ДЭМБ-аас зохион байгуулж буй “Антибиотикийг хэтрүүлэн буруу хэрэглэхийг зогсооё”, “Нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг тэмцэе” дэлхийн долоо хоног аяны хүрээнд Дархан-уул, Сэлэнгэ аймгийн эмнэлгийн болон эм хангамжийн байгууллагын мэргэжилтнүүдэд антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, зөв сонголт, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.
Төрөөс эрүүл талаар баримтлах бодлогод тусгагдсан эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэж байгаа антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, хянах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, Засгийн газрын 2016-2020 оны yйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Эмийн аюулгүй байдлын мэдээллийн цахим тогтолцоог үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, эмийг цахим жороор олгох үйл ажиллагааг эхлэх” талаар ЭМЯ-ны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, эм зүйн салбарын бодлого, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хийв.
Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, чирэгдэж байгаа талаар тулгамдаж буй асуудал, хүртээмжийг сайжруулахын тулд эмийн үнийн хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд тавих хяналт, ялангуяа эмч нарын жор бичилт, эмийн сангийн жороор олголт, иргэдийн эмийн зохистой хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.