(Польшид ардчилсан төр сэргэсний 25 жилийн ойн хэлэлцүүлэгт хэлсэн үг)
1989 онд Польшид коммунист орнуудаас хамгийн анхны ардчилсан сонгууль болж ард түмний хүсэл эрмэлзлэл, нийгмийн чөлөөт зөвшил, сайн дурын үндсэн дээр ардчилсан төр байгуулагдсан юм. Энэ явдал Берлиний хана нурахаас өмнө болсон. Өнөөдөр энэ түүхэн үйл явдлын 25 жилийн ой тохиож байна. Бидний монголчууд ийм ойгоо хойтон 2015 онд тэмдэглэнэ. Юу гэвэл Польшоос жилийн дараа 1990 оны зун Монголд анхны чөлөөт сонгууль болж, үүний үр дүнгээр 1990 оны есдүгээр сард анхны байнгын ажиллагаатай парламент буй болон өөрийн ардчилсан Засгийн газраа байгуулсан билээ. Үүнээс хойш 25 жилийн турш монголчууд өөрийн төрийг гадны хэнээс ч асуулгүйгээр, өөрснөө ямар ч албадлагагүйгээр чөлөөтэй сонгон байгуулсаар ирлээ. Энэ хооронд долоон парламент, 12 Засгийн газар, дөрвөн Ерөнхийлөгчийг шинээр буй болгосон байна. Сонгуулийн дараа буй болсон төрийн инстүүцүүд болон төлөөлж буй хүмүүс нь олон хүнд таалагддаггүй, гэвч энэ бол хаана ч байдаг үзэгдэл, алдсан ч бай оносон ч байасуудлыг тухай бүрдээ олонхийн саналаар ардчилсан журмаар шийдэж байсан юм.
1. Ардчилал бол процесс, ардчилал бол удаан үргэлжлэх түүхэн үйл явц, ардчилал бол нийгмийн тодорхой төлөв байдал, ард иргэдийн амьдрах арга хэлбэр. Энэ энгийн ойлголтыг коммунизмын дараахь иргэдэд ойлгуулах нь асар хэцүү юм гэдгийг манай өнгөрсөн туршлагахарууллаа. Хүний нийгэм Марксын хэлсэнчлэн таван үе шаттай байдаг, бид капитализмыг алгассан, төдөн онд социализмд орно гэх мэтийн ойлголт авсан нийгэм ардчиллыг аль нэг онд хаа нэгэнтэй аз жаргалын хаалгаар орох зам мэтээр төсөөлөх төдийгүй үүнээ залуу үедээ халдаах аж. Иргэдийн ихэнх нь амьдарч буй нийгмийнхээ зорилго чиглэлийн тухай буруу төсөөлөлтэй байх нь тун хортой байдаг юм байна.
2. Монгол нь хоёр мянга гаруй жилийн төрийн түүхтэй гэгдэх авч сүүлийн 300 гаруй жилд нь гаднаас хүлээн тулгасан төртэй явж ирсэн. Энэ хооронд өөрийн гэх төрийн инстүүц үгүй болсон төдийгүй, гаднаас тулгасан инстүүцийн бүхий л шийдвэрийг дарамт тулгалт гэж хүлээн авдаг тул харин ч төрийн элдэв хууль журмыг дотоод сэтгэлдээ хүлээн авахгүй, зарим тохиолдолд эсэргүүцэх хандлагатай болдог аж. Төрийн инстүүцийг үл тоомсорлох, эсэргүүцэх энэхүү хандлага нь өөрсдийн байгуулсан ардчилсан төрийн тогтолцоонд ч инерциэрээ үргэлжилдэг аж.
3. Социалист, коммунист системд гурван үеэрээ амьдарсан иргэдийн хувьд төрийн болон хувь хүний хариуцлага чөлөөт ардчилсан нийгмийн хариуцлагаас тэс өөрөөр ойлгогдон бэхжсэн байдаг. Хувь хүн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх шаардлагагүй, бүхнийг төр хариуцна гэсэн коммунист зарчим нь хүн бүр үгээ чөлөөтэй илэрхийлэх шинэ зарчимд оронгуут иргэдийг өөрийнхөө төлөө төр бүхнийг хариуцахыг шаардах, төрөөс дааж давшгүй халамж нэхэх зуршил руу түлхэх болов.
4. Дарангуйллын төр үзэл сурталд юугаа ч харамладаггүй, тийш нь хамаг мөнгөө цацдаг. Чөлөөт нийгэмд ороод ирэхээр энэ их баялаг маш амархнаар ердийн популизм руу чиглэдэг юм байна. Эрх баригчид дахин сонгогдох, сандал суудал дээрээ үлдэхийн тулд ард түмэндээ буянтан болж харагдахын төлөө нийгмийн баялгийг хамаагүй цацдаг аж. Монголд сүүлийн 10 жилд дөрвөн тэрбум орчим долларыг иргэдэд бэлнээр тараасан аж.
5. Аж ахуйн үрэлгэн байдал бол социалист нийгмийн нэгэн үндсэн шинж юм. Энэ инерц шилжилт хийж буй оронд маш амь бөхтэй үлддэг бололтой. Төр голлох аж ахуйн нэгжүүдийг өөртөө авч үлдэх сонирхолтой, тэр нь мэдээж мэнэжмэнт маркетингийн хувьд асар их алдагдалтай боловч үүнээ огт тоодоггүй, сайжруулах сонирхол байдаггүй. Ийм газар авлига цэцэглэх гол боломж олгодог учир удаа дараагийн Засгийн газар энэ болгоныг улам өөгшүүлдэг. Төрийн мэдлийн аж ахуйн газрууд үүнийг нь ашиглаж улс нийгэмд огтоос ашиггүй, асар их алдагдалтай төсөл санаачилсан нь үргүй зардлыг асар ихээр нэмэгдүүлнэ. Сүүлийн 10 жилд Монгол Улсын төсвийн хамгийн багаар бодоход зургаан тэрбум долларыг үр ашиггүй, алдагдалтай төсөлд зарцуулсан байна. Үүнд хүн амынхаа тооноосоо олон суудалтай тосгодын соёлын төв, тосгон болгоны хил дээр босгосон ялалтын хаалга юун түрүүн багтана.
6. Хүний гурван үе коммунист маягийн дарангуйлалд бүхий л насаа өнгөрөөсний эцэст иргэд бие даасан шийдвэр гаргах чадваргүй учраас өмнөөс нь төр шийдэж хамгаалж алдаа эндэгдлээс ангид авч явах ёстой гэсэн сэтгэлгээ нийгмийн дээр дооргүй тогтсон байдаг юм. Иймээс төрийн шийдвэр гаргахаар сонгогдсон хууль тогтоогчид өөрсдийгөө юун түрүүн асран хамгаалагчид, өрөвдөн хайрлагч, бөөцийлөгч, муугаас зайлуулагч, удирдан залагч, сурган хүмүүжүүлэгч, халамжит эцэг, хайраар бялхсан эх гэж төсөөлнө. Хэдийгээр тэд нийгмийг дарангуйлаад байя гэж боддоггүй ч хар аяндаа зөн совингоороо өөрсдөдөө тийм үүрэг авчихаар гаргаж буй хууль тогтоомж нь юм болгоныг боосон, хаасан, хориглосон шинжтэй. Тамхи татах цэг гаргаж өгөхгүйгээр тамхийг тас хориглосон, үдшийн цагаар гуанз рестораныг ажиллахыг зөвшөөрдөггүй, казиног гэмт хэрэг гэж үздэг гэх мэтийн наад захын хорио цээр нь үүнтэй холбоотой гэмт хэргийг улам далдлан ужигруулж байх жишээтэй.
7. Хамгийн ядуу нийгэмд ч авилга оршсоор байдаг. Социалист нийгэм нь төрийн гэсэн өмчийн ганцхан хэлбэртэй, өөрөөр хэлбэл алив өмч хэний ч биш. Хүн хувийнхаа хэрэгцээ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд төрийн шийдвэр гаргагч төлөөлөгчид аль нэг хэлбэрээр авлигадах хэрэг гардаг. Үүнийг “арын хаалга” гэж нэрлэх ба голдуу шил архины хэмжээний авлигаар шийддэг байв. Хувийн болон бүлгийн өмч зөвшөөрөгдөөд ирэхээр тэр хэрээрээ авлига нь аль ч төрийн түшмэлийн аргагүй сэтгэл татахуйц хэмжээ дамжаатай болон хэнийг ч юугаар ч худалдаж авч болно гэсэн зарчим ноёлдог аж. Авлигын нийгмийн баялагт учруулах хохирлыг тооцдоггүй юм гэхэд нийгмийн ёс суртахууныг баллаж, нийгмийн шударга ёсыг уландаа гишгэнэ. Ардчилсан нийгэм авлига хоёр хоорондоо яавч зохицохгүй, аль нэг нь дийлж нөгөөгөө эгнэгт устгана.
Энд би шилжилтийн нийгэмд учирдаг гол бэрхшээлүүдийн заримыг Монголын жишээн дээр тоочлоо. Өнөөдөр Монгол нь чөлөөт ардчилсан нийгэм мөн. Энэ үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлэх эгнээнд багтана. Хүмүүс алхам алхмаар чөлөөт ардчилсан нийгэмд дасан, түүний идэвхтэй гишүүн болсоор байна. Нээлттэй нийгэм болсноор монголчууд асар их зүйл хожсон. Хүмүүс нийгмийн энэ хэлбэрээс татгалзахгүй болсон. Нэг үгэндээ Монголд ардчилал нь эргэлт буцалтгүй түүхэн процесс боллоо. Санал асуулгаар иргэдийн 90 гаруй хувь нь 1990 онд болсон нийгмийн өөрчлөлтийг зөв зүйтэй үйл явц гэж үзэж байна.
Гэвч ардчилал бол түүхэн удаан процесс. Манайд олон хүн өөрсдийгөө өрнөдийн ардчилалтай харьцуулан голж, жинхэнэ ардчилал биш байна хэмээн томъёолдог. Гэтэл ардчилсан нийгэм гэдэг маань түүнийг цогцлоож буй ард иргэдийн оролцоо ухамсраас юун түрүүн шалтгаална. Өнөөдөр шилжилтийн үеийн иргэд өөрснөө мөнөөх “жинхэнэ” гэгдээд байгаа ардчилсан тогтолцоондоо “гологдоод” байгаа юм. Чөлөөт сонгуулиар сайн дураараа сонгон гаргаж ирсэн төрийн төлөөлөгчдөө маргаашаас нь эхлээд л харааж муулан үүнээ нийгмийн тогтолцоотойгоо холбон тайлбарлах явдал их. Хэрэв сонголтоо буруу хийж алдаж омгойтсон бол үүнээ засах бүрэн бололцоо, цаг хугацаа байсан. Хорь гучин удаагийн тохиолдолд иргэд өөрсдийнх нь үзэж байгаагаар “хамгийн адгийн” нэгнээ давтан сонгосон бол бурууг өөрсдөдөө өгөх ёстой. Толинд өөрийгөө хараад огиулаад байх нь тийм ч зөв үйлдэл биш гэлтэй.
Ардчилсан нийгэмд төрж өсч хүмүүжиж боловсорсон шинэ үеийнхэн нийгмийн мэнэжмэнтийг гардах хүртэл мөнөөх “жинхэнэ” ардчилал хэрэгжилтээ хүлээхээс өөр аргагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Чухам үүнд л цаг хугацаа хэрэгтэй, чухам энд л ардчилал бол түүхэн үйл явц мөн гэсэн томъёоллын логик нуугдаж байх шиг. Энэ урт хугацаанд хүмүүс, нийгэм, улс төрийн намууд, төрийн инстүүц, ард түмэн алхам алхмаар нийгмийн шинэ төлөв байдалдаа таарахуйцаар төлөвших ёстой бололтой.
2014.10.25