Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ардчилсан намын залуу үе алтан хараацайн үүрнээс анх удаа жигүүрээ дэлгэлээ

Ардчилсан намын Онц их хурал энэ сарын 5-нд болж өнгөрлөө. 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1318 төлөөлөгч оролцож, 95 хувийн ирцтэйгээр хуралдаж, намынхаа өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, нэг санаан дээр тогтоцгоох шиг боллоо. Сумдын АН-ын дарга нарын 300 нь тамгаа авчирч намынхаа эв нэгдлийн төлөө хурлын тайзан дээрээс тамгалсныг энэ нам анхан болон дунд шатандаа хагарал, хуваагдалгүй нэгэн цул болж буйгаа илэрхийллээ гэж улс төрийн ажиглагчид дүгнэсэн юм. Нөгөөтэйгүүр Ардчилсан намын хуралд сонгогч, олон нийт анхаарлаа хандуулж байсан нь анзаарагдсан. Монгол Улсад улс төрийн сөрөг хүчин үгүйлэгдэж, байгаа сөрөг хүчин нь сул байгаагаас нэг намын хэт дарангуйлал туйлдаа хүрч, үүний горыг ард түмэн яс махаараа, аж амьдралаараа мэдэрч арга мухардаж байгаа учир яалт ч үгүй улс төрийн тавцанд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэдгийг ухаарсантай холбоотой байх.

Онц их хурлыг Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүн Б.Батсайхан даргалж, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд, Б.Наранбадрах нар ажилласан бол Онц их хурлыг дэмжиж буйгаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирсэн. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн бүгд оролцов. Түүнчлэн энэ намын үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүн асан олон хүн хуралдаа идэвхитэй оролцсоныг ард түмэн шууд дамжуулалтаар харсан байх. Хурлын үеэр энэ нам дотроо байсан ээдрээтэй асуудал дагуулсан сэдвүүдийг цэглэж, нэг мөр болгож авцгаалаа. АН-ын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, нийт намын гишүүдийн саналаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаараа ёсчлон батлаадахав. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг 100 хувийн саналаар сонгоцгоолоо.

Ийнхүү Ардчилсан намын алтан хараацайнуудын үүрнээс АН-ын залуу үе анх удаа жигүүрээ дэлгэж гарч ирэв. Ардчиллын алтан хараацайнууд төдийгөөс өдийг хүртэл АН-ыг алдаатай, оноотой чирч ирж залуу үедээ халаагаа өгсөн нь энэ. Энэ хүртэл Ардчилсан нам тарж бутарч, хагаралдаж сүүлдээ улстөрийн тавцангаас арчигдахын наагуур л юм болсон. Өдрийн сонин өнгөрсөн зургадугаар сард “Араасаа залгасан болгоноо “залгисан” Ардчилсан холбооны өвгөд улс төрөөс зайлах болоогүй юу” гэж хатуухан дуугарсныг уншигчид мартаагүй. Тэр дагуу бараг л дахиад залуу үеэ залгиад идчихээ л шахаж байтал ашгүй Онц их хурал товлогдсон. Үнэндээ Онц их хурал хүртэл энэ нам араасаа залгах залуу үегүй байсан юм шүү. Харин энэ удаагийн их хурлаараа намынхаа удирдлагыг анх удаа залуу үедээ, залуустаа өгчихлөө. Ардчилсан намын залуур залуу үедээ тэр чигээрээ шилжсэнээр бүх хэрүүл, үл ойлголцол арилж дахин эвлэлдэн нэгдэх үүд нээгдлээ гэж харж байна.

Хурлын төлөөлөгчид “Юутай ч бид удирдлагаа залуустаа өгчихлөө. Одоо бид залуусаасаа эн тэргүүнд эв нэгдлийг хүсч байна” гэдгийг микрофон барих тоолондоо захиж байсан. Энэ ч үнэн. АН-ын залууст эв эе хамгийн нэгдүгээрх асуудал. Эв нэгдэлтэй байж гэмээнэ намаа нам шиг авч явна. Үүнийг жирийн дэмжигч хүртэл захиж, сануулсаар байна. Үүнтэй зэрэгцэн АН-ын залуусын нуруун дээр Монголын нөлөө бүхий том намын хувь заяа, энэ намыг дэмждэг гишүүн болон дэмжигч 1.3 сая хүний итгэл найдвар давхар ирж байгаа юм.

МАН-ын залуус намаа шижигнэтэл сайхан аваад явдаг, АН-ын залуус харин чаддаггүй гэдэг үгийг одоо ул болгоцгоо.

Харин Ардчиллын алтан хараацайнууд одоо юу хийж, намдаа тус хүргэх вэ гэвэл залуусынхаа араас савраа татахад л болно. Үүнийг хурлын төлөөлөгчид ч дахин дахин сануулж байсан шүү дээ. Залуустаа боломж олгоё, тэдэнд итгэе, битгий хошуу ам нэмж хорло, хол очоод хар, тэд чадна гэж хатуухан сануулж байсныг хараацайнууд сонссон нь мэдээж л дээ. Битгий залуу үеэ зулгаа, битгий тээг бол. Монголд Ардчилсан намын залуусын үе ирчихлээ. Энэ бол АН-ын залуусын үе. Ардчилсан нам бол энэ намын залуу үеийн нам болчихлоо. Монголд цаашид ардчилал байх үгүйг энэ намын залуус л шийднэ. Ардчилсан намыг Ардчилсан нам шиг авч явахад залуус хэрэгтэй. Хожмоо энэ үеийг АН залуусаараа цусаа сэлбэсэн, хараацайнуудаасаа ангижирсан он жилүүд байлаа гэж түүхэнд тэмдэглээсэй. Ийм боломжийг ах нар нь өг.

Монголд Ардчилсан намаас бусад нь МАН-ын халаасны, хөлсний нам гэдгийг бүгд мэднэ. Бусад нам гээд байгаа хүмүүсийн ярианд үнэмшвэл Ардчилал утгаа алдаж, хүний эрх, эрх чөлөө тоос шороо мэт сарниж, энэхэн хонхортоо шигдэж, хөгжлөөрөө дэлхийгээс хол хоцорно гэдгийг бид сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрч байна. Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд шороотой хутгалдаж, дэлхийн топ улстөрчид Монголоос нүүр бууруулж, ардчиллын баян бүрдээ ширгээх хэмжээний дарангуйлалд нухлуулж байна. Ингэж нухлуулахад, хүний эрхийн тал дээр олсон ололтоосоо ухрахад МАН-ын халаасны намуудын оролцоо ч бий. Тэр нам гэгдээд байгаа хүмүүсийг хуурамч гэдгийг Монголын ард түмэн мэдчихсэн. Сонгууль дөхөхөөр амилж, бусад үед нь эзнийхээ даалгавраар “унтаж”, зоос шидэхээр нь хөдөлгөөнд ордог тоглоомны захиалгат нам гэдгийг зах хязгаар нутгийн эгэл жирийн иргэн хүртэл мэддэг болчихсон. Ийм эрүүл бус улс төрийн орчинд сөрөг хүчин батжиж дахин босч ирэх нь том үзэгдэл юм. Магадгүй энэ үзэгдлийг болоосой гэж сонгогчид битүүхэндээ хүлээж ч байсан. Дахин босч ирэхдээ залуус нь бүх удирдлагаа гартаа атгах нь олон хүнд, цаашлаад улс эх орны ирээдүйд гэрэл гэгээ, итгэл найдвар авчирч байгаа юм.

Алтан хараацайн үүрнээс жигүүрээ дэлгэж чадсан Ардчилсан намын залуус эргэж харж, хойноо хоцорсон хараацайнуудаасаа айж, сүрдээд байх юм огт байхгүй шүү. Наад хүмүүс чинь хийдгээ хийчихсэн, хэлдгээ хэлчихсэн. Хэнийг нь хэн бэ гэдгийг ард түмэн хэдийнээ дүгнээд дүнгээ өгчихсөн. Саяны Онц их хурал хүртэл ардчиллыг сайн, муу хэлүүлсээр чирч ирээд зогсоолдоо зогсчихсон хүмүүс. Тиймээс тэдний үгэнд ороод ч байх шаардлагагүй. Алтан хараацайнуудын үгэнд орж “Тэр дарга тэглээ, энэ дарга ингэлээ” гээд дороо гортиглож эргэлдээд байвал ажил чинь, нам чинь урагшлахгүй. Хаях ёстойг хаяад, гээх ёстойг гээгээд зүгээр л зүтгэ. Өөрсдийнхөөрөө, зоримог, ардчилагч байр сууриараа намынхаа түүхэн энэ үеийг үргэлжлүүл. Энэ бол та нарын үе. Та нар л энэ намаа авч явна.

Шувууны амьдралын хамгийн хэцүү үе нь өндөгнөөсөө хагарч гарч ирээд, өдөлж гүйцээд жигүүрээ дэлгэх байдаг. Энэ хоорондоо маш их бэрхшээл туулдаг. Үүн шиг Ардчилсан намын залуу үе магадгүй хамгийн хэцүү үе, хамгийн том босго, хориг, саадаасаа салж жигүүрээ дэлгээдэхлээ гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *