Categories
мэдээ нийгэм

Ардчилсан нам У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат ярихдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдсэнээс гадна үйлдвэрийн удирдлагууд гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой байтал өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай. Түүнчлэн эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна.

АН энэ бүхнийг сөхөж ярихаар байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ослыг улстөржүүллээ гэж байгаа юм. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол тарах ёстой гэсэн байр суурьтай байна” гэж тодотгов.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдсан. Монгол Улс бол Ардчилсан улс. Тиймээс ч бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага хүн хулгайлах хэрэгт оролцож, Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь буруу. Одоо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ. Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч дэмжигдсэнгүй. Одоо 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох хэрэгтэй. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана” гэв.

АН-ын дарга С.Эрдэнэ “Манай нам “Монголоо сонсъё” аяны хүрээнд Чингис, Самурай бондын зарцуулалтыг ард түмэндээ тайлагнасан. Одоо эрх баригчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тавьсан гадаад зээлүүдийг хэрхэн зарцуулсныг ард түмэнд тайлагнах хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *