Ардын багш Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн маргааш Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо эхэлнэ.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нь чөлөөт бөхийнхөн төдийгүй ард олондоо “Дамийл” багш хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын “Ардын багш” цолтон билээ.
Монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд болж тус тэмцээнийг “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохиож байгаа юм.
2001 оны нэгдүгээр сарын нэгнээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн өсвөр үеийн тамирчид хөвгүүдийн 42, 45, 55, 65, охидын 43, 49, 57, 65, 1998 оны нэгдүгээр сарын нэгнээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тамирчид эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 71, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 66 кг гэсэн нийт 16 жинд (хоёр жингийн зөрүүтэй байж болно) өрсөлдөх юм. Тэмцээний эхний өдөр буюу маргааш өсвөр үе, хоёр дахь өдөр нь залуучуудын ангиллын барилдаан болж шилдгүүдээ тодруулна.