Засгийн газраас явуулсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүнг өчигдөр танилцууллаа. Санал асуулгын нэг дэх хувилбар нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн. Тэгвэл хоёр дахь зам нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэж байсан юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22 цагийн хооронд иргэдээс мессежээр авсан дээрх санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 17.45 хувь нь хүчингүйд тооцогдсон байна. Хүчинтэй саналуудын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн эхний хариултыг илгээсэн байна.Санал асуулгын дүнг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар өчигдөр 10.30 цагт ийн танилцуулсан юм.
Монгол Улсын хөгжлийн зам хаашаа чиглэхийг гадаад ертөнцөд чих тавин хүлээж байсан. Тэгвэл ард түмний дугуйлсан санал “Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээлээ. Таван толгой, Оюу толгойн мега төслүүдийг цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн монголчуудын санал дэлхийн хөрөнгө оруулагч, бизнес ертөнцөд асар эерэг мэдээлэл болж очих нь гарцаагүй юм. Араас нь дараа дараагийн төслүүд явах бололцоотой гэдгийг эдийн засагчид цөм үзэж байгаа. Энэ тухай Монгол Улсын сайд М.Энхсайхан “Цахилгаан станцын төсөл, нүүрс шингэрүүлэх төсөл, өөр бусад том том төсөл. Үндсэндээ Монгол нүүрсээр баян, бид цахилгаан экспортолж болох тэр ирээдүй, өөр өчнөөн олон төсөл хойно хойноосоо ургаж босч ирэх бололцоо бий. Энэ бол эдийн засгийг тэлж байгаа асар том, чухал арга. Том мега төслүүдээ явуулах нь эдийн засгаа өргөжүүлээд тэлэх ёстой. Бүсээ чангалъя гэдэг бол байж болохгүй юм биш, байж болно. Бүсээ чангалахад тэсэх улсууд бий. Гэхдээ Монголд бүсээ чангалахад болохгүй улсууд асар их бий. Бүсийг нь чангалж болохгүй тийм өрх гэрүүд зөндөө бий. Тэрний төлөө би мега төслийг явуулах хэрэгтэй гэж бодож байна” гэж ярилцлагадаа онцолсон байсан билээ.
Ийнхүү Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, Ерөнхий сайдын санаачилсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгад иргэд идэвхтэй оролцсонд ард түмэндээ талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Энэ тогтоолыг макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барих ажээ. Улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе ирснийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.
М.МӨНХ