АНУ-Английн хамтарсан “Hogan Lovells” олон улсын хуулийн фирм 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хонконгийн арбитрийн шүүх дээр Монгол Улсын Зам, тээврийн яаманд ялагджээ. Олон улсын нэр хүнд бүхий “Global Arbitration Review” сэтгүүлийн эх сурвалжаас харахад “Hogan Lovells” фирм нь 2015 оны байдлаар арбитрийн чиглэлд үнэлэмжээрээ дэлхийд дөрөвт орж байгаа, тив дамжсан 40 оффис, 700 гаруй хуульчтай фирм юм байна.
Зам, тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2011 онд тус фирмээс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх асуудлаар хуулийн зөвлөгөө авч ажилласан байна. Монголын талыг уг ажлын төлбөрөө бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр “Hogan Lovells” фирм Хонконгийн арбитрийн шүүхэд ханджээ. Монголын тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохоо арбитрийн шүүхэд хөдөлшгүй нотлох баримтаар баталсан байна. Арбитрийн шүүхээс “Hogan Lovells” фирмийн бүх нэхэмжлэлийг хүчингүй болгож, шүүхийн зардлыг мөн тус фирмээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.