АНУ-ын Боловсролын сайд Бетси Девос өчигдөр Вашингтон хотод Конгрессын байранд болсон үймээн самуунтай холбогдуулан огцорлоо гэж Wall Street Journal мэдээлэв.
Тэрбээр, Өчигдөр Вашингтон хотод болсон үйл явдлыг бидний хүүхдүүд харж байна. Тэд бидний жишээнээс суралцах болно. Иймээс хариуцлагаа ухамсарлан ажлаа хүлээлгэн өгч байна гэж хэлжээ. Түүнчлэн АНУ-ын Тээврийн сайд Элейн Чао мөн л ийм шалтгаанаар огцорч буйгаа пүрэв гаригт мэдэгдсэн байна.
АНУ-ын Конгрессын дээд, доод хоёр танхим хамтарсан хуралдаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг буюу Ардчилсан намаас сонгогдсон Жозеф Байдены ялалтыг баталгаажууллаа. Жо Байден энэ сарын 20-нд тангараг өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм. Жо Байден өөрийн багаа бүрдүүлээд эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн асуудал болон Худалдааны асуудал хариуцах яамны сайд нараа аль хэдийн нэрлээд байна.
АНУ-ын Род Айландын мужийн захирагч Жин Раймондыг Худалдааны сайдаар, Массачусетс мужийн Бостон хотын дарга Мартин Уолшийг Хөдөлмөрийн сайдын албан тушаалд тус тус нэр дэвшүүлэв.
Раймонд, Уолш нар Ардчилсан намын гишүүд бөгөөд Раймонд олон жилийн турш хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнес хийж ирсэн. Тэрээр 2015 оноос хойш Род Айландын мужийн захирагчаар ажилласан. Тэрбээр цар тахлын үеэр улс орныг хямарсан санхүүгийн хямралаас мужийн эдийн засгаа хурдан өөд нь татахад хурдан шуурхай арга хэмжээ авч байсан гэж Байдены ойрын хүрээлэл хэлж буй юм.