Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ, Өмнөд Солонгосын армийн 20 сөнөөгч онгоц Умард Солонгосын хилийн ойролцоо сургуулийн нислэг үйлдсэн байна.
Энэ үйлдэл нь Пёньяны дэглэмийн өдөөн хатгалгад эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах чадвартайгаа харуулах зорилготойг хоёр улсын хамтарсан зэвсэгт хүчний штаб мэдээлжээ.
Ажиллагаанд Өмнөд Солонгосын армийн 16 ширхэг сөнөөгч онгоц, түүний дотор F-35A радарт илэрдэггүй онгоцнууд, АНУ-ын армийн дөрвөн ширхэг F-16 сөнөөгч онгоц оролцсон байна.
Ням гарагт Умард Солонгосын тал Зүүн тэнгисийн ус руу найман ширхэг пуужин харваж, туршсан бол маргааш нь Өмнөд Солонгос, АНУ-ын талаас мөн ижил тооны газар-газар ангиллын пуужинг тэнгисийн ус руу харваж, өдөөн хатгалгыг зүгээр өнгөрөөхгүйгээ илэрхийлсэн юм.
Пёньяны дэглэм удахгүй цөмийн зэвсгийн туршилт гүйцэтгэж магадгүй болоод байгаа. Дээрх ажиллагаанууд нь үүнээс сэргийлэх зорилготой Өмнөд Солонгос, АНУ-ын талаас авсан хариу арга хэмжээнүүд юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман одоо Умард Солонгосын цөмийн аюулын эсрэг хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр Сөүлд ирээд байгаа.
Умард Солонгос цөмийн зэвсэг туршвал “хатуу бөгөөд шуурхай” хариу арга хэмжээ авахыг тэр айлчлалынхаа үеэр анхааруулсан юм.
“Цөмийн зэвсгийн ямар ч туршилт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчсөн хэрэг болно. Энэ тохиолдолд бид хатуу бөгөөд шуурхай хариу арга хэмжээ авна. Өдөөн хатгалга явуулж, тогтворгүй байдал үүсгэхээ зогсоож, дипломат арга замыг сонгох хүртэл нь бид Пёньяныг үргэлжлүүлэн шахах болно” гэж тэр Өмнөд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Чо Хюн Донтой уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Өнөөдөр тэд Японы гадаад хэргийн дэд сайд Мори Такеотой хамт Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар гуравласан уулзалт хийх юм.
2011 онд Умард Солонгосын засгийн эрхэнд гарснаасаа хойш Ким Жон Ун зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг эрчимжүүлээд байгаа.
Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын үед талуудын харилцаанд түр зуур эерэг уур амьсгал бий болж байсан ч сүүлдээ буцаж хурцадсан юм.
Сарын өмнө тангараг өргөсөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засаг захиргаа Умард Солонгосын дэглэмтэй харилцах харилцаандаа хатуу бодлого баримтлах төлөвтэй байна.