Categories
мэдээ цаг-үе

​Араажавын аргилхан хоолойт, агуу тайлбарлагч Агвааны Ганбаатар

Жил жилийн наадам дөхөхөөр араажаваар аядуу хүнгэнэсэн хоолойгоор дэлхийд хосгүй монгол бөхөө чихэнд хоногштол тайлбарлах Агвааны Ганбаатар хэмээх агуу их тэнгэрийн дуучийг үгүйлэх. Гагц би ч биш бөхөд хайртай монгол түмэн үгүйлэн санана. Түүнийг тэнгэрийн их дууч хэмээсэн нь цаанаа их учиртай биз. Ямартаа ч тэрбээр бөх тайлбарлахдаа яг л дуу аялах мэт айзам хэмнэлээр хүмүүний чихнээ наалдац сонсголонтойгоор хүүрнэн, агаарын долгионоор араажав амилж нүдэнд харагдтал бөхийг сайхан тайлбарладаг сан гэх ард олондоо алдаршсан авьяаслаг нэгэн байж. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин, бөх тайлбарлагч А.Ганбаатар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт 1964 онд төрсөн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Пунцагийн Сүхбат нарын алдартнуудтай нэгэн үед дэвж дэлсэн луу жилтэн юм. Долоон хүүхэдтэй айлын ууган хүү тэрээр нэгдэл нийгмийн ямаа хариулж, хаврын урт шар өдрийг бэлчээрт өнгөрөөн, угалз босоход айж, сургуульд ороод дотуур байранд идээшиж өгөхгүй хэсэгтээ зутарч, өвөө эмээгээ санан оргохдоо тулж, зургадугаар ангид орох жилээ сумынхаа наадамд зодоглон Доржсэмбэ заанд нусаа сугартал гуядуулаад унасан ч зориг зүрх алдаагүй “эрийн хуйх” байсныг яруу найрагч, цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрах бичсэн удаатай. Түүнийг Даланзадгадын арван жилд сурч байхад, секц дугуйланд авдаг багш нэгээхэн бээр байсангүй. Сахилгагүйн “шалтаг” түүний хүчтэй “өрсөлдөгч” байснаас тэр. Харин нэг өдөр Жаргал багш нь “Хотоос Рагчаа гэж дасгалжуулагч ирсэн. Спорт хороон дээр бөхийн секц хичээллүүлэх юм гэсэн. Чи ирж уулз” гэнгүүт мань эр ч чавхны чулуу шиг “нисээд” хүрч. Гоё ах байна гэнэ. Өтгөн хар хөмсөгтэй, бас сахалтай. Улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер цолтой. Багш ч шалгаж, Ганбаа ч шалгуулаад тэнцэн “сэтгэлийнх нь нар” гарч бөхийн секцэнд орж явчихсан гэнэм. Түүнийг арван гуравхан настай байхад 1977 онд ээж нь өөд болж, зургаан дүүгийнхээ хамт өнчирч үлдсэн байна.

Тэр үед өнчин тэднийг гэх хүн нагац эгч Цэрэнчимэд, хүргэн ах Чимэддорж нар нь л байсан аж. Бөхийн дугуйланд явахын тулд оройн хоолны гурилыг маш хурдан элдчихээд л гарч өгдөг байсан Ганбаа хүү 1980 онд наймдугаар ангиа төгсөөд Налайхын ТМС-д сурахаар “ГA3-53” машин хөлөглөн нутгаасаа гарч байсан гэнэм. 1983 онд Налайхын Геологи, уул уурхайн ТМС-ийг дүүргэн Налайхын уурхайгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрээр 1986 оноос “Барилгачин”, “Хөдөлмөр” нийгэмлэг, Налайх дүүргийн спортын хороонд дасгалжуулагч, арга зүйч, 1994 оноос бөхийн “Говь” клубийг санаачлан байгуулж, захирал, дасгалжуулагч, Монголын сонгомол бөхийн холбооны нарийн бичгийн дарга, “ХОТШ” бөхийн дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Монголын радио, телевизэд хөтлөгч, тайлбарлагч, 2000 оноос “МИАТ” компанид дасгалжуулагч, 2004 оноос УИХ-ын гишүүний орон тооны бус туслах, “Кёкүтэнхо” сангийн гүйцэтгэх захирал, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн спорт, соёлын төвийн даргын албыг хашсан байдаг. Багадаа хонь хурганы бэлчээрт араажав сонсон Бадамсэрээжид гуайг дуурайн цулбуур, цооргоноор дуун сацруулагч хийж явсан хөвүүн 1983 оноос бөх тайлбарлагчаар ажиллан, 1993 онд соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн бөх тайлбарлагч ууган гавьяат юм. Ганбаатар тайлбарлагч МҮБХ-ны цэцийн гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан байдаг. Түүнийг ард түмэн барилдуулах тун дургүй байсан гэдэг. Энэ тухай түүний багш, даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монголын спортын монгол Гагарин Жигжидийн Мөнхбат “Налайхаас Сүхбат, Ганбаатар гэдэг хоёр хүү ирсэн нь хоёулаа монгол бөхийн түүхийг бичилцэх хүүхдүүд байлаа. Ганбаатар их саваагүй л дээ. Барилдаж байгаа бөхчүүдийн мэхийг нь ярина. Өөрийг нь элэглэнэ. 1986 онд “Алдар” нийгэмлэг дээр Жадамбаа генерал ирэхэд анх жагссан бөхчүүдийнхээ өмнөөс рапорт өгсөн нь бөхийн алдартай тайлбарлагч болох замыг тэгшилсэн. Олон түмэн Ганбаатарыг барилдахад их дургүй. “Аварга аа, цаадахиа битгий барилд гэж хэлээд өгөөч” гэдэг байлаа. Бөх тайлбарлуулах гэж тэр л дээ. Бөхийн барилдаануудыг он, сар, өдөртэй нь, мэхтэй нь зогсоо зайгүй ярьдаг монгол бөхийн их билэг ухаантан байлаа” гэж халуун дотноор дурсан ярьсан удаатай. Ганбаатарыг үе тэнгийнхэн нь “анализ” Ганбаа гэдэг байсан түүний энгүй цэцнээр цээжээр ярих их авьяасыг нь үнэлсэн хэрэг байлаа.

Ганбаатар агсантай Төв цэнгэлдэхийн асарт олон жил хамтдаа сууж, наадам шууд дамжуулах үүрэг хүлээсэн Монголын радиогийн нэвтрүүлэгч Г.Отгон “Наадам эхэлсний дараа Ганбаа маань барилдааны нэгийн давааг нээж, хүнгэнэтэл сайхан үг хэлчихээд барилдахаар талбайд гардаг байлаа. Тэгээд хэзээ унана, тэрний дараа шууд нэвтрүүлгийн өрөөнд ирдэг байв. Ер нь бол хурдан унаад, бушуухан бөхөө тайлбарлаасай гэж ард түмэн хүсдэг байсан байх. Хамт байгаа бид хүртэл тэгж боддог байлаа. Бөх хүнийг унаасай гэж бодох хүн хаа байхав. Гэхдээ л Ганбаагийн дуу хоолойг, түүний тайлбарыг сонсох гэж ард түмэн тэгж боддог байсан нь үнэн. Начин маань тийм сэтгэлийн хүлээс үүстэл амьд тайлбарладаг байлаа” гэсэн нь даанч дэндүү үнэний хувьтай. УИХ-ын эрхэм гишүүн, аварга Д.Сумъяабазар “А.Ганбаатар ахтай ерээд оноос танил болсон. Өмнө нь улсын шигшээд тамирчин байх үеэс мэддэг байсан. Манайхыг IV хороололд байхад тэднийх манай хажуугийн байранд байдаг байлаа. Манайхаар ирж, аавтай бөх ярина. Айраг их ууна. Бөхийн түүх, бөхийн хөгжлийн талаар ярих дуртай хүн байсан. Тэр үед Ганбаа ах аймгийн заан цолтой байсан. 1990 онд улсын начин болсон санагдаж байна. 1995 оны нэгдүгээр сард манай чөлөөтийнхөн Ираны “Тахтын цом”-д оролцсон үеэс түүнтэй илүү сайн танилцсан. Тэмцээний үеэр дэвжээн дээр гарч ирнэ, буланд сууна. Турк, Ираны том том бөхчүүдтэй хэзээний л найз нөхөд болчихсон явдаг, их нийтэч хүн байсан. Хүнийг өөртөө амархан татаж чаддаг, түшигтэй, сайхан хүн байсныг нь би онцолж хэлмээр санагдаж байна. Хамт байхад хэзээ ч уйдахгүй, их наргианч хүн. Түүнийг би бөхийн тайлбарлагч гэдэг мэргэжлийг төгс утгаар нь харуулж чадсан гэж боддог. Тэр сайхан хүний орон зай үнэхээр үгүйлэгдэж байна. Барилдаж байхад Ганбаа ах хүнгэнэтэл яриад эхлэхээр сэтгэл сэргээд, нэг л өөр болчихдог байсан. Ядарч байхад хүч нэмдэг гэх үү дээ. Нэг л бяр ороод, хийморь сэргэх шиг болдог. Бөх, үзэгч хоёрыг бөхийн тайлбарлагч л холбож байдаг. Сайн барилдаантай, сайхан тайлбартай бөх үзэх ч сайхан шүү. Үзэгчийн үүднээс бодоход. Одоо ч гэсэн барилдах бүрт надад тэр сайхан хүний дуу хоолой чихэнд сонстох шиг л болдог” гэж өгүүлсэн.

Араажаваар бөх тайлбарлахдаа ард түмэндээ амьдын жаргалын дээдийг эдлүүлж асан Ганбаатар агсан “Би 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ойгоор тав давж улсын начин цол хүртсэн. Тэгэхэд тэр үед манай нийгэм, эдийн засгийн байдал ямар байлаа, хэний халаасанд хэдэн төгрөг байлаа. Би даваа өгсөн Дамдин аваргад хадаг, шил архи 100 төгрөгтэй аваачиж өгөхөд Дамдин аварга миний 100 төгрөгийг “Гэрээр чинь хүн амьтан их ирнэ. Хэрэглэ” гэж буцааж өгөөд архийг нь хоёрхон таслаад гэдийгээд хөнтөрчихөж байсан, хадгийг минь бурхныхаа өмнө тавьсан. Өөрт тохиолдсон энэ үнэнээ би хаана ч, хэнээс ч нуухгүй. Дамдин аварга “Начин хүн улсынхаа наадамд сайхан гурав дөрөв давдаг байх ёстой юм шүү” гэж хэлсэн. Тэрнээс хойш улсынхаа наадамд найман удаа гурав, хоёр удаа дөрөв давснаараа Дамдин аваргынхаа захиасыг биелүүлж явж дээ гэж боддог” гэж монгол бөхийн даваа ахиулдаг жудгийн тухай хүүрнэсэн нь бий.

Тэрээр мөн “Бусдаас ялгарах онцлог нь би зургаан настайгаасаа Монголын радиогоор Бадамсэрээжид арслангийн дуу хоолойг сонсож, хонины бэлчээр дээр амандаа ташуур барьчихаад дууриаж, өөрийнхөө нууц авьяасыг нээж байсан. Баянмөнх аварга, Дагвасүрэн арслан, Дамдиншарав багш нар намайг бөх тайлбарлагч болгосон. Анх 1982 онд тайлбарлаж байхдаа зургаан төгрөг авдаг, Дамдин аваргатайгаа хамт “Улаанбаатар” ресторанд ороод хоёр хуйцаа аваад идчихдэг байсан. Дандига, Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох, Хадаа зэрэг энэ их хүмүүс бол миний шүтээн. Би чинь Дандига аваргынхаа өвөрт нь унтаж явсан хүн байхгүй юу. 1980 оны есдүгээр сарын 16-ны 16 цагийн орчимд Налайхаас хотод орж ирчихээд УБДС-ийн буудал дээр “Долоон буудал” орох санаатай автобус хүлээгээд зогсож байтал хүрэн цувтай, хүрлийсэн, хүрэн бор царайтай хүн салхи сөрөөд баруун хойшоо хараад зогсож байна. Ойр хавьд нь байгаа хүмүүс “Дамдин аварга гэдэг чинь энэ шүү дээ” гэж шивнэлдээд, Дамдин гуай лухайгаад л зогсоод байгаа. Би тэгэхээр нь зориг гаргаж очоод “Сайн байна уу, Дамдин гуай, намайг Ганбаатар гэдэг юм. Би Өмнөговийн хүүхэд, бөхөд их хорхойтой, сая ТМС-ийн цалин буусан. Таныг хоолонд урьж болох уу” гэлээ. Тэгсэн Дамдин гуай нэг их том инээснээ “Тэгье” гэдэг юм. Ингээд бид хоёр Улаанбаатар зочид буудлын ресторанд орж нэг нэг хуйцаа, 100 граммтай авдаг юм. Дараа нь Дандига “Сайхан танилцлаа, миний дүү дараа ирэхдээ манайд очоорой” гэж хаягаа хэлээд автобусны урд хаалгаар орлоо. Түүнээс хойш их дотно сайхан танилцсан даа” гэж сүүлийн ярилцлагадаа дурсчээ.

Түүний тухай хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав багш нь “Энэ хүүхэд сайн тайлбарлагч болох найдвар байна” гэж шавь нартайгаа бэлтгэлийн бус цагаар ярилцана. Манай багийн эмч, улсын арслан П.Дагвасүрэн ч дэмжиж, Улсын аварга шалгаруулах өсвөр үеийнхний үндэсний бөхийн тэмцээнийг тайлбарлуулахаар шүүгчидтэй ярилцан тохиров. Бид тэмцээний дундуур очиж, юу нь болж, юу нь болохгүй байгааг хэлж өгдөг байв. Алдаагаа давтдаггүй нь түүний гайхамшигт онцлогийн нэг. Ингэж л бөхийн тайлбарлагчийн ажилд эргэлт буцалтгүй орсон хүн дээ, тэр” хэмээсэн байдаг. Монгол бөхийн дууч болсон түүний гэгээн дурсгалд зориулсан хөшөөг 2014 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт босгож, “Тэнгэрийн дууч” хэмээх баримтат киног бурхан болсноос нь нэг жилийн дараа 2006 онд бүтээсэн байна. Араажаваараа овоглож, ард түмэндээ аядуу дөлгөөн зан, аялаг сайхан хоолой, бөхийн их мэдлэгээрээ шагшигдсан билэг төгөлдөр тайлбарлагч Агвааны Ганбаатарын хайртай гэргий Н.Тунгалаг нь “Миний хань хорин нэгэн жил бөх тайлбарлаж, арван жил зодоглосон бөхийн агуу тайлбарлагч, улсын начин цолтой бөх хүн. Хүү Идэрмөнх, охин Мөнхзаяа хоёртоо мөн ч их хайртай байсан даа. Охиноо хүзүүн дээрээ байнга суулгаж явдаг нинжин сэтгэлийн дээд байлаа” гэсэн нь түүний мөн чанарыг илтгэх шиг санагддаг. Түмний сэтгэлд хоногшсон тийм сайхан дуу хоолойтой хүн төрсөн үрээ тийн эрхлүүлэлгүй ч яах вэ дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *