Ардчилсан намын X их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. “Covid-19” цар тахлын үед Х их хурлыг зохион байгуулж байгаа учраас нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөгчид энэхүү үйл ажиллагаанд цахимаар оролцож буй.
Их хурлаар Ардчилсан намын үндсэн дүрмийг өөрчилнө. Гэхдээ тус намын лидерүүд болох Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар “Нам 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нь намын дүрэм, сунгаанаас болоогүй. Эв нэгдлээ хангаж, дүрмээ тогтвортой мөрдөн, ардчиллын үнэт зарчмаа барин цааш ажиллах нь хамгаас чухал байна” гэдэг байр суурийг илэрхийлж буй.
Тодруулбал, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл “Сунгаанаас болж нам хагарлаа гэж ярьж байна. Гэтэл нам хагарахдаа хүрвэл их хурлаас намын даргыг сонгодог байсан ч хагарна. Мөн сунгааны үед ч хагарна. Их хурлаар намын даргыг сонгох үед хагарвал тогтворгүй байдлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг хүмүүс их хурлаа хуралдуулахыг шаардаад намын даргаа солино гээд явчихдаг. Их хурлаас намын даргыг сонгодог байх үетэй холбоотой гашуун их туршлага бидэнд бий шүү дээ. Сунгаагаар бол намын даргын бүрэн эрх дөрвөн жилээр баталгаатай байдаг юм. Тэгэхээр хагарлыг болиулах тоглоомын дүрмээ сайжруулах ёстой. Их хурал ч хагарлыг болиулж чадахгүй шүү дээ” гэж мэдэгдээд буй.
Харин Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Хуучин бид мөрдөж ирсэн дүрмээ өөрчилсөн нь бүлэг фракцын хуваагдлаас гаргаж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тугтай нам болгоё гэж зорьж, дүрмээ шинэчилсэн.
Энэ нам шинэчлэлийн чиглэлээр маш том алхам хийсэн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм бол маш сайн дүрэм. Бүтэн гурван жил 330 сум, 172 хороо, бүх гишүүдээр хэлэлцүүлэгдэж баталсан. Анх удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн энэ дүрмээр гишүүдийн оролцоог маш сайн хангаж өгсөн. Хуучин бол ҮБХ гэж 228 төлөөлөлтэй, тухайн үеийн намын даргадаа таалагдахын тулд л ажиллаж байсан. Шинээр сонгогдсон 410 ҮБХ-ны гишүүд бол анхан шатандаа орж ажиллахгүй бол улс төр нь явахгүй болдог болсон. Намын гишүүдээс дэмжлэг авах шаардлагатай, гишүүн төвтэй, бүх гишүүдийн сунгаагаар гарч ирдэг дүрмийн өөрчлөлт байсан. Үүнд дургуйцсэн хүмүүс өнөөдөр энэ дүрмийг буцаагаад бүлэг фракцын дүрэмтэй болгох гэж байна. Энэ бол ухралт, 200 гаруй гишүүн маань хэн ч биш болно гэсэн үг. 400 гаруй ҮБХ-ны гишүүдэд таалагдвал бол оо. Ийм л зүйл рүү явж байна. Намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадахгүй бол яаж сонгогчдын дэмжлэгийг авч чадах юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.