2020 оны дөрөвдүгээр сарын 2. Улаанбаатар хот, Монгол улс – Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С. Чинзориг, Монгол улсын Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд Монгол улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын иж бүрэн түншлэл байгуулах түүхэн гэрээнд гарын үсэг зурсан байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү түншлэл нь Монгол улсад хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэхэд Монгол улсын Засгийн газар, холбогдох яамд, Прокурорын байгууллага төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх юм.
Тус түншлэлийг Монгол улсын төрийн холбогдох байгууллагууд болон АНУ-н ЭСЯ, хүний наймаатай тэмцэх дэлхий даяарх үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг АНУ-н Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгчдийн олон сарын хугацаанд үргэлжилсэн өндөр түвшний хэлэлцүүлгийн үр дүнд байгуулсан байна.
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурснаар, Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газраас (ХХГХТГ) таван сая ам. доллар буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийг АНУ-н гадаадын тусламж хэлбэрээр төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагуудад Монгол улсын төрийн байгуулага хоорондын хүний наймаатай тэмцэх ажлыг ахалж ажилладаг Хүний наймаатай тэмцэх ажлыг зохицуулах үндэсний дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах зорилгоор олгох юм. Түншлэлийн зорилтуудад байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, Монгол улсын хэмжээнд хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан, албадан хөдөлмөрлүүлсэн этгээдүүдийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг сайжруулах, Монгол улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын хүүхдийн наймааны хохирогчдод чиглэсэн мэдээлэлд суурилсан сэтгэцийн иж бүрэн эмчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд чиглэсэн хүүхэд хүний наймаанд өртөх эрсдэл, шинж тэмдгүүдийг ойлгож таних болон хүний наймааны бүх хэлбэрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нэмэгдүүлэх үйл ажиллагаа зэрэг багтаж байна.
Монгол хүүхдүүд морь уралдах, мал маллах, мал аж ахуй эрхлэх зэрэг эдийн засгийн албан бус секторт албадан хөдөлмөр эрхлэлтэд өртөмтгий байна. Мөн гэртээ үлдсэн хүүхдүүдийн хувьд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлтэй байдаг бөгөөд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхэд тухайн гэр бүлийн гишүүдээс холбогдсон тохиолдол байна.
ХХГХТГ нь төсөл хэрэгжүүлэх түншүүдийг өрсөлдөөнт шалгуураар сонгон шалгаруулж Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд төслийн саналыг хүлээн авах бөгөөд санхүүжилт олгох тухай зарлалыг гаргана.
Хэдийгээр гарын үсэг зурах үеэр биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй байсан боловч, АНУ-н Төрийн Департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих тусгай эрхэт элчин сайд Жон Коттон Ричмонд уг түншлэлийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, “Энэхүү гэрээг байгуулсан болон, Монгол улсын холбогдох байгууллагуудын хүүхдийн наймаатай тэмцэх үүрэг амлалт нь уг түншлэлээр дамжуулан тус улсад хүний наймааг таслан зогсоох, тэдгээр этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх ажлуудад Улаанбаатар хотод томоохон нөлөөлөл үзүүлнэ” гэж мэдэгдсэн байна.
АНУ-н Элчин сайд Клечески энэ өдөр гарын үсэг зурах үйл ажиллагааг онцлон тэмдэглэж, “Миний хувьд АНУ-г төлөөлж энэхүү түүхэн Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурах нь нэр төрийн хэрэг юм. Үүгээр дамжуулан манай хоёр улсын хүүхэд худалдаалахтай тэмцэх хамтын ажиллагааг байнгын болгосноор Монгол хүүхдүүдийн амьдралд бодит өөрчлөлтийг авчрах боломжтой болж байна” гэж хэлжээ.
Хүний наймааны асуудал хариуцсан холбогдох байгууллагын албан тушаалтнууд өнөөдрийн гарын үсэг зурсан явдлыг мөн онцолсон байна.
АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай, Twitter, Facebook хуудсыг нь дагааарай.
https://www.state.gov/j/tip/
https://www.facebook.com/usdos.jtip
https://twitter.com/JTIP_State