АНУ-ын Конгрессын танхимын гишүүд тус улсын Ерөнхийлөгч Барак Обамаг эрх мэдлээ урвуулан ашигласан, улс орны хууль тогтоомжийг зөрчсөнд буруутгаж, түүнд хариуцлага тооцох тогтоолыг дэмжжээ. Конгрессийн төлөөлөгчдийн танхимын 225 гишүүн дэмжсэн санал өгсөн бол, 201 нь эсрэг байр суурьтай байжээ.
Төлөөлөгчдийн танхимын хуульчид Обамагийн эсрэг шаардлагатай хууль эрх зүйн баримт бичгийг бэлтгэж эхлэх юм байна.
Ерөнхийлөгч Барак Обамаг АНУ-ын хууль зөрчсөн болон Конгрессийн зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа юм.
Тэрбээр “ObamaCare” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн эсрэг заргыг өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Конгрессын танхимын спикер Жон Бейнер гаргаж байсан юм. Тэрбээр “АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгч хуулийг чанд мөрдөх үүрэгтэй гэж тодорхой заасан. Харин миний бодлоор Ерөнхийлөгч хуулийг дагах биш, зөрчиж байна” гэжээ.
Бейнерийн хэлж буйгаар энэ үйлдэл Обамаг төрийн эрхээс зайлуулах зорилго агуулаагүй гэв.
Барак Обамагийн рейтинг 41 хувиар унажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг ойрын хугацаанд хурдацтай унаж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
Шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж эхэллээ. Улс төрийн буруу бодлого, гадаад харилцаа, эдийн засгийн уруудалт, сөрөг хүчинтэй тааруу харилцаатай, Засгийн газрын үйл ажиллагаанд доголдол гарсан гэх мэт олон зүйл нөлөөлсөн бололтой.
Хамгийн энгийн жишээ гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Засгийн газар түр хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, хаагдсан. Энэ бүхнийг сөрөг хүчнийхэн болон Конгрессийн зарим гишүүн Ерөнхийлөгчийн буруутай бодлого, шийдвэрүүдтэй холбон тайлбарлаж байна.
Олон улсын харилцаанд гаргаж байгаа түүний ааш авир, таагүй уур амьсгал бүрдүүлсэн зэрэг гадаад бодлого нь ч буруу гэж ажиглагчид тайлбарлав. Афганистан улсаас цэргээ татах шийдвэр эртэдсэн эсэх дээр дахин бодолцож, Ойрхи Дорнодод баримталж байгаа Б.Обамагийн бодлого хэтэрхий сул байгаагаас олон улсад АНУ-ын байр суурь ганхаж эхэлсэн гэдэгт Конгрессийн гишүүд санал нэгдсэн талаар “LA Times” онцлов.
БНХАУ болон ОХУ-тай тааруу уур амьсгалтай болж эхэлсэнд Б.Обамагийн таагүй харилцаа нөлөөлсөн гэх бодолтой улс орнууд цөөнгүй байгаа бололтой. Гэвч ОХУ-тай таагүй харилцаатай байх гол шалтгааныг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас Эдвард Сноудентай холбон тайлбарласан удаатай.
АНУ-ын Ерөнхийлөгч нарын рейтингийн судалгааны түүхэнд сүүлийн 39 жилд 41 хувиар рейтинг нь буурсан үзүүлэлт гараагүй аж. Өөрөөр хэлбэл, судлаачид 41 хувийн рейтингийн уналт цаашдаа 50 хувиас давж магадгүй гэж үзэж байна.
Хэрэв Ерөнхийлөгчийн талаар дахин таагүй мэдээ, мэдээлэл олны дунд цацагдвал түүний бүрэн эрхийг цуцлах санал асуулга явагдах аюултайг зарим улс төр судлаачид онцолжээ.