Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран “Хангай-2021” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуулийг ирэх есдүгээр сард Архангай аймагт зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, сургуулийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, аврагчдын хамтарсан дадлага сургуулийн талаар хэлэлцэж, бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэл өглөө.
Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт АНУ-ын Элчин сайдын яамнаас дөрвөн ширхэг амьсгалын бие даасан төхөөрөмжийг гардуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.