Categories
гадаад мэдээ

АНУ нөөцөөсөө 80 сая тун вакциныг дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар болов

АНУ улс 80 сая тун коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар болсныг Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

“Хятад, Орос улсууд вакцинаа ашиглан дэлхий дахинд нөлөөгөө тогтоож байна гэсэн яриа их гарах боллоо. Тэгвэл бид ч бас өөрийн үнэт зүйлсээр дэлхийд тэргүүлмээр байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америк ардчиллын гол хүч болж байсан шигээ энэ удаа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд вакцинжуулалтын хүч болох ёстой” гэж Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Байден хэлжээ.

Хандивын 80 сая тун вакцины 20 сая нь АНУ-д одоо хэрэглэгдэж байгаа Pfizer, Moderna, Johnson & Johnson компаниудын вакцин байх бол 60 сая нь AstraZeneca компанид захиалж авах вакцин нь байх аж.

“Энэ бол дэлхийн аль ч улсын хандивласан вакцинаас доод тал нь тав дахин их, Орос, Хятад улсуудын хандивласныг нийлүүлснээс ч их хэмжээ юм” гэж Байден онцолжээ.

Тэр бас вакцин хандивласныхаа хариуд бусад улс орнуудаас ямар нэг амлалт шаардахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хятадын Синофарм, Синовак компаниуд нийлээд 17.4 сая тун вакциныг бусад улсуудад хандивлаж, 651 сая тунг борлуулсан гэдэг мэдээлэл бий.

ОХУ-ын хувьд үүнээс хавьгүй бага хэмжээтэй вакциныг гадаад зах зээлд нийлүүлээд байгаа. Жо Байден дэлхийн улс орнуудын удирдагчдын бараг тал нь вакцины нийлүүлэлт дээр тусламж үзүүлэхийг гуйж, утсаар холбогдсон тухай өнгөрсөн долоо хоногт ярьж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *