Улаанбаатар хот, 2022 оны наймдугаар сарын 25 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци (МСК)-н Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрэлсэн Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниэл Критенбринк нарын хамт Монгол дахь анхны ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо. Ёслолын үеэр К. Алфорд Монгол Улсын усны байгууламжийн дэд бүтцийг хөгжүүлж, хоёр орны бат бөх түншлэлийг Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн хамт нотлохоорирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, “Улаанбаатар хот бол дэлхий дээрх хамгийн ус багатай хотуудын нэг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ч нэн эмзэг. Энэхүү үйлдвэр нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай, тогтвортой хангахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал болон усны аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно” гэж хэллээ.
Гуч хүрэхгүй жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин нэмэгдэж, тэр хэрээр хотын усан хангамжийн хэрэгцээ ч нэмэгджээ. Хот усны хомсдолын аюултай тулгарч, улмаар оршин суугчид болон Монгол Улсын эдийн засагт томоохон аюул заналхийлж байна. Энэхүү ус дахин боловсруулах дэвшилтэт үйлдвэр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг МСК тууштай байгаагийн нэг жишээ бөгөөд барилгын ажлыг энэ сард эхлэхээр төлөвлөж буй юм. Ус дахин боловсруулах үйлдвэр нь жил бүр Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэх 15 сая шоо метр цэвэр усыг хэмнэх замаар Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулж, нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг усны аюулгүй, тогтвортой эх сурвалжаар хангахад туслах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Ус бол амьд бүхний эх үүсвэр, бид бүгдийнамьдралд чухал ач холбогдолтой гэдгийг хүн бүр мэднэ” гээд “Усыг дахин боловсруулснаар монголчууд байгаль эхдээ ус цэвэршүүлэхэд нь туслах болно. Бид байгальд илүү ээлтэй, илүү хариуцлагатай болж байна” гэв.
2018 онд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК-ын хооронд Монгол улсын усны салбарт нийт 462 сая ам.доллар буюу МСК-аас 350 сая ам.доллар, Монголын Засгийн газраас 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх компакт гэрээг байгуулан Монгол Улс нь МСК-ын түүхэн дэх хамгийн том дүн бүхий түншлэлийн гэрээ байгуулсан орны нэг болжээ. Ус дахин боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн нилээд хэсгийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа нь уг компакт гэрээний үр нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт юм.
Компакт гэрээ нь гурван цогц бүрэлдэхүүнээр дамжуулан Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх юм. Үүнд:
– Усны бохирдуулагч бодисыг зайлуулж, ундны усыг хотын нийтийн хэрэглээнд бэлэн байлгахын тулд Улаанбаатар хотод газрын доорх усны эх үүсвэрийг шинээр барих, мөнорчин үеийн дэвшилтэт ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах,
– Аж үйлдвэрт ашиглаж болохуйц өндөр чанарын дахин боловсруулсан усаар хангах ус дахин боловсруулах шинэ үйлдвэр, шугам хоолой барих болон,
– Улаанбаатар хотын усан хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг сайжруулах бодлогын шинэчлэл хэрэгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар Монгол Улсын Засгийн газрын чадавхийг бэхжүүлэх гэсэн бүрдэл хэсгүүдтэй.
АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар дэлхий дахинд ядуурлыг бууруулах зорилготой АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг юм. 2004 онд байгуулагдсан МСК нь сайн засаглал, авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг дээдлэх нарийн хэм хэмжээг хангасан улс орнуудад хугацааны хувьд хязгаартай буцалтгүй тусламж үзүүлж тэтгэлэг олгодог.