Умард Солонгосын асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким даваа гаригт мэдэгдэл хийхдээ “Бид Умард Солонгосын талтай аль ч цагт, аль ч газарт хэлэлцээ хийхэд бэлэн” гэв.
Тэрбээр Сөүл хотноо болсон зөвлөлдөөний үеэр энэ тухай онцолсон байна. Сон Ким нь БНСУ-ын Солонгосын хойг дахь энх тайван ба аюулгүй байдлын асуудлаарх тусгай төлөөлөгч Но Гю Доктой уулзжээ. Тэрбээр “АНУ нь Умард Солонгостой дайсагналцах бодол байхгүй. Одоо явагдаж байгаа БНСУ ба АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь эртний түүхтэй. Сургуулилт нь батлан хамгаалах зорилготой” гэж тодруулжээ.
Талууд цэргийн хамтарсан сургуулилтаа наймдугаар сарын 16-нд эхлүүлсэн агаад ес хоног үргэлжлэх юм байна. Тархварын нөхцөл байдалтай уялдуулан оролцогчдын тоог хязгаарласан талаар мэдээлжээ. Урьд нь Умард Солонгосын тал АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эрс шүүмжилсэн аж. Дашрамд хэлэхэд, АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким ирэх бямба гаригт Сөүл хотноо хүрэлцэн очсон ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргуловтой уулзах юм байна. Энэ үеэр талууд Умард Солонгостой харилцаагаа сэргээх болон тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөх аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР