Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн Конгресст хэлсэн үгний товч DNN.mn

Ерөнхийлөгч Жо Байден: Өнөөдөр бид Ардчилсан нам, Бүгд найрамдахчууд, бие даагч нартайгаа хамт байна. Гэхдээ хамгийн чухал нь бие биенийхээ өмнө, Америкийн ард түмний өмнө, Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүргээ америк хүн болгон ухамсарлаж тэд эрх чөлөө дарангуйллыг ямагт ялна гэдэгт бат итгэлтэй байдаг.

Ерөнхийлөгч Владимир Путин эрх чөлөөт ертөнцийн суурийг ганхуулах гэж оролдсон. Гэхдээ тэр буруу тооцоолсон. Тэр бодож, төсөөлж ч байгаагүй хатуу ханатай тулгарсан. Тэр украинчуудтай нүүр тулсан.Ерөнхийлөгч Зеленскийгээс авахуулаад Украин хүн бүрийн аймшиггүй, зоригтой, шийдэмгий байдлыг дэлхий дахин үнэхээр бахдаж байна. Танкны замыг өөрийн биеэр хааж буй иргэд,оюутан, тэтгэврийн хөгшид, багш гээд Украин хүн бүр эх орноо хамгаалагч цэрэг болон хувирчээ. Ерөнхийлөгч Зеленский Европын парламентад хэлсэн үгэндээ энэхүү тэмцлийг“ гэрэл харанхуйг ялна” гэж тодорхойлсон. Өнөөдөр энэ танхимд Украинаас АНУ-д суугаа Элчин сайд Тэргүүн хатагтайн хажууд сууж байна. Энд байгаа босож чадах бүх хүмүүс босч, дэлхий даяар болон Украинд бидний дохиог илгээцгээе. Украины ард түмэн та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Украин бол гэрэл гэгээтэй бас хүчтэй, шийдэмгий улс. Бид, Америкийн Нэгдсэн Улс, Украины ард түмэнтэй хамт мөр зэрэгцэн зогсож байна.

Түүх бидэнд дарангуйлагчдад түрэмгийллийнх нь төлбөрийг тухай бүр нь төлүүлэхгүй бол тэр бүр ч илүү их гай тарьдаг гэдгийг ойлгуулсан. В.Путины Украинд хийсэн сүүлийн дайралт нь санаатай, ямар ч шалтгаангүй үйлдэл байсан. Тэр удаа дараагийн дипломат хүчин чармайлтаас татгалзсан. Баруун болон НАТО-г түүнд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй гэж тэр бодсон. Тэр биднийг энд, АНУ-д, энэ танхимд, улс дотор нь хувааж чадна гэж итгэж байсан. Тэр биднийг Европт ч бас хувааж чадна гэж бодсон. Гэхдээ Путин алдсан. Бид бэлэн байсан. Бид улам эв нэгдэлтэй болсон. Бид нэгдмэл хэвээр үлдсэн. Бид түүнд нарийвчилсан, үндэслэлтэй хариу барьж чадсан. Бид олон сар зарцуулан Путиныг эсэргүүцэх Европ, Америкаас Ази, Африк хүртэл эрх чөлөөг эрхэмлэгч бусад улсуудын эвсэл байгуулж чадсан. Та бүхний олонхын адил би ч бас Европын холбоотнуудаа нэгтгэхэд тоо томшгүй олон цаг зарцуулсан. Бид Путины төлөвлөгөө болон хэрхэн үнэнийг гуйвуулж түрэмгийллээ зөвтгөхийг оролдох гэж буй талаар өөрсдийн мэдээллээ дэлхий нийттэй урьдчилан хуваалцсан. Бид үнэнийг Оросын худал хуурмагийн эсрэг гаргаж тавьсан. Путин дэлхий нийтэд дайсагнасан тул чөлөөт ертөнц түүнтэй хариуцлага ярьж байна. Европын холбооны Франц, Герман, Итали гээд хорин долоон гишүүн улстай хамт Их Британи, Канад, Япон, Солонгос, Австрали, Шинэ Зеланд болон бусад олон улс, тэр дундаа Швейцарь Оросын эрэг зогсож, Украины ард түмнийг дэмжиж байна.Путин одоо дэлхийгээс урьд өмнөхөөсөө илүүгээр тусгаарлагдаад байна.

Бид холбоотнуудтайгаа хамт Оросын эсрэг эдийн засгийн хүчирхэг хориг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Бид Оросын томоохон банкуудыг олон улсын санхүүгийн системээс тасалж, Оросын Төв банкны рублийг хамгаалах бодлого, үйл ажиллагаанд саад учруулж, Путины 630 тэрбум долларын “дайнд зориулах сан”-г нь үнэгүйдүүлсэн. Бид Оросын шинэ технологи авах хүслийг хааж байна, энэ нь түүний эдийн засгийн хүч болон армийг нь сулруулах болно.

Өнөөдөр би Путины харгис дэглэмийн ач тусаар хэдэн тэрбум доллар олсон Оросын олигархиуд, авлигач удирдагчдад хандан “Одоо хангалттай” гэж хэлж байна.АНУ ч би ч шийдвэр төгс байна. АНУ-ын Хууль зүйн яам Оросын олигархиудын гэмт хэргийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулж байна. Бид Европын холбоотнуудтайгаа нэгдэж, та нарын мөнгө, хөрөнгө, дарвуулт онгоц, тансаг орон сууц, хувийн нисэх онгоцыг нь олж, хурааж байна. Бид танарын хууль бусаар олж авсан бүх баялгийг хурааж авахыг зорьж байна.Өнөөдөр би холбоотнуудтайгаа нэгдэж өөрсдийн агаарын орон зайд Оросын бүх нислэгийг хааж, Оросыг цаашид тусгаарлаж, эдийн засагт нь дарамт шахалт үзүүлэх болно гэдгээ зарлаж байна.

Путин улс орныг нь юу хүлээж байгааг төсөөлж ч чадахгүй байна. Рублийн ханш аль хэдийнэ 30 хувиар унасан. Оросын хөрөнгийн зах зээл үнийн дүнгийнхээ 40 хувийг алдаж, арилжаа нь гацсан хэвээр байна.Оросын эдийн засаг ганхаж байна, үүнд зөвхөн Путин л буруутай. Путинд илгээх миний мессеж: Бид ухрахгүй.Би ухрахгүй.

Холбоотнуудтайгаа хамт бид Украинчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмжиж байна. Цэргийн, эдийн засгийн, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Бид Украинд тэрбум гаруй долларын шууд тусламж үзүүлсэн. Мөн бид цаашид ч Украины ард түмэнд эх орноо хамгаалж, зовлон зүдгүүрийг нь хөнгөвчлөхөд нь туслах болно. Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлье: манай цэргүүд Украинд Оросын цэргүүдтэй хийж буй мөргөлдөөнд оролцоогүй, оролцохгүй. Бид цэргүүдээ Европт Украинд тулалдах гэж биш, харин Путин баруун тийш хөдөлнө гэж шийдсэн тохиолдолд НАТО-гийн холбоотнуудаа хамгаалахын тулд илгээж байна.Үүний тулд бид Польш, Румын, Латви, Литва, Эстони зэрэг НАТО-гийн орнуудыг хамгаалахад Америкийн хуурай замын цэрэг, агаарын эскадриль, хөлөг онгоцуудыг дайчилсан.Миний тодорхой хэлсэнчлэн АНУ болон манай холбоотнууд НАТО-гийн нутаг дэвсгэрийн нэг инч,сантиметр бүрийг хамтын хүчээр хамгаалах болно.

Өнөөдөр миний өмнөх Бүгд найрамдах намын ерөнхийлөгч асан бидний гол холбоотон НАТО-гийн улсуудын эсрэг Путинд “Хүссэн зүйлээ хий” гэж хэлж байна. Миний бодлоор энэ бол хэрцгий, аюултай бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй зүйл.

Бид нөхцөл байдалд бодитой ханддаг. Украинчууд үнэхээр маш их зоригтой тэмцэж байна. Гэсэн хэдий ч ойрын хэдэн өдөр, долоо хоног, сарууд тэдний хувьд хэцүү байх болно. Путин хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг өдөөсөн. Тэр өнөөдөр тулааны талбарт зарим амжилтад хүрч магадгүй ч урт хугацаандаа маш их хохирол амсаж,энэ бүхнийхээ төлбөрийг төлөх болно. Бүхэл бүтэн 30 жил тусгаар тогтнож эрх чөлөөгөө мэдэрсэн, үүнийхээ төлөө шүд зуун тэмцэхэд бэлэн, бардам Украины ард түмэн эх орноо буцаан Оросын эрхшээлд оруулах оролдлогыг тэвчихгүй гэдгээ удаа дараа харууллаа. Би бүх америкчуудад хэлэхийг хүсч байна: Би амлаж байсанчлан та бүхэнд шударга байх болно. Хөрш улсуудаа эзлэх хүсэлтэй Оросын дарангуйлагчийн үйлдэл дэлхий даяар асар их зардал, хохирол учруулж байна. Оросын эдийн засагт чиглэжбуй бидний хориг арга хэмжээ Америкийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд ч тодорхой хохирол учруулж байгаа.

Иймд тэднийгээ хамгаалахын тулд бид өөрсдийн мэдэлд байгаа бүх хэрэгслийг ашиглах шийдвэртэй арга хэмжээавч байна. Өнөөдөр би АНУ дэлхийн 30 улстай хамт дэлхийн нөөцөөс 60 сая баррель газрын тос гаргах болсон гэдгийг зарлаж байна. АНУ манай стратегийн газрын тосны нөөцөөс 30 сая баррель чөлөөлөх замаар энэ ажиллагааг удирдах болно. Эдгээр алхамууд нь АНУ-ын шатахууны үнийг бууруулахад тусална.

Энэ үеийн түүх бичигдэхэд Путины Украинтай хийсэн дайн Оросыг улам сулруулж, дэлхийн ардчилсанулсуудыг хүчирхэгжүүлсэн гэгдэх болно. Харамсалтай нь чухамхүү энэ аймшигт үйл явдал дэлхийн өнцөг булан бүрт байсан бүх хүмүүст ямар аюул ойртож буйг бүрэн ухааруулсан юм.

Бид дэвшилтэт улс орнуудын удирдагчдын эв нэгдэл, илүү нэгдсэн Европ, илүү нэгдмэл Барууныг харж байна. Украины ард түмнийг дэмжин дэлхийн хотуудад, тэр дундаа Орост ч олноороо цугларсан хүмүүсийн эв нэгдлийг бид харж байна. Ардчилал ба автократ засаглалын энэхүү тэмцэлд ардчилал өөрийн сайн талыг дэлгэн, дэлхий нийт энх тайван, аюулгүй байдлын талыг сонгож байгаа нь тодорхой байна. Энэ бол цаг хугацаа шаардсан жинхэнэ сорилт юм. Тиймээс Украины ард түмний төмөр мэт хатуу хүсэл, урам зоригийг үргэлжлүүлэн дэмжье.Эх орон нэгтнүүддээ, Украины ард түмнийг бидэнтэй холбож буй Украин гаралтай америкчууддаа хандаж хэлэхэд: бид та нарыг дэмжиж байна. Путин Киевийг танкаар бүсэлж магадгүй ч украинчуудын зүрх, сэтгэлийг хэзээ ч байлдан дагуулж чадахгүй. Тэр тэдний эрх чөлөөний хүсэл тэмүүллийг хэзээ ч унтрааж чадахгүй. Тэрээр чөлөөт ертөнцийг сонгосон шийдвэрийг хэзээ ч сулруулж чадахгүй.

Бидний өмнө дэд бүтцээ шинэ түвшинд гаргах арван жил байна. Энэ нь Америкийг өөрчилж, биднийг дэлхийн бусад улстай, ялангуяа Хятадтай тулж буй энэ зууны эдийн засгийн өрсөлдөөнд ялалтанд хүргэх зам байх болно. Би Си Жиньпинд хэлсэнчлэн тэр Америкийн ард түмний эсрэг хэзээ ч мөрий тавих хэрэггүй.

АНУ ковидын дараа эдийн засаг хамгийн хурдан сэргэсэн улс болоод байна.Ажилгүйдэл буурч, эдийн засаг өсөж цаашид ч эрчимжих төлөвтэй болов.

Бид дэлхий даяар вакцинжуулалтыг үргэлжлүүлэх болно. Бид дэлхийн 112 улс руу 475 сая тун вакцин илгээж хамгийн олон вакцин өгсөн улс болсон. Бид үүгээр зогсохгүй.

Хэрэв бид эрх чөлөө, шударга ёсыг дээдлэхийг хүсч байгаа бол хилээ хамгаалж, цагаачлалын тогтолцоогоо сайжруулах ёстой. Танхимаас: Хана босго! Хана босго! Хана босго! Бид хоёуланг нь хийж чадна гэж бодож байна. Манай улсын хил дээр хар тамхины хууль бус наймааг илүү сайн илрүүлэхийн тулд сүүлийн үеийн сканнер гэх мэт шинэ технологи суурилуулсан. Бид Мексик, Гватемалтай хамтарсан хилийн эргүүл байгуулж, олон хүний наймаачдыг баривчилсан. Бид хавчлага, хүчирхийллээс зугтсан гэр бүлийг хянан, ялгах шийдвэр гаргах ажиллагааг хурдасгахын тулд тусгай цагаачлалын шүүгчдийг томилсон. АНУ-д хууль ёсоор ороогүй хүмүүсийг бид буцаан илгээх боломжтой.Бид Өмнөд болон Төв Америк дахь түншүүдээсээ илүү олон ном ёсны дүрвэгсдийг хүлээн авч, өөрсдийн хилээ баталгаажуулах амлалт, дэмжлэгийг эрэлхийлж байна.Бидний өвөг дээдэс болох үе үеийн цагаачдын замыг гэрэлтүүлж байсан эрх чөлөөний бамбарыг асааснаар бид энэ бүхнийг хийж чадна.Түр зуурын статустай хүмүүс, хөдөө аж ахуйн ажилчид, зайлшгүй шаардлагатай үйлдвэрүүдийн ажилчдад АНУ-ын иргэншилтэй болох замыг нээцгээе. Компаниуд хэрэгцээтэй ажиллах хүчээ авч, гэр бүлүүд дахин нэгдэхийг олон арван жил хүлээхгүй байхын тулд хуулиа шинэчилцгээе.Энэ бол зөв алхам төдийгүй эдийн засгийн үндэслэлтэй зүйл юм. Тиймээс цагаачлалын шинэчлэлийг үйлдвэрчний эвлэлээс эхлээд шашны удирдагчид, АНУ-ын Худалдааны танхим хүртэл бүгд дэмжиж байна. Үүнийг зориглож нэг далайлтаар, нэг мөсөн хийцгээе.

Миний элэг нэгт америкчууд аа, өнөөдөр бид ардчиллын цайз болсон ариун газар цуглараад байна. Энэхүү Капитолд америкчуудын үе үеийнхэн зөрчилдөөнтэй цаг үед хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэж, агуу их зүйлийг хийсэн.Бид эрх чөлөөний төлөө тэмцэж, эрх чөлөөг өргөжүүлж, тоталитаризм, терроризмыг ялсан. Бид дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, хамгийн эрх чөлөөтэй, хамгийн чинээлэг улсыг байгуулсан. Бидний зорилго тодорхой. Бид ирээдүйгээ байгуулж байна. Эрх чөлөөг хамгаалах, шударга ёс, боломжийг өргөжүүлэхийн тулд бид сорилтыг даван туулах болно. Бид ардчиллыг аварна. Энэ цаг үе хичнээн хэцүү байсан ч би амьдралынхаа туршид байснаасаа илүү өөдрөгөөр өнөөдөр Америкийг харж байна. Учир нь би ирээдүйг харж байна. Учир нь бидний хувьд боломжгүй зүйл байхгүй гэдгийг би мэднэ. Бид тулгарч байсан хямрал бүрийг үргэлж боломж болгон хувиргаж ирсэн дэлхий дээрх цорын ганц улс юм. Боломж гэсэн ганцхан үгээр илэрхийлж болох улс бол АНУ юм. Улс үндэстний түүхт 245 жилийн ой тохиож буй өнөө орой би энд зогсож улс орныхоо байдлыг тайлагнаж байна. Мөн би тунхаглаж байна: Америкчууд та нар хүчтэй учраас улс орны байр суурь маань хүчтэй.Өнөөдөр бид нэг жилийн өмнөхөөсөө илүү хүчтэй болсон, нэг жилийн дараа бид өнөөдрийнхөөс илүү хүчтэй болсон байх болно.Бид цаг үеийн сорилтуудтай тулж, даван туулах цаг иржээ. Үүнийг бид нэг хүн шиг хийх болно. Нэг Америк, нэг АНУ.

Бурхан хүн бүрийг ивээг. Бурхан манай цэргүүдийг хамгаалах болтугай. Баярлалаа (Алга ташилт).

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *