Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна
Хойд Солонгосоос зугтаж ирсэн иргэдэд өмнөд Солонгосын төр шууд иргэншил олгож, орон байраар ханган, сар бүр цалингийн доод хэмжээтэй тэнцэхүйц тэтгэмж өгдөг. Мөн хүн тус бүрийг үндсэн мэргэжлийнх нь дагуу сургуульд хамруулж боловсрол эзэмшүүлнэ. Дүрэм журмын дагуу дараа нь жолооны курсэд сурган, улмаар машин авч өгдөг байна. Ингэж Солонгосын төр засаг хойд Солонгосоос дүрвэж ирсэн ижил хан үндэстэндээ хүндэтгэлтэй хандаж, эрх чөлөөг нь эдлүүлдэг. Ах дүү нар хамт ирвэл өөр өөр улсуудад байрлуулдаг юм билээ. Манайхаар бол гадаадын иргэн харьяат, цагаачлалын алба нь тэр бүгдийг нарийн нягт зохицуулна. Өмнөд солонгосууд ийнхүү найрсгаар хүлээж авахгүй буцаавал хойд солонгосын нөхөд эх орноосоо урвасан нэрээр цаазын ялтай. Хэрвээ Хятадын хил давж байгаад баригдвал хамаатан садан, үр удмаараа насан туршдаа хоригдох хатуу хуультай. Түүнийг нь мэдэх учир өмнөд солонгосууд хан үндэстнээ хүндэтгэн хүлээн авдаг.
Монгол Улс угсаа гарал ижил, элэг нэгт монгол үндэстнээ ингэж найрсгаар угтаж авдаг хуультай болмоор байна. Өнөөдөр дэлхий даяар монгол угсаа гаралтай 10 сая гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Өмнөд Монгол, буриад, халимаг, тува, Алтайн монгол, дээд монгол, цастын монгол, цагаан монгол гээд эл ахан дүүсээ бид яг л Солонгосын хан үндэстэн шиг найрсгаар хүлээн авч, эрх чөлөө, жаргалыг нь их гал голомтод нь эдлүүлмээр байна. Учир нь арван сая гаруй монгол үндэстэн ястнуудын халуун голомт нь Монгол Улс билээ. Нийслэл Улаанбаатар хот Монгол үндэстний их нийслэл хот юм. Монгол Улсын төр монгол үндэстэн угсаатны их төр нь байх ёстой. Тиймийн учир монгол үндэстэн ястан Монголын харьяат иргэн болохыг хүсвэл, мөн улс төрийн орогнол хүсвэл бид элгэн халуун сэтгэлээр шууд хүлээн авч, иргэншилд олгодог болъё. Тухайн улс орондоо гэмт хэрэг үйлдээд ирсэн ч хамаагүй иргэншил олгодог байх нь зөв.
Монгол хүн Монголынхоо төрд хандаж, өршөөл эрж байхад бид хүйтэн сэтгэлээр гэдийгээд байж болохгүй. Гэвч элэг нэгт ахан дүүсээ бид хүндэтгэн угтах нь байтугай эх орноосоо хөөн зайлуулахыг урьтал болгодог. Энэ тухай жишээ баримт олныг дурдаж болно. Өмнөд Монголын Зүүн сөнөд хошуунаас Монгол Улсад ирээд МУИС төгсч, монгол бүсгүйтэй ханилсан Норовцэдэнгийн Алхаа гэж залуу бий. Тэрээр Монголд 25 жил болж байна. 2014 онд түүнийг Монголоос хөөн гаргахыг завдсан. Ролмаажидийн Цэнгэл гэж залуу байна. Бас л 25 жил Монголд амьдарч байгаа. Гэтэл кино найруулагч Бадамрагчаатай хамтарч төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан кино хийх гэж байна гэх үндэслэлээр хоёр жил шоронд хорьсон. 30 хоног хуурай өлсгөлөн зарлаад шоронгоос гарч байсныг бид мэднэ. Дээрх хоёр залуугийн чин хүсэл бол эцэг дээдсийнхээ өлгий нутаг Монголд амьдарч, аж төрөх юм.
Гурван жилийн өмнө Л.Үнэнбаатар гэж 73 настай өвгөнийг газар зарж наймаа хийж байна гэх нэрийдлээр мөн л албадан гаргахыг оролдсон. “Монгол хүн монгол хүндээ тусалъя” төрийн бус байгууллагын гишүүд болох сэтгүүлч Ч.Мөнхбаяр, судлаач Г.Ням-Очир нар Үнэнбаатарыг гуравдугаар эмнэлгийн цонхоор оргуулж албадан гаргахаас хамгаалсан байдаг. Одоогийн Их хурлын гишүүн Б.Пүрэвдоржийг Гадаадын иргэн харьяатын дарга байх үед Монголоос хөөгдөн гарч, 3-10 жилийн хар тамга даруулсан өмнөд монгол ахан дүүсийн тоо оргилдоо хүрсэн гэх яриа бий. Энэ талаарх судалгааны ном ч байдаг.
“Ордосын Тулгуур, Далайбаатар, Түвшинзаяа нарыг Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар булаан авах оролдлого хийсэн гэх хэргээр хөөн гаргасан. Монголын төр гуравхан оюутанд эзлэгдчих тийм хэврэгхэн төр юм уу. Хуулийнхан, хүний санаанд оромгүй хэрэг бодож олдог. Солонгос, Хятад, Вьетнам, Орос, Америкийн Элчин сайдын яамдууд иргэдийнхээ төлөө маш хүчтэй ажилладаг. Хятадын элчин тоодоггүй учраас иргэн харьяатынхан зөвхөн өмнөд монголчуудад ир бяраа гаргадаг. Олон жил амьдарч байгаа бичиг баримтгүй, иргэн болох болзлоо хэд дахин давуулан биелүүлсэн хүмүүст иргэншил өгөхөд их хойрго, зөвхөн мөнгөөр шийддэг. Мөнгөгүй бол хэн ч биш. Эрээн, Хөх хот, Бээжингийн Элчингийнхэн үнэгүй олгох визийг 700-100 юанийн авлигаар гаргадаг сүлжээ компаниуд байгуулсан гэх мэдээлэл ч бий. Сар бүр Эрээнээс 1000 юанаар виз авч Монголд амьдрах өвөр монголчууд олон. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт сүүлийн хоёр жилд дөрвөн элэг нэгт эрхмүүдээ оруулсан нь итгэлцлийг нэмэгдүүлсэн. Соёлын зөөлөн хүч байлаа. Харин хууль хүчнийнхэн тагнуул, цагдаа, иргэн харьяатынхан улам хүйтрүүлснээр холдуулсаар байна” гэж судлаач Ням-Очир хэлж байна.
Мөн тэрээр“Удахгүй иргэн харьяатын чиглэлээр хийдэг судалгааны хурал болох ч буриад, тува, халимаг өвөр монголчуудад хэрхэн хандах тухай ямар ч судалгаа байдаггүй. Мөнхбаяр бид хоёр Монголоос хөөгдөн гарсан өвөр монголчууд хэрхэн гашуун зовлонг үүрч байгааг араас нь очиж сурвалжилсан. Тэр тухай ноцтой баримтууд байгаа. Төр засгаас илүү иргэд хоорондын харилцаа сайн байгаа. Дотоодод ч, гадаадад ч монголчууд ямар ч дэмжлэггүй улам бүр ганцаардаж, зожигорч, цөөрч, мөхөж байна.
Монголчууд бид олуулаа болох учиртай. Аль болохоор өвөр монголчуудаа ажиллах хүч болгон авч эзэнгүй газар нутаг бэлчээрээ ашиглах нь чухал. Ингэвэл сэргэн мандалт болно” гэсэн юм. Судлаачийн хэлж буй аргагүй үнэн. Монголчууд бид гадаадын ажиллах хүчин авах болбол дандаа монгол үндэстэн ястнуудаа авах ёстой. Ер нь бид сэтгэл зүйгээ өөрчлөх цаг иржээ. Алийн болгон хувиа борлуулж, довоо шарлуулсан феодализмын үеийн суртал ухуулгаар явах вэ. Үүнээс даруйхан салах хэрэгтэй байна. Яг жинхэнэдээ бид өмнөд монголчуудаа хятадаас илүү үзэн яддаг. Эцэг дээдсийн минь нутаг гээд Бурхан халдун дээр очиход нь манай дээрэнгүй “эх орончид” яаж элдэвлэж байлаа.
Тийм жишээ захаасаа аваад байна. Хэдэн жилийн нэрээ нууцлан хэвлэлд яриа өгсөн өмнөд монгол залуугийн үг анхаарал татдаг. “Өрнөдийн оронд сурч байхдаа би эх оронч үзэлтэй болж, монголчуудын тусгаар тогтнолын гал голомт Монголд очихсон гэж мөрөөдөх болсон. Тэгээд энд ирэхэд бусад гадаадын иргэдэд, хятадуудад мэхэлзэж, бөхөлзөж байх атлаа хуудас буруу бөглөв хэмээн паспорт, хамаг бичиг сачгийг минь шал руу чулуудсан. Надтай хамт ирсэн найз бид хоёрыг тагнуул, террорист илчилсэн аятай аашилж, удтал шалгаж байцаан, ухаж төнхөн шоконд оруулсан. Арай Хятадад тушаах гэж байгаа юм биш байгаа, энэ улс чинь. Өвөр Монголоос ялгаагүй болчихжээ гэж бодсон” хэмээн ярьсан байдаг.
Бид үнэндээ тэгж л ханддаг. Одоо ийм хандлага сэтгэхүйгээ өөрчилж, элэг нэгт монгол ахан дүүсээ хайрлах хэрэгтэй байна. Монгол хэлээр ярьдаг хүн хэд билээ. Тухайн нэгнээ монгол хэлээр ярьсных нь төлөө хайрладаг баймаар байна. Олуулаа болж, Монголын энэхүү дэлгэр уудам нутгийг монгол үндэстэн ястнаар дүүргэх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс дахин дэлхийн хүчирхэг гүрэн болно. Өнө мөнхөд оршин тогтнохуйн үндэс суурь нь болно. Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Монгол төрийн тэргүүн монгол үндэстэн ястнуудаа, элэг нэгт ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриалсан. “Түүхэндээ бид мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач” хэмээн Монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчууд, монгол үндэстэн, угсаатан хүн бүрт хандаж хэлсэн Монгол төрийн тэргүүний энэ үг олон хүнд итгэл хүч өгсөн нь мэдээж.
Гэвч давхар иргэншлийг зөвшөөрөх хуулийн хүрээнд баахан асуудал яригдсан. Тухайлбал, “Монголд оршин суух хүсэлтэй, төсөлд заасан шаардлагуудыг хангасан гадаадын иргэн харьяалалгүй хүнд байнга оршин суух үнэмлэх олгохдоо, “төрийн хэл бичгийн мэдлэгтэй монгол үндэс, угсаатан” хүнд олгоно гэж заажээ. Гэвч уг төсөлд монгол угсаат хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг нарийвчлан заалгүй орхигдуулсан байна” гээд л эрдэмтэд хүртэл төр засагтаа хандаж байсан санагдана. Ерөөс монгол хэлээр ярьдаг л байвал болоо юм биш үү. Өөр юу хүсэх юм. Манай хоёр хөрш бидэнтэй найрамдахдаа хамгийн түрүүнд “Ялтан солих гэрээ”-г байгуулдаг жамтай. Төрийн айлчлал, шинэ засгийн бодлогын эхэнд уг гэрээ зоолттой яригдана. Байгальмаа гэгч хар тамхи зөөсөн хүүхнийг авчрахын тулд Хятадтай ялтан шилжүүлэх гэрээ хийж байлаа. 2011 онд мөн л хар тамхичидаа авчрахаар гэрээ байгуулсан. 2014 онд Хятадын даргыг манай улсад айлчлах үед уг гэрээг дахин үзэглэсэн. Өмнө нь Сү.Батболдыг Ерөнхий сайд болоод Хятадад айлчлахад хамгийн түрүүнд энэ гэрээ яригдсан. Монголын төрийн удирдагчид тасарсан яс, үсэрсэн цус ахан дүүсээ харийн шоронд тушаагаад хариуд нь хэдэн хар тамхичдаа зөөж авчирдаг нь харамсмаар.
“Ялтан шилжүүлэх гэрээ” гээч яг үнэндээ их гүрний бодлогоор хийгдэж буй стратеги, геополитикийн асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Улс төрийн наад захын ийм бодлого ойлгодоггүй, мэдэрдэггүй мал шиг дарга нартай байж яавч болохгүй. Монгол үндэстнийг хооронд нь хагаралдуулж үзэн ядуулсан, эрлийз хурлийзаар нь дуудуулж өширхүүлсэн, энэ байдлыг зориуд өөгшүүлж дэвэргэдэг гадны хүчин бий. Тэгэхээр бид хэдий хүртэл нялх хүүхэд шиг гэнэн тэнэг байх гэсэн юм бэ. Хэдий болтол том гүрнүүдийн бодлогыг мэдээгүй мэт царайлж, толгойгоо элсэнд булсан хяруул мэт байх юм. Дэлхийн улс гүрнүүд ийм нарийн бодлого барьж байхад бид түүнээс нь давсан ухаан зааж, дэлхийн цараатай сэтгэхийг нийгэм шаардаж эхэллээ. Зургаан зуун мянгуулахнаа байх үеийнхээ харалган, хардах сэтгэлээ одоо хазаарлаж, амьдралын атгахан сэтггэхүйгээ уужуухан тавьж, тавирч сурах цаг нь болжээ.
Хүн амаа биологиор нь өсгөхийн зэрэгцээ механикаар нь өсгөх хэрэгцээ тулгараад байна. Хэрвээ монгол үндэстэн олуулаа болоод ирвэл хөгжил дэвшлийн бааз сууриас аваад улстөрчдийн увайгүй үйлдэл хүртэл засарна. Ганц нэгхэн нөхөр хуйвалдаад хийдэг улс төр байхгүй болно гэсэн үг. Үндсэндээ Монголын хүн ам дөрвөн сая, таван сая болбол дэлхий нийтийн жишгээр явахаас өөр аргагүй. Одоо тэгэхээр бид угсаа гарал нэгнээ эх орноосоо нохой шиг хөөж туух биш гал голомтод нь авчирч, бусад улсын жишгээр иргэншил олгон, амьдрах, сурч боловсрох бололцоо нөхцөлийг нь нээж, эзэн нь гэдгийг мэдрүүлэн эрх чөлөөг нь олгоё. Дэлхийн хаана л монгол угсаатан хавчигдаж, гадуурхагдаж зовлон зүдгүүрийг амсч байна. Тэр бүгдийг эх оронд нь авчирч жаргалыг нь эдлүүлж, Монголын уудам тал нутагт хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөсөн тийм он жилүүдийг бий болгоё. Хэцүү зүйл огтоос байхгүй. Ерөөсөө монгол хүн монгол хүндээ хайртай байхад л болоо. Монголын төр монгол үндэстний төр гэдгээ ухамсарлахад л гүйцээ. Ар Монгол буюу төв Монгол маань өмнөд, хойд монголчуудынхаа диваажин нь байх ёстой гэж хэлээд буй минь ийм учиртай. Ер нь тэгээд уул тал, хангай говь хосолсон монгол нутаг гэдэг диваажингийн орон билээ.