Оросын эсрэг авч буй нэмэлт хоригийн жагсаалтад Владимир Путины ойрын хүрээнийхэн, тэр дундаа охидынх нэр багтсан болохыг Цагаан ордноос мэдээлжээ. Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийг ч жагсаалтад нэмжээ. Путины насанд хүрсэн охид болох Катерина Тихонова, Мария Воронцова нарыг эцгийнхээ нуугдмал хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй үндэслэлээр хоригт оруулжээ.
Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар Катерина Тихоноваг нь Оросын Батлан хамгаалах салбарыг дэмждэг технологийн компанид удирдах алба хашдаг бол Мария Воронцова генетикийн судалгааны чиглэлээр ажилладаг төрийн санхүүжилттэй хөтөлбөрүүдийг удирддаг аж.
Оросын цэргүүд Украины Буча хотод энгийн иргэдийг хомроглон устгасан байж болзошгүй тухай мэдээлэл гарсны дараа АНУ болон ЕХ-ны зүгээс нэмэлт хориг арга хэмжээ авахаа зарласан юм. Цагаан ордны зүгээс Оросын Сбербанк болон Альфа банкны АНУ-ын санхүүгийн системтэй холбоотой аливаа хөрөнгийг царцаах шийдвэр гаргалаа. Одоо Америкийн иргэд, компаниуд эдгээр банкууд болон тэдний охин компаниудтай харилцах нь хориотой болж буй.