Categories
гадаад мэдээ

Антонио Гутерреш Владимир Путинтэй уулзав DNN.mn

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украин дахь мөргөлдөөнийг зогсооход зуучийн үүрэг гүйцэтгэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргасаар байна. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй цэргийн түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаагаа уулзжээ. А.Гутерреш Оросыг хүч хэрэглэх явдлыг эхлүүлснийг шүүмжлээд, мөргөлдөөнд нэрвэгдсэн энгийн иргэдэд, ялангуяа Мариуполь хотод гацсан хүмүүст туслахад илүү их хувь нэмэр оруулахыг В.Путинд уриалсан байна. Хэвлэлүүдийн бичиж буйгаар ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын яриа нэлээд халуухан уур амьсгалд болж өнгөрчээ. В.Путин “Мариуполийг бид нэгэнт эзэлчихсэн. Байлдааны ажиллагаа зогссон” гэдэг байр суурийг баттай илэрхийлж байсан төдийгүй, үүссэн нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэгийг буруутгасан өнгө аястай үг хэлсэн аж. Гэхдээ ямар ч байсан Мариупольд хоргодож буй энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар НҮБ, Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарч ажиллахыг зарчмын хувьд зөвшөөрсөн байна. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч С.Дюжаррикийн мэдээлснээр, В.Путин энэ санааг “зарчмын хувьд” зөвшөөрсөн бөгөөд ингэснээр энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад НҮБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэг оролцохоор болжээ.

В.Путины хувьд энхийн замаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлсээр байгаагаа онцлоод, цахим хэлбэрээр явагдаж буй хэлэлцээ эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэв. Гэсэн хэдий ч Украины тал өнгөрсөн сард Туркт хийсэн хэлэлцээний үеэр хүрсэн зарим тохиролцооноос буцсан гэдгийг нэмж хэлсэн байна. А.Гутерреш мягмар гаригт мөн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, гал зогсоохыг уриалсан юм. С.Лавров хэлэхдээ, Өрнөдийн орнууд Украин руу зэвсэг илгээсээр байвал яриа хэлэлцээ амжилтгүй болох нь гарцаагүй хэмээгээд, хурцадмал байдал даамжирч байгааг анхааруулснаас гадна цөмийн мөргөлдөөний аюулыг дутуу үнэлж болохгүй гэсэн байна. НҮБ-ын тэргүүн мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нийслэл Киев хотноо уулзах юм.

Маш олон улсад Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн энэхүү айлчлалыг ямар ч чадваргүй болсон, НҮБ-аа аврах гэсэн арчаагүй оролдлого гэж үзэж байгаа бөгөөд ялангуяа НҮБ-ын тэргүүнийг эхлээд Укрианд очиж нөхцөл байдлыг нүдээрээ хараагүй байж шууд Москвад айлчилсныг хурцаар шүүмжилж байгаа билээ. Иймээс Ерөнхий нарийн бичгийн дарга ядаж Украины Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрээс энгийн иргэдээс гадна эх орноо хамгаалагчдыг аварч чадвал энэ нь украинчуудад төдийгүй НҮБ-ын хувьд маш чухал ач холбогдолтой ажил болох нь дамжиггүй.

BBC.CNN. REUTERS. NHK. TASS. Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *