг ухааруулж чадваас монгол хэлний дархлаа бий болно. Энэ нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой шууд холбогддог тул төр, засгаас зохих хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж өгч, байнга анхаарах, хянах ёстой.

-Та ханийнхаа тухай яриач. Энэ их бичгийн хүний ар талыг авч явна гэдэг амаргүй даваа байдаг болов уу?

-Ханьтайгаа арван жилдээ л хамт сурч байсан. Тэгээд л сүүлдээ нэг гэр бүл болцгоосон л доо. Одоо дөрвөн сайхан хүүхэдтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *