Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт өчигдөр (2017.02.15) Монголын сэтгүүлчидтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны тухай нээлттэй ярилцлаа. Хатагтай Женифер Зимдал Галт ярилцлагын эхэнд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан хийсэн ажлаа товч танилцууллаа.
Мөн тэрээр Монголчуудыг түр хугацаагаар Америкт ажиллуулах Н2 визний хөтөлбөрийн талаар ярьсан юм. Тэрбээр, “Хөтөлбөр тодорхой хэмжээний шалгуур квот бий аж. Шалгуурыг хангахын тулд Монгол Улс АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллах шаардлагатай. АНУ-д зөрчил гаргасан, буцаж ирэх болсон иргэддээ бичиг баримт олгох тал дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа учраас Н2 хөтөлбөрт оролцох боломж бүрдэх болов уу гэж найдаж байна.
2017 оны нэгдүгээр сарын байдлаар АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яам Монголыг H2 хөтөлбөрт оролцох боломжтой гэж үзсэн. Ер нь бол сүүлийн үед АНУ-д ажиллаж амьдарч буй ч бичиг баримтын зөрчилтэй, Монгол руугаа буцах буюу албадан гарах иргэдээ бичиг баримтжуулах тал дээр нягт хамтран ажиллаж байгаа учраас H2 хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангах найдвар бий. Энэ хөтөлбөрт Монголыг оролцуулах эсэх нь зөвхөн манай улсын Дотоодыг аюулаас хамгаалах яамны асуудал” хэмээв.