АНУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, тус яам Украины аюулгүй байдалд туслах санаачилга /USAI/ хэмээх санхүүгийн багцын хүрээнд Украинд дахин нэмэлт тусламж үзүүлэхээр болсон гэв.
Үүнийг тодруулбал, санаачилгын хүрээнд АНУ-ын Батлан Хамгаалах Яам Украины батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн тулд дахин 300 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхээр болсон байна.
Эл шийдвэр нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаарх АНУ-ын гуйвшгүй амлалтыг нотолж байгааг Жон Кирби онцлов.
Америкийн Украинд олгох 300 сая ам.долларын лазераар удирддаг пуужингийн систем, “Switchblade”, “Puma” зэрэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/, агаарын довтолгооноос хамгаалах систем, хуягт машин, жижиг болон том оврын калибрын сум, шөнийн дурангийн төхөөрөмж, холбооны систем, машин техникийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа засгийн эрхэнд гарснаасаа хойш Украинд аюулгүй байдлын чиглэлээр нийтдээ 2.3 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлсэн байгаа юм. Харин үүнээс Орос Украинд “цэргийн тусгай ажиллагаа”-г эхлүүлснээс хойш даруй 1.6 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
“АНУ холбоотнууд болон түншүүдийн хамтаар Украинчуудад тусалж, тэдэнд Оросыг сөрөн зогсоход боломж олгохоор үргэлжлүүлэн хамтран ажиллана” хэмээн Жон Кирби онцолжээ.