Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан Монгол Улсын энхийг эрхэмлэсэн бодлогыг даян дэлхийд тодотгосон пап Францисын айлчлал DNN.mn

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар анх удаа зочилж буй ноён Францисын энэхүү төрийн айлчлал наймдугаар сарын 31-нээс эхлэв. Айлчлал өнөөдөр өндөрлөнө. Энэ хугацаанд айлчлалын хүрээнд ямар үйл явдлууд өрнөснийг тоймлон хүргэе.

Дэлхий Монголоор амьсгалсан өдрүүд

Ромын пап лам Францисын айлчлалыг сурвалжлахаар 23 орны 150 гаруй сэтгүүлч, зураглаачид манай улсад хүрэлцэн ирлээ. Мөн шашны мяндагтан, албаны төлөөлөгч гээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал болж байна. Тусгай үүргийн онгоцоор манай улсад зорин ирсэн пап Францисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буунгуут үндэсний дээл, малгай гоёлтой бүсгүй алд цэнхэр хадаг дээр цалин цагаан мөнгөн аягатай ааруул барин тосон авав. идээг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, ааруулаас хүртлээ. Цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар, алтан шаргал наран хосолсон уудам Монгол оронд хөл тавьж буйдаа сэтгэл хангалуун байгаа нь түүний инээмсэглэлээс тодорно. Алс холоос айлчлан ирсэн эрхэм хүндэт зочдоо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид угтсан. Ватиканаас Улаанбаатар хүртэлх 9200 гаруй км зайтай. Ийм урт нислэг туулж ирсэн их хамба Францис амрахаар онгоцны буудлаас Католик шашны захиргааны байр руу хөдөллөө. Тэнд папыг очиход хүүхдүүдийн цангинасан дуу хуураар хүлээж авав. Мөн сүсэгтэн олон, жирийн иргэд хүртэл католик шашны тэргүүнд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байлаа.

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Францисын айлчлал түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэнэ гэдгийг талууд онцолж байгаа. Улмаар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна манай улсын гуравдагч хөршийн, энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоож байв. Энэ хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Ер нь манай хоёр улс өнө эртний харилцаатайг түүхэн баримт бичгүүд нотолдог. Олон зуун жилийн тэртээ солилцож байсан захидлууд одоо ч гэсэн Гэгээн Ширээт улсын номын сан, архивт хадгалагдаж буй ажээ. Тэгвэл пап Францис энэхүү айлчлал найман зууны алсаас эхтэй харилцаагаа үргэлжүүлж байгаагийн тод илэрхийлэл билээ.

Энэ өдрүүдэд дэлхий тэр чигтээ Монгол Улсаар амьсгалж байна. папын айлчлалын мэдээ орон бүрт эрчимтэй түгж байна. Нэг хүний удирдлагын тогтолцоотой хоёр том гүрний дунд орших эрх чөлөөт ардчилсан Монгол орон олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлого явуулж байгааг дэлхий даяар харж байна.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлалыг албан ёсны үйл ажиллагаа есдүгээр сарын 2-ны бямба гаригт Сүхбаатарын талбайгаас эхлэв. Төв талбайдаа сүр жавхлант хүндэт харуулын цэргүүдээ жагсааж, айлчлан ирсэн хүндэт зочноо угтаж авлаа. Энэхүү төрт ёсны уламжлалыг ойроос үзэж сонирхохоор иргэд, жуулчид, сүсэгтэн олон Сүхбаатарын талбайд хуран цугларсан байлаа. Хоёр улсын төрийн тэргүүнийг эргэж харан мэндчилэхэд иргэд шаагилдан баярлаж, алга ташилтаар талархсанаа илэрхийлж байв.

Төрийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Үргэлжлүүлээд тэд ганцаарчилсан уулзалт хийв. Харин албан ёсны уулзалтаараа хоёр орны эртний түүхэн найрсаг харилцааг өргөжүүлэхэд төвлөрлөө. Тухайлбал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээс гадна олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотлов. Тэр дундаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсон.

Айлчлал хөтөлбөрийн дагуу Төрийн ордны “Их Монгол” танхимд үргэлжлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэх ёслолын ажиллагаанд төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөллүүд оролцов. Энэхүү айлчлалд зориулж танхимын тайзыг гантиган цагаан өнгөөр, налуу шаттай засчээ. Ирсэн зочиндоо хүндэтгэлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй ханджээ.

У.Хүрэлсүх: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тУлгУУрт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж хэлсэн үгийг тоймлоё. Эхлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй. Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ. Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг. Тэрбээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан “Монголчуудын түүх” хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна. Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна. Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургальч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай” гэв.

Пап Францис: Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их аМар аМгалан” цогцлох болтугай

Пап Францисын хэлсэн үгийг иргэд, олон нийт таатай хүлээж авлаа. Тэрбээр Монгол орон бол хүний эрхийг дээдэлсэн, энх тайван цогцолсон, амар амгалан улс хэмээн хэдэнтээ тэмдэглэв. Ялангуяа яруу найрагчдын шүлгийн мөртөөс эш татаж, хэлсэн үгэндээ шигтгэж байлаа. Тухайлбал, Дорнын их яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай”, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” хэмээх мөртүүдийг онцолсон нь хүн болгоны зүрхэнд тусах шиг болсон. Ингээд Пап Францисын монголчуудад хандсан айлдвараас хүргэж байна. Тэрбээр “Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож, Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна. Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ. Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана. Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайл болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм. Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, Монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ. Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм. Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай. Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай. Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе. Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна. Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужуу бодлогоор хандана гэсэн үг юм. Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм.

Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь Монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм. Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.

Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан “Хамтдаа итгэж найдацгаая” гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм. Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна. “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг.

Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсч байна. Энд цохон тэмдэглэсэнчлэн, Монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай. Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амирлуулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа” гэв.

Уих-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүнд бараалхав

Айлчлалын эхний өдөр манай төр, засгийн тэргүүнүүд Пап ламд бараалхлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Пап Францист бараалхах үеэрээ энэхүү төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байгааг онцлов. Улмаар даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэлээ. Мөн, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэв. Хариуд нь Пап Францис Монгол Улсын төр засаг, түүний ард түмэн хүндэтгэлтэй, халуун дотноор бидний айлчлалыг хүлээн авч байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Агуу түүхтэй ард түмэн язгуур уламжлалаа авч үлдэн залуу үедээ залгамжилж байгаа нь монголчуудын чин зориг, чин сэтгэлийн агуу их уламжлал бөгөөд түүхэн, онцгой явдал юм” гэж хэлсэн. Уулзалтын төгсгөл УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны Монгол Улсад хийж буй айлчлал энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч манай улсын гадаад бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой болж байна гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пап Францист бараалхах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Ватиканы гэнэтийн бэлэг

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн манай улсад нэгэн ховор бэлэгтэй иржээ. Тэрбээр Гүюг хааны захидлыг өргөн барив. Энэ нь 777 жилийн тэртээ Пап IV Иннокентийн Их хаанд илгээсэн захидлын хариу аж. Уг захидлыг дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар хуулбарласан байна. Пап Францис энэхүү хуулбарыг монголчуудад хүндэтгэлтэйгээр бэлэг болгов. Тэрбээр “Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай” гэв. Манай хоёр улсын харилцаан олон зуун жилийн түүхтэйг Ватиканы нууц архивт хадгалагдаж баримт бичгүүд нотолно. Тэдгээр захидлуудаас манай улс сүүлийн 30 жил арвыг нь хуулбарлан аваад байгаа юм.

Пап Францисын айлдварыг сонсохоор 3000 гарУй гадаадын жУУлчин, сүсэгтэн олон Монголд иржээ

Манай улсад төрийн айлчлал хийж буй Ромын Пап Францис бямба гаригт хамба лам, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахил хүртсэн хүмүүстэй уулзлаа. Энэ үеэр Пап монгол гэрт зочилсон юм. Түүнийг Петр, Паул гэгээнтнүүдийн цогчин дуганд залсан Тэнгэрлэг эх Мариагийн баримлыг анх олсон гэх Дархан-Уул аймгийн иргэн өндөр настан Цэцгээ угтан авлаа.

Пап Францис Монгол дахь католик шашны сүсэгтнүүдийн төлөөлөлтэй мэндчилэхдээ монгол ёс уламжлалыг хүндэтгэн цогчин дуганыг нар зөв тойрч морилов. Пап Францисын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гэгээн Ширээт улсын албаны хүмүүсээс гадна Кардинал Жиоржио Маренгогийн урилгаар Азийн Католик хамба лам нарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж бараалхлаа. Католик шашны их хамба Францистай уулзах энэхүү арга хэмжээнд маш олон хүн оролцов. Папыг сүмд орж ирэнгүүт сүсэгтэн олон түүнд гурван минут тасралтгүй хүндэтгэл үзүүлж, алга ташиж, үнэн сэтгэлээсээ залбирч байлаа. Пап Францис уулзалтын үеэр санваартнууд, сахилт хүмүүст хандаж айлдахдаа “Хүмүүст биечлэн анхаарал тавьж бай. Тэдний хэлийг сурч, соёлыг нь хүндэтгэн хайрлахдаа тэдэнтэй үргэлж ойр дотно байх ёстой. Сүнслэг болон ёс суртахуунт амьдралын үлгэр жишээ, зөвт байдлаар дамжуулан Сайн мэдээний ариун айлчлалын дагуу тууштай байх болтугай” гэв.

Пап Францисын айлдварыг сонсох гэж, бас түүнийг ойроос харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтэн олон, жуулчид очсон газарт нь цуглардаг билээ. Тэгвэл Папын айлчлалтай холбоотой 3000 гаруй гадаадын жуулчид, католик шашинтнууд манай улсад зорьж ирсэн байна. Энэ бол албан бус тоо. Пап Францисын манай улсад морилон ирсэн нь Азид хийж буй анхны айлчлал нь. Тиймээс түүний шашины зүтгэлтнүүдтэй хийсэн уулзалтуудад солонгос, хятад, япон хүмүүс түлхүү харагдаж байлаа.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийж буй айлчлалын хоёр дахь өдөр шашин хоорондын уулзалтаар үргэлжлэв. Энэхүү арга хэмжээ өчигдөр “Хүн театр”-т боллоо. Католик шашинтны гэгээн эцэг Пап Францисыг Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хүндэтгэн угтсан юм. Шашин хоорондын уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 12 шашны урсгалын төлөөлөл оролцож үг хэлэв. Уулзалтыг нээж Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц “Өнгөрсөн жарны улс төрийн нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан. Өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн X Богд Гэгээн Жавзандамба хутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна” гэдгийг онцолж байлаа. Харин Пап Францис шашны төлөөлөлд хандан үг хэлэхдээ “Хүн төрөлхтөн нэг л дэлхийтэй. Шашин шүтлэгийн нийтлэг нэг л эрэл хайгуултай” гэж эхлүүлэв. Театр дүүрэн хүн нам гүм гэгч нь Пап ламын үгийг анхааралтай сонсч байлаа. Тэрбээр буддын шашны эртний судар болох “Номын бадаг”-аас эш татаж шашин хоорондын эв зохицлыг онцолж байсан.

Уг уулзалтын дараа “Степп Арена”-д гэгээн мөргөлийн үйл ажиллагаа боллоо. Пап Францис Монгол дахь айлчлалынхаа хүрээнд монгол сүсэгтнүүд болон Азийн бусад орноос ирсэн хамба лам, эргэл мөргөлчдийн хамт талархал магтаалын ариун мөргөлийг тэмдэглэв. Сонирхуулахад, эдгээр шашны арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд оролцоогүй. Зөвхөн Соёлын сайд болон төр, шашны зөвлөхүүд оролцлоо.

Пап Францис өнөөдөр орой Ром хот руугаа буцна. Үдээс өмнө буяны ажилчидтай уулзаж, Авралын гэрийн нээлтэд оролцож, үг хэлэхээр айлчлалын хөтөлбөрт тусгагджээ. Харин 11:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэх юм байна.

Пап бол дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн. Мөн даян дэлхийд 1.3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм. Пап Францисын хувьд Гэгээн Ширээт улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа нэгэн. 2013-2023 онд 62 улсад айлчилсан байна. Үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад анх удаа айлчилжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *