Categories
гадаад мэдээ

АНУ, Хятадын худалдааны дайн эрчимжив үү?

АНУ, Хятадын худалдааны дайн эрчимжих болсон талаар дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Учир нь хоёр тал эдийн засгийн хориг тавьсанаа харилцан мэдэгдсэн нь ийм дүгнэлтэд хүргээд байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадын 300 тэрбум ам.доллар бүхий бараанд импортын 10 хувийн татвар оноох шийдвэрээ есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээ зарласан. Харин өнгөрсөн баасан гаригт Хятадын засгийн газар хариу мэдэгдэл хийлээ. Тэд АНУ-ын 75 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүнд импортын 10 хувийн татвар оноох гэнэ. Өөрөөр хэлбэл, Д.Трамп одоогоор 25 хувийн импортын татвартай байгаа Хятадын 250 тэрбум ам.долларын бараанд аравдугаар сарын 1-нээс эхлэн 30 хувийн татвар оноох юм. Мөн есдүгээр сарын 1-нээс эхлэх 300 тэрбум ам.долларын барааны 10 хувийн татварыг 15 хувь болгож өсгөх юм байна. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч твиттертээ жиргэжээ.

АНУ нь жилд 550 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Хятадаас импортолдог гэсэн статистик бий. Тиймээс талуудын хийсэн мэдэгдэл нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд томоохон цохилт болоод байна. Тухайлбал, Хятадын талын дээрх мэдэгдлийн дараа Dow Jones Industrial Average индекс 2.6 хувийн уналттай хаагдсан бол NASDAQ индекс гурван хувиар буурчээ. Хятадын эрх баригчдын хувьд Америкийн 75 тэрбум ам.долларын өртөг бүхий автомашин болон сэлбэг хэрэгслийн импортын татварыг нэмэх шийдвэр гаргасны хариу юм. Түүнчлэн Америкийн 5078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нэмэлт татвар есдүгээр сарын 1-нээс болон арванхоёрдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр байх гэнэ. Энэ нь Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг есдүгээр сарын 1-нээс болон арванхоёрдугаар сарын 15-наас 10 хувиар нэмэгдүүлэх АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн хариуд хийсэн алхам аж.

Америк, Хятадын худалдааны маргаан 2018 оны зунаас эхлэлтэй. Тухайн үед АНУ-ын зүгээс Хятадын 34 тэрбум ам.долларын өртөг бүхий 818 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд жилд 25 хувийн татвар ногдуулсан. Үүний дараа Хятадын тал мөн хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын 12-нд “Goldman Sachs” банкны шинжээчид АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа 20 суурь нэгжээр бууруулж, 1.8 хувь болгосоноо мэдэгдэж байв. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадтай хийж буй худалдааны дайн АНУ-д эдийн засгийн хямрал үүсгэж болзошгүйг анхааруулсан юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *