Categories
гадаад мэдээ

АНУ Сирийн баазад пуужингаар цохилт өгчээ

Сирид босогчдын хяналтад байдаг хот руу химийн зэвсэг ашиглан дайралт хийсний хариуд АНУ пуужингаар цохилт өгчээ.

Пентагоны албаны хүний хэлснээр, Сирийн “Шайрат” агаарын цэргийн хүчний бааз руу Газар Дундын тэнгисийн зүүн хэсэгт байрлаж буй Америкийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцноос өчигдөр 50 гаруй “Tomahawk” далавчит пуужин харвасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “энэ баазаас мягмар гарагт химийн дайралт хийсэн” гэж хэлээд, Сирийн зэвсэгт мөргөлдөөнийг дуусгавар болгоход туслахыг “соёлжин иргэншсэн бүх улс орон”-д уриалжээ.

Мягмар гарагт Сирийн Идлиб мужийн Хан-Шейхун хот руу мэдрэлд нөлөөлдөг химийн бодис ашиглан дайралт хийсний улмаас хэдэн арван энгийн номхон иргэн, тэдний дотор хүүхдүүд амиа алдсан юм. Энэ довтолгоог Сирийн засгийн газрын арми хийсэн гэж тусламжийн байгууллагууд болон зарим улс орон үзэж байна.

Сирийн талаарх бодлогодоо Вашингтон гэнэтийн өөрчлөлт оруулсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр мэдэгдээд, “Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад энэ улс орныг сайн сайхан болгоход ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй” гэжээ.

Ердөө өнгөрсөн долоо хоногт, АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли хэлэхдээ “Сирийн Ерөнхийлөгчийг зайлуулах гэж Вашингтон яарахгүй байна. Энэ бол эн тэргүүний асуудал биш” гэж хэлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *