Categories
мэдээ нийгэм

АНУ-ын гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцов

Монгол, Америкийн улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын хүрээнд, ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Н.Пелосигийн Ахлах зөвлөх К.Монжэ, Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч С.Бийган нартай уулзав.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Н.Пелосигийн Ахлах зөвлөх К.Монжэтэй уулзах үеэр Монголын тал АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, уг хуулийн төслийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаар ярилцлаа.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Тусгай төлөөлөгч С.Бийгантай уулзах үеэр, Солонгосын хойгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Монгол Улсын хувь нэмрийн талаар санал солилцож, ирэх сард болох “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын бага хуралд Америкийн талыг урив.

Түүнчлэн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал М.Поттинжиртай уулзаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцав.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Энхтайваны корпусын захирал Др.Олсентэй уулзан, тус байгууллагаас Монголын нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийллээ. Мөн үеэр Америкийн тал Энхтайваны корпус нь 2020 оноос эхлэн Монгол Улс дахь сайн дурынхны тоогоо 20 орчим хувиар нэмэхээр төлөвлөж буйгаа танилцуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *