АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид цохилт үзүүлэх тушаал өгчээ. Долоо хоногийн өмнө Сирийн Доума хотод Башар Аль Ассадын арми химийн зэвсэг хэрэглэж, энгийн иргэдийн амийг хөнөөсний хариуд уг довтолгоог эхлүүлж байгаа юм.
“Франц, Их Британий зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн ажиллагаа яг одоо эхэлж байна” гэж Трамп мэдэгджээ.
Мөн тэрээр Америкийн цэргийн хүчин Сирид удаан хугацаагаар байрлах зорилгогүй гэдгийг онцолсон байна. Түүний хэлж байгаагаар Дамаскийн талаас химийн зэвсэг ашиглахаа болих хүртэл АНУ-ын цэргийн хүчний ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэв.
Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Сирийн нийслэл Дамаск хотын орчмоос дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг гэрчүүд мэдээллээ.
“Трамп Сирид цохилт өгснөөр Башар Аль-Ассадыг дэмждэг ОХУ болон Иранд дайн зарлаж буй хэрэг билээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүний мэдээлснээр Сирид явуулж буй цэргийн ажиллагаанд тус улсын тэнгисийн цэрэг болон байлдааны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр орой болох зүйл бол Сирийн хувьд төгсгөл” гэжээ.
Мөн “Сирийн нийслэл Дамаск хотын Барза дүүрэг өнөө өглөө хэд хэдэн удаа агаарын цохилтод өртсөн” талаар орон нутгийн радиогоор мэдээлжээ. Тус дүүрэгт Сирийн эрдэм шинжилгээний томоохон төв байдаг аж. АНУ энэхүү цэргийн ажиллагаагаа Франц болон Их Британи улстай хамтран явуулах бөгөөд ажиллагааны гол зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсооно гэсэн байна.
АНУ болон олон улсын байгууллагуудын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдсэний улмаас 40 орчим хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн химийн хорт бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байгаа юм.
АНУ-аас гаргаж буй уг шийдвэрийн талаар ОХУ-ын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дэд дарга Юрий Швыткин мэдэгдэл хийхдээ “АНУ, Франц болон Их Британийн Сирид явуулж байгаа ажиллагаа сайн юманд хүргэхгүй. АНУ ба түүний холбоотнуудын энэ болчимгүй үйлдлийг зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей яаралтай хуралдах шаардлагатай байна” гэжээ.
Б.АМАРТҮВШИН