Баруун Африкийн Либери улсын эмнэлэгт ажиллаж байсан америк эмч эбола вирусын халдвар авчээ. Улмаар Америкийн гурав дахь иргэн эбола вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна.
Тодруулбал, Либерийн нийслэл Монрови хотын ELWA эмнэлэгийн эх барих тасагт ажиллаж байсан америк эмч уг вирусын халдвар авсан нь тогтоогджээ Одоогийн байдлаар түүний овог, нэрийг нь нууцалж байна. Өмнө нь мөн энэ эмнэлэгт ажиллаж байгаад вирусын халдвар авсан Кент Брэнтли, Нанси Райтбол нар америк руугаа буцсан юм.
Тэндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь дээрдэж, улмаар эмнэлэгээс гарсан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн. Харин энэ удаа шинээр халдвар авсан эмч эбола цусархаг халууралт өвчинтэй хүмүүстэй харьцдаггүй бөгөөд чухам ямар замаар халдвар авсан нь тодорхой бус байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр Баруун Африкт өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийт 3062 хүн эбола цусархаг халууралт өвчнөөр өвчилсөний 1552 нь амиа алджээ.