Categories
мэдээ нийгэм

АНУ-ын их, дээд сургуулиудын талаарх зөвлөгөө мэдээллийг төлбөргүй өгч байна

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс арванхоёр дахь удаагийн олон улсын боловсролын өдөрлөгийг энэ долоо хоногт зохион байгуулж байгаа билээ. Америкийн соёл мэдээллийн төвд болж буй энэ удаагийн өдөрлөгөөр Америк, Канад, Япон зэрэг улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй залууст үнэ төлбөргүй зөвлөгөө тусламж үзүүлж байгаагаараа онцлог аж. Өөрөөр хэлбэл оюутан залуус өөрийн сонирхсон мэргэжил болон мэргэшлээр Америкт ямар их дээд сургуулиуд элсэлт авдаг, хэдэн төгрөгийн төлбөртэй, ямар тэтгэлэгт хөтөлбөр зарласан, материалаа хэрхэн бүрдүүлэх зэрэг хэрэгцээт бүх мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгөх юм байна. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн USAP хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй залуус бакалаврын түвшинд Америкт тэтгэлгээр суралцжээ. Зарим оюутнууд нь сургуулиа төгсч ирээд, эх орондоо ажиллаж байна юм байна.

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Д.Саямаа “АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын хэлтсийн дэмжлэгтэйгээр дэлхийн 170 гаруй оронд 450 гаруй боловсролын зөвлөгөө мэдээллийн төвүүд байгуулагдсаны нэг нь манайх юм. Өөрөөр хэлбэл Монголд зөвхөн манай төв л Америкийн төрийн Департаментийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай төвийн гол зорилго нь Монголын залууст гадаадад боловсрол эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм. Манай төв үйлчилгээний хөлсөнд ямар ч төлбөр авдаггүй. Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Өмнөговь зэрэг аймгуудад салбартай. Америкт суралцахын тулд эхлээд дөрвөн мянга гаруй их дээд сургуулиас сонгох хэрэгтэй болдог учраас чамгүй хугацаа зарцуулдаг. Хэрэв манай төвд хандвал таны суралцахыг хүссэн чиглэлээр аль мужид ямар их дээд сургууль байгаагаас гадна сургалтын зардал, амьдрах нөхцөл, хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөр зэргээс нь хамаарч 10-15 сургуулийг манай зүгээс санал болгоно. Мэдээж сонгосон сургуулийнхаа элсэлтийн мэдээллийг вэб сайтаар нь орж баталгажуулахаас гадна материал хүлээн авах эцсийн хугацаа, тэтгэлэгт хамрагдахад шаардагдах нэмэлт материал зэргийг сайн судлах хэрэгтэй. Гэхдээ сургуулиудынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авсныхаа дараа дөрвөөс зургаан сургуулийг сонгож, өргөдлөө нэмэлт материалын хамтаар цахимаар эсвэл шуудангаар илгээнэ. Үүний дараагаар мэдээж шалгалтандаа бэлтгэх ёстой. “Тофель”, “Жи эм эй ти”, “Жи ар и”, “Сат” зэрэг аль шалгалт өгөх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Ийнхүү эцэст нь тухайн сургууль таны таны илгээсэн материалт болон шалгалтын дүнд үндэслэн элсүүлэх эсэхээ шийднэ. Хэрэв тухайн сургуульд элсэн суралцах шаардлагыг хангасан бол таньд урилга ирнэ. Америкт суралцахыг хүссэн оюутан залуус нэн тэргүүнд англи хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *