Categories
гадаад мэдээ

АНУ-ын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ

ОХУ-ын шинжээчдийн баг тавдугаар сарын 12-20-ны хооронд АНУ-ын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж “Улаан од” сонин мэдээлжээ.

Оросын шинжээчдийн баг Ту-154МЛК-1 нисэх онгоцоор Америкийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ. “Нээлттэй тэнгэр” олон улсын гэрээний хэрэгжилтийн хүрээнд ийм нислэг үйлддэг билээ. Оросын нисэх онгоц Миссури муж улсын Роузкранс нисэх онгоцны буудлаас нисэх юм байна.

Зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу нислэг үйлдэх үед гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж буй эсэхийг болон нислэгийн параметрийг даган мөрдөж байна уу үгүй юү гэдгийг Америкийн мэргэжилтнүүд бүхээгт байлцаж, хянах аж. Үүнээс гадна, ОХУ энэ сарын 13-17-ны хооронд Босни-Херцеговин улсын нутаг дээгүүр Ан-30Б нисэх онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ.

“Нээлттэй тэнгэр гэрээг” дэлхийн 27 улсын төлөөлөгчид Финландын нийслэл Хельсинки хотод 1992 оны гуравдугаар сарын 24-нд байгуулжээ. Уг гэрээний гол зорилго нь цэргийн үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сайжруулах замаар улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгож, бэхжүүлэх, одоо хэрэгжиж байгаа зэвсэглэлд хяналт тавих гэрээг дагаж мөрдөх юм. Одоогийн байдлаар, гэрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болох 34 улс нэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *