АНУ-ын Техас муж улсад өнгөрсөн сараас хүчин төгөлдөр болсон үр хөндөлтийн эсрэг “хамгийн хатуу” хуулийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал бямба гаригт орон даяар өрнөжээ.
Тодруулбал, үр хөндүүлэх эрхийг хамгаалагч идэвхтнүүд “Үр хөндөлтийг хууль ёсны байлга”, “Миний бие, миний сонголт” гэх мэт бичиг бүхий уриа лоозон барин жагссан байна.
Техаст ургийн зүрх цохилж эхлэх үеэс буюу жирэмсний зургаан долоо хоногтойгоос хойш үр хөндүүлэхийг хориглоод буй юм. Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, АНУ-ын бүх 50 муж улсын 650 орчим хотод жагсаал болжээ.
Дээд шүүх Техасын хуулийг хүчингүй болгох хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор бусад муж улсад мөн ижил хууль хэрэгжиж болзошгүйд идэвхтнүүд санаа зовниж байгаа ажээ.