АНУ-ын пасспорт эзэмшигч иргэдийг Хойд Солонгос руу аялахыг хориглосон Засгийн газрын шийдвэр ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Түүнчлэн Хойд Солонгост байгаа АНУ-ын иргэд товлосон хугацаанаас өмнө тус улсыг орхин гарахыг төрийн департментаас анхааруулав. Хоригоос сэтгүүлчид болон хүмүүнлэгийн ажилчид чөлөөлөгдөж болох аж.
АНУ-ын засгийн газар тус улсын иргэд Хойд Солонгост удаан хугацаагаар хоригдох эрсдэлийг тооцон аяллын хориг тавьжээ. Тухайлбал, АНУ-ын оюутан Отто Вармбиер Хойд Солонгост зурагт хуудас хулгайлсныхаа төлөө 15 жил хөдөлмөрийн лагерт хорих ял сонссон ч зургадугаар сарын 13-нд ухаангүй байдалтай иргэж ирээд нас барсан юм. Түүнийг Хойд Солонгост юу тохиолдож, ямар шалтгаанаар ухаангүй иргэж ирсэн нь тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн Солонгос гаралтай Америкийн иргэд Хойд Солонгост очоод хоригдох тохиолдол олон гардаг юм.
Энэхүү хориг нь АНУ болон Хойд Солонгосын хооронд зөрчил нэмэгдсэнтэй давхцаж байна. Хориг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд сунгах эсэхийг АНУ-ын төрийн департмент шийднэ.