Categories
гадаад мэдээ

АНУ-ын Конгресс Украины тусламжийг баталсангүй DNN.mn

АНУ-ын Хууль тогтоох дээд танхим дахь Ардчилсан намын Сенатын олонхын удирдагч Чак Шумер болон Бүгд найрамдах намын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл нар хамтарсан мэдэгдэл хийж “Бид урам зориг өгөх ахиц дэвшилд хүрсэн ч хэцүү асуудлууд үлдсэн” гэж хэлэв. Шумер сэтгүүлчдэд “Хэлэлцээрт оролцогч хоёр намын төлөөлөгчид завсарлагааны үеэр шаргуу ажиллах бөгөөд бидний зорилго бол буцаж ирмэгцээ асуудлыг цаг алдалгүй шийдэх явдал. Хууль тогтоогчид ажилдаа орсны дараа АНУ-ын Украинд үзүүлэх тусламж, хилийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлыг шийдвэрлэх болно” гэж мэдэгдэв. Харин Өмнөд Дакота мужаас Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Жон Тун “Ардчилсан намынхан санаатай бидний тохиролцоог удаашруулж байна” гэж зэмлэсэн байна.

Украинд өгөх тусламжийг батлах явдал удаашрах шинж, тэмдэг мэдэгдэнгүүт Цагаан ордон Украинд үйлдвэрийн буюу өөрийн өртгөөр нь зэвсэг нийлүүлэх шийдвэр гарган, Засгийн газрын нөөц сангуудаас мөнгө гаргасан учир Украины армийг гурван сар хангах боломж Пентагонд бий болгоод байгаа юм. Иймээс олон улсын зарим шинжээчид “Цагаан ордон нөөц бололцоогоо ашиглан 4.8 тэрбум доллар босгон Украины тусламж асуудалгүй болж, АНУ-ын 60, Еропын холбооны 50 тэрбумын тусламж ирэх сар хүртэл хойшилж байгаа нь Япон, Өмнөд Солонгосоос Украинд шууд зэвсэг нийлүүлж, тэдэнд зэвсгийн үйлдвэрээ эрчимжүүлэх боломж олгож байна”, “Дайны түүх бидэнд аль ч дайрагч тал сар орчмын дараа сульдан довтолгоон зогсож, үр дүнгээ тооцдог гэж хичээл заадаг.

Гэтэл Кремлийг төөрөгдүүлэх зорилгоор “Украин зэвсэггүй болж баларч байна” гэдэг хуурамч мэдээллийг барууныхан болон Украины удирдлага зохион байгуулалттай тарааж чадсан нь Оросын сульдсан цэргүүдийг байлдааны фронт дээр нэг мөсөн сөхрүүлэх шалтгаан болж байна” гэж бичиж эхлэв. АНУ-ын Хууль тогтоох хоёр танхимын гишүүд ирэх сарын дундуур ажилдаа орох юм.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засагт төрийн зохицуулалтыг багасгахад чиглэсэн багц арга хэмжээний тухай зарлиг гаргаж, “Бид манай улсыг сүйрүүлж буй хазаарлан, боомилдог тогтолцооны эрх зүйн орчныг задалж эхлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа” гэж мэдэгдэн экспортод хязгаарлалт тогтоохыг хориглож, төрийн өмчит компаниудыг хувьчлахад саад учруулсан зохицуулалтыг хүчингүй болгож, олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилгоор үнийн зохицуулалт, гаалийн журмыг шинэчлэхээр шийдвэрлэсэн “шийдлийн оронд зөвхөн асуудал дагуулдаг зохицуулалт”-аас эдийн засгийг чөлөөлөх 30 арга хэмжээг иргэддээ танилцуулжээ.

Польшийн Люблин хотын тойргийн шүүх Беларусь, Орос, Украины 14 иргэнийг ОХУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган тэдэнд 13 сараас зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял болон торгууль ногдуулсан байна. Польшийн Дотоодын аюулгүй байдлын агентлаг “Эдгээр шүүгдэгчид Польшийн чухал дэд бүтцийн байгууламжуудын талаар мэдээлэл цуглуулж, Украин руу цэрэг, хүмүүнлэгийн тусламж тээвэрлэхэд ашигладаг хурдны замын ойролцоох төмөр замыг хянаж, НАТО болон Украиныг шүүмжилсэн хэвлэмэл материал тараадаг байсан байна.

Тус бүлэглэл нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл хэд хэдэн муж нутагт үйл ажиллагаагаа явуулж, Telegram мессенжерээр дамжуулан зааварчилгаа авч, криптовалютаар урамшуулал авдаг байсан байна” гэж мэдэгдсэн бол Польшийн тагнуулын алба “Энэ хэрэгт холбогдсон хүмүүст ОХУ-ын ФСБ шуурхай мэдээлэл өгч, яллагдагчийн “куратор” Украин руу явж буй цэргийн ачаатай галт тэргийг онхолдуулах зорилготой байжээ” гэж мэдээлэв

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *