Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилал унтран алдаад сэргэж эхлэх нь үү DNN.mn

1990-ээд онд Монголд тайван замаар ардчилсан хувьсал гарч Ази төдийгүй барууныхны анхаарлыг татаж чадсан. Ардчилал дараагийн 10-аад жилдээ бадарсан шиг бадарч 2000 он гартал Монгол Улс ардчилсан орон шиг байлаа. Сонгоё гэсэн хүмүүсээ сонгуулиараа гаргаад ирдэг, хүн бүр гадаад паспорттой болж гадагшаа дотогшоо явж, хүн болгон шахуу хувиараа юм хийнэ гээд ХЭАА, хоршоо байгуулж, компанитай болж, нэг хэсэг төрд ажиллах хүн олдохоо байж билээ. Бизнес нь амжилттай яваа хүмүүс гадаад, барууны түншүүдтэй болж, хөрөнгө оруулалтыг хүчтэй татаж монголчууд ардчиллын үрийг амсаж арваад жил болсоон. Гэтэл нэг мэдсэн чинь сүүлийн 20 жилд нь ямар ч ардчилалгүй болчихож.

Яагаад ардчилалгүй болчихов гэдгийн нэгдүгээрх том шалтгаан бол гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон, хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасанд байгаа юм. “…тийм, …ийм юмаа хамгаалах холбоо” гэсэн худал эх оронч шошготой өчнөөн ТББ байгуулж, барууны хөрөнгө оруулагчдын эсрэг зогсоодог байлаа. Эсвэл БНХАУ-ын эсрэг ямар ч хамаагүй юм зохиож дайсагналцуулдаг байв. Гэвч тэдгээр жагсагч, ТББ-ууд яагаад ч юм ОХУ-ын эсрэг ганц нь ч жагсаагүй юм даг. Сүүлийн 20 жилд ардчиллын бүхий л элемент, эд, ширхэг бүрийг хааж, боох хууль дүрэм журмуудыг тоо томшгүй ихээр гаргасан. Жагсаж цуглахдаа хүртэл зөвшөөрөл авахаас эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг эрс эсэргүүцсэн элдэв хууль баталж, өөрсдийн тэжээвэр ТББ-уудаа гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг турхирах зэргээр ардчилсан нийгэмд байж боломгүй ичгэвтэр хяналт, ёс бус шаардлагыг тогтоож эхэлсэн. Ардчиллын эсрэг энэ мэт бусармаг ажиллагааг МАН-ыг хэлэлтгүй АН бүр ч ихээр явуулж байсан шүү. 10-17 хувь болж өсч байсан эдийн засаг гэнэт зогсчихсон. 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд ард түмний амь амьжиргаа дээшилж, монголчууд зовхи нь ямар их өөдөө, амьдрах итгэл дүүрэн байлаа. Тэгтэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль баталсан С.Баяр Ерөнхий сайдын суудлаа хаяад АНУ руу зугтаж байлаа, Дубайн гэрээг хөдөлгөсөн Ч.Сайханбилэг одоо ч Монголдоо ирж чадахгүй байна. Цахилгаан станцуудын ажил бүгд зогсчихсон. Төмөр замын ажлаа ч өргөн, нарийн цариг ярьж гацаасан. Том бүтээн байгуулалтын энэ мэт ажлуудыг АН нь ч тэр, МАН нь ч тэр зогсоосон гэдэг нь үнэн. Ийнхүү гацаж, зогссон Монгол Улс улам л зожигорч, олон улсын тавцангаас хойш сууж, ухраад байсан. Баруунаас нүүр буруулж, наймаа хийдэг ганц Хятадаасаа хөндийрөөд байлаа. Гэтэл нөгөө талд Монгол дахь Оросын нөлөө улам бүр томорсоор, нэмэгдсээр иржээ. Станцуудын зогсолт, төмөр замын гацалт энэ бүгд бол зүгээр нэг тохиолдол биш шүү. Бүгд ардаа бодлоготой явж ирж. Ардчилал ингэж л Монголд байхгүй болжээ. Сүүлийн үеийн баривчилгаануудыг хар. Эрдэнэт үйлдвэрийг Оросоос салгаж ирсэн хүнийг шоронд хийлээ, Таван толгойг хөдөлгөх гэсэн хүнээ шоронд хийх зэргээр Монголын эдийн засаг, тусгаар тогтнолын төлөө явсан болгоныг айлгаж, харлуулж, гутааж, доромжлоод байна. Энэ бүхний эцэст яав, ардчилал зогсож, Оросын нөлөөнд орчихсон байна шүү дээ. Цаагуураа ийм нарийн холбоо, сэжмээр явж ирсэн харийн бодлогыг харахаар олон жилийн турш аядуу хийж ирсэн болохоор нь бид мэдээгүйд л хамаг учир байна.

С.Зоригийн хэрэг хүртэл илрээд л алга болчихдог. Ямар учиртай юм гэхээр өнөө л Орос ахын заавар. Монгол Улсыг сүүлийн 20 жил хойноос удирдаж иржээ гэдгийг Украины дайнаас улбаалж саяхан мэдсэн. Украин руу Орос түрэмгийлэн дайрсан. Украин өөдөөс нь тэмцэж одоо бараг ялж эхэлж, Оросын нэр нөлөө дэлхий дахинаа суларч хүчирхэг гүрэн гэх домог нь замхарч байна. Оросын нэр хүнд, хүч ийнхүү суларч эхлэхээр Монголыг атгасан гар нь хүссэн хүсээгүй суларч байгаа нь бидэнд “Юу болоод өнгөрөв” гэдгийг бодитоор харж, анзаарах сөхөө өглөө. Нээрэн юу болчихов? гэдэг асуулт эрүүл тархитай хүн бүрд төрж байна. Орос дэлхийд ямар ааш гаргадаг юм байна, бидэнд ямар ааш гаргаж ирсэн байна вэ, АН, МАН гэсэн хоёр нам төрийн эрхэнд гарангуутаа л ардчиллын эсрэг хийгээд байсан юмнууд нь явж явж Оросын нөлөөнд хэт автсанаас болсон юм биш биз дээ гэж харагдаж байна. Оросууд Украин руу довтолно гэдгээ бараг 10, 20 жилийн өмнөөс бэлтгэж, дайны найдвартай ард тал, бамбай болгох гэж Монголыг эрхшээлдээ байлгаж байжээ. Том гүрэн нэг жижиг улсад асар хүчтэй нөлөөлдөг ч юм байна гэдгийг бид мэдэрлээ. Манай эрх баригчид бүхий л үйл явдалд дольгонож хойшоо гүйж очиж тал засаад байгаагаас нь үүнийг илүү мэдэрч байна.

Оросын нөлөөнд орсон байжээ гэдгээ мэдсэн, Оросын чанга атгааснаас суларч гарч ирж байгаагаа анзаарсан үйл явдал бол Хэлмэгдэгсдийн өдөр байлаа. Анх хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэж байснаас ч илүү сошиалд бужигнацгаалаа. Хэлмэгдэгсдийн өдөр өнөө жил айхавтар ширүүн, нийгэм сэрж байгаа маягтай болж өнгөрсөн нь харанхуйд ассан гэрэл шүү. Хэлмэгдэгсдийн өдрөөр монголчууд “Оросын нөлөөнөөс ангижирна гэж хувьсгал хийж олж авсан ардчилал маань байхгүй болчихсон байна” гэдгийг анзаарч ярилцлаа. Цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, зам тээвэр, төмөр замын сүлжээ гээд Монгол Улсын тусгаар улс болох баталгааг илтгэх юм бүхэн, хөгжлийн тулгуур болсон дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалт болгонд Оросын оролцоо байжээ гэдгийг монголчууд хожуу ч гэсэн ойлгож авч ярилцаж, үзэл бодлоо солилцоцгоосноос нь үзвэл ардчилал маань унтран алдаад сэргэх нь үү дээ гэсэн найдвар өгөв. Хэлмэгдэгсдийн өдөр Ерөнхийлөгч Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ жил У.Хүрэлсүх Ерөнхийлөгч цэцэг өргөсөнгүй. Дургүйдээ цэцэг өргөөгүй ч биш байх. Урьд өдрүүдэд нь төмөр замын нээлт болж, тэнд өргөн дэлгэр найр цайллага болсон гэж дуулдсан. Тийм болохоор эрүүл мэндийн байдлаасаа болоод цэцэг өргөх ёслолд оролцоогүй байх гэж таамаглаж байна. Түүнээс биш хэлмэгдэгсдийн өдрийг арай ч тоохгүй байна гэж байхгүй л дээ.

АН яагаад сонгуульд удаа дараа ялагдав, энэ нам яагаад сонгуульд ялахгүй байна вэ, АН яагаад хоёр хуваагдав, ардчилал яагаад байхгүй болчихов гэж ард түмэн бүгд орилолдож байна. Энэ бүх эвдрэл, үл ойлголцол, талцлын цаана Оросын нөлөө байсан юм биш үү, цаанаасаа тусгай мэргэжлийн улс орж ирж энэ бүх холион бантанг хийж байсан юм биш биз дээ. Сүүлийн олон удаагийн сонгуульд оросууд нөлөөлсөн юм биш үү гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Оросын нөлөө манайд маш их, бүр тамтаггүй их гэдгийг Орос, Украины дайн эхлэхэд харагдсан. Угтаа Орос нь Оростойгоо дайтаж байхад монголчууд бид нэг нэгнээсээ Оросыг өмөөрч талцах ямар ч шаардлагагүй байхад л хавтгайгаараа орос ах нар минь хэмээн гайхмаар өмөөрч хэрэлдэцгээсэн, хэвлэл мэдээлэл, төр засаг, сошиал сүлжээ тэр чигтээ шүү. Жижиг орон руу том гүрэн хүч түрэмгийлэн дайрна гэдэг буруу үйлдэл гэдгийг хэн ч мэднэ. Гэтэл үүнийг нь мэдэхгүйдээ Оросыг өмөөрч байгаа юм биш л дээ. Цаанаасаа тушаал, заавартайгаар л хөдөлгөж байгаа юм. Хэрвээ Орос Украиныг ялсан бол Монгол руу довтлох нь цаг хугацааны л асуудал байсан. Ямар ч эрүүл хүн үүнийг бодож эргэцүүлнэ.

Ардчилсан хувьсгал 2000 он хүртэл 10 жил бадарчихаад сүүлийн 20 жилд гадны нөлөөгөөр баларч, уугьж уугьчихаад одоо сэргэж эхлэх гэж байгаа юм биш үү гэсэн горьдлого Хэлмэгдэгсдийн өдрөөр буюу геноцид эхэлсэн түүхэн хар бараан өдрийн ойгоор нийгэмд төрлөө. Хэдий бид Оросын нөлөөгөөр ардчиллаа бусниулсан ч оюун санааны түвшиндээ, нийгмийн сэхээлэг хэсэг нь бодит үнэнийг харж дүгнэхтэйгээ л байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *