АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден өнгөрсөн ням гаригт Украинд айлчилж, тус улсын тэргүүн хатагтай Олена Зеленскийтэй уулзжээ.
Тэрбээр “Би Ээж нарын өдрийг тааруулан энд ирлээ. Энэхүү харгис дайныг зогсоох ёстой, Украины ард түмэнтэй АНУ-ын ард түмэн эв санааны нэгдэлтэй байгааг харуулах гэж би энд ирээд байна” гэж хэлсэн байна. Олена Зеленский Жилл Байденд зоригтой алхам хийж ирсэнд нь талархал илэрхийлээд “Цэргийн ажиллагаа өдөр бүр болж, агаарын дуут дохио дуугарч байгаа дайны үеэр АНУ-ын тэргүүн хатагтай энд ирсэн нь бидэнд том итгэл найдвар өгч байна” гэжээ. Тэргүүн хатагтай нар Украины дүрвэгсэд болон хүүхдүүдийн талаар ярилцав. Ингэснээрээ Жилл Байден Украины дайн болж буй нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа билээ.
Жилл Байден, Олена Зеленский нар дайнаас дүрвэгсдийн хоргодох байр болсон дунд сургуулийн байранд хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд бэлэг тараасан байна.Энэ өдөр бас Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийлээ. Тэрээр Киев хотод Канадын Элчин сайдын яамаа дахин нээж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа тус улсад үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа 36.7 сая евро болгон нэмэгдүүлж буйгаа дуулгасан байна. Трюдо мөн Оросын цэргүүд энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн Ирпин тосгонд зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Энэ өдөр мөн Ирландын дэлхийд алдартай “U2” рок хамтлагийн гишүүд бөмбөгдөлтөөс хоргодох байр болон ашиглагдаж буй Киевийн метроны өртөөн дээр тоглолтоо хийсэн нь гэнэтийн сонин үйл явдал байлаа. Тус хамтлагийн гоцлол дуучин Боно, гитарчин Дэвид Ховел Эванс нар хэд хэдэн хит уран бүтээлээ украинчуудад хүргэсэн юм. “Украины ард түмэн зөвхөн өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө бус, эрх чөлөөнд хайртай хүн бүхний өмнөөс тулалдаж байгаа” гэж Боно хэлжээ. Тэрээр энэ үеэр төрөлх Ирланд нь түүхийнхээ турш Их Британитай хэрхэн дайтаж байсан, өнөөдөр эдгээр улсууд ямар тайван амгалан амьдралтай болсныг дурдсан байна. “Та бүхнийг ийм амар амгалан амьдралтай хурдан золгуулахын төлөө бид залбирч байх болно” гэж Боно тоглолтынхоо үеэр хэлжээ. Боно Украинд тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийн урилгаар ирснийг “U2” хамтлагийн твиттер хуудсанд мэдээлсэн байна.
Барууны улсын томчууд ээлж дараалан Украинд айлчилж, Киев хотод элчин сайдын яамдаа дахин нээж байгааг олон улсын шинжээчид эдгээр улсууд Путины цөмийн цохилт төдийгүй ерөөс Оросоос айхгүй болсны илрэл. Урьд нь барууны улсуудын удирдагчид бүгд “Путиныг бүү буланд шах. Түүнийг бүү уурлуул” гэдэг байсан. Харин одоо Украин заавал ялах ёстой гэдэг болсон. Энэ бол цоо шинэ үзэгдэл хэмээн дүгнэн бичицгээж байна.
Г.АМАРСАНАА