Монголд ардчилал хумигдаж байгаа нь сүүлийн үед эрс мэдэгдэж байна. Наад захын жишээ нь, он солигдох мөчид Төрийн гурван өндөрлөгийн хэлсэн мэндчилгээний үгнээс илт харагдлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэндчилгээн дотроос ардчилал гэсэн үг ганцхан УИХ-ын даргын үгэнд л дурдагдах нь тэр. Тэрээр “Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм” хэмээн хэлсэн юм. Монгол бол ардчилсан орон. Тиймээс дарга нар ардчиллыг байнга хэлж ярьж байх хэрэгтэй. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нь ч мэндчилгээндээ ардчилсан гэх үгийг ганц ч ган хийсэнгүй. Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриаллаа. Эдийн засгийн либерал бол ардчилалтай хүйн холбоотой. Нэг юмны хоёр тал гэсэн үг. Ардчилалгүй эдийн засгийн либерал гэж бараг байдаггүй. Эдийн засгийн либерал хөгжих шууд үндэслэл нь ардчилал өөрөө байдаг. Эдийн засгийг дэлхийд амжилттай хөгжүүлж байгаа Хятад улс ардчиллыг ярьдаггүй. Одоохондоо эдийн засаг нь амжилттай хөгжиж байгаа ч ирээдүйн зам нь мухардах шинжтэй л болж байна. Яагаад гэхээр, ардчиллыг хөгжүүлээгүйгээс, бэхжүүлээгүйгээс болж тэр.
Олон улсын сүүлийн үеийн хандлага чигийг анзаараад байхаар олон зүйл дээр ардчилал байх хэрэгтэйг дэлхийн улс орнууд шаардаж байна. Ардчилсан байх хэрэгтэйг шаардаж эхэлж байна гэсэн үг. Хятад улс яахав, том гүрэн учраас одоохондоо ардчилал хэрэгтэй эсэх нь мэдэгдэхгүй яваа байх. Алс хэтдээ бол дан ганц эдийн засгаар явах шинжгүй болж байна. Манайх шиг жижиг орны хувьд ардчиллаа хөгжүүлэхээс өөр гарцгүй.
Судлаачид хэлэхдээ, Монголын ардчилал хэлбэр талаасаа мөн боловч агуулга, чанар талаас нь харвал хэлбэржээгүй төдийгүй институци хоорондын харилцаа тодорхойгүй. Гажуудсан ардчилал гэдэг нь юугаар илэрч байна гэвэл эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байгаагаас эхэлж харагдана. Гүйцэтгэх засаглал нь жижиг парламент болчихсон, хэдхэн сарын настай, олигархиудаас оролцсон сайд нартай, тендер, концесс авчихдаг. Парламент нь хаана ч байхгүй супер эрх мэдэлтэй. Үүнийгээ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд заачихсан манайхаас өөр улс байхгүй. Шүүх засаглалын хараат бус байдал алдагдсан гэхчлэн олон зүйл манай ардчиллыг хойш татаж байна. Намын үүрэг нөлөөний гажуудал аль хэдийнэ үүсчихсэн. Нам далд бизнесийг төртэй холбож байдаг шинэ үзэгдэл бий болсон хэмээн ярьдаг. Ер нь ардчилал, эрх чөлөөний зам нь тэгш эрх хүрэх зам болохоос хэн нэгэн илүү эрхтэй, хэн нэгэн нь дутуу эрхтэй байх зам биш. Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж, хамгаалж байхгүй бол алдаа, гажуудал их гардаг гэдэг.
Ер нь ардчиллын ололт амжилтыг дурдвал их. 1990 оноос өмнө Монгол Улс коммунист хуарангийн дэглэмд захирагдаж явсныг яаж ч баллуурдаад үгүйсгэж чадахгүй. Улс төрийн сонголт гэж байхгүйтэй адил өмсөж зүүх, идэж уух ч сонголт хомс байсан үе. Харин ардчилал бол өөр. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хувь хүний салшгүй эрх болохын хувьд либерал утгаараа ач холбогдолтой байгаад зогсохгүй нийгмийн амьдралын асуудлаар үгээ хэлэх, иргэн хүний хувьд нийгмийн амьдралд оролцох улс төрийн эрх чөлөөг хангаж байдаг ардчилсан утгаараа ч ач холбогдолтой байдаг. Хүн төрөлхтний гуравны хоёр нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөө бидний гарт байна. Ямар ч гэсэн ардчилал гэдэг ойлголт бол энх тайван, аз жаргалтай, хангалуун амьдрах нийгмийн суурь. Ардчилал чөлөөт зах зээлтэйгээ л хамт явах ёстой. Коммунистуудад бодит байдлыг гуйвуулсныг хүлээн зөвшөөрөх, нийтэд худал амлах, ярих хэрэгцээ маш их байдаг. Тиймээс ардчилал нь илүү үнэн шударга зам болдог.
Өнөөдөр Монголд ардчиллын эцсийн найдвар бол Ерөнхийлөгч байх ёстой. Өөрөө үүнийгээ огт анзаарахгүй байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ардчиллыг хайрлаж, хамгаалж, хөгжүүлж байх ёстой. Хичнээн хол хөндий сонсогдож байгаа ч бүх ард түмний санал авч сонгогдсон Ерөнхийлөгч хүн Монгол Улсыг тусгаар байлгахын тулд бие даасан байдлыг нь хадгалахын тулд ардчилалд санаа тавихаас өөр зам байхгүй. Монгол Улсын тусгаар байхын баталгаа бол ардчилсан сонгууль. Ардчилал байхгүй бол энэ сонгууль устана. Тоглоомын сонгууль л болж хувирна. Тусгаар тогтнолын баталгаа бол ард түмний үг хэлэх эрх чөлөө. Энэ бүхэн уствал Монгол Улс тусгаар байх нөхцөлгүй болно.
Иймээс л Ерөнхийлөгч ардчиллыг хямгадаж санаа зовж байх ёстой юм аа. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд ардчиллыг сурталчилж, байнга хэлж ярьж байх ёстой юм.