Categories
мэдээ цаг-үе

Антарктид судлаач Л.Дүгэржав: Антарктидаас тасарсан мөсөн уул 15-20 жилийн дотор хайлж дуусна

Антарктид тивийн Ларсений мөсөн тэнгисээс C давхаргын хэсэг тасарч, далайд хөвж эхэлсэн. Энэ талаар ШУТИС-ийн Антарктид судлалын төвийн захирал, доктор Л.Дүгэржавтай ярилцлаа.


-Антарктидын Ларсений мөсөн тэнгисээс томоохон хэсэг нь тасарч мөсөн уул болон задгай далайд хөвж эхэлсэн гэх мэдээлэл тарсан. Энэ талаар та монголчуудад мэдээлэл өгөхгүй юу?

-Цаг агаарын өөрчлөлтөөс болж хүн төрөлхтөн, эх дэлхийгээ хамгаалах тухай бодохгүй бол ойрын ирээдүйд, улам бүр, илүү олон бэрхшээлтэй тулгарах болж байна. Хамгийн ойрын жишээ нь Антарктидын мөсөн тэнгисээс нэг триллион тонн жинтэй, асар том мөсөн уул салсан явдал юм. Энэ бол дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үр дүн бөгөөд баруун Антарктидын мөсөн тэнгисүүд хурдацтай хайлж байгаагийн бодит жишээ. Антарктидын мөсөн давхаргыг А. В. С гэсэн гурван хэсэгт хувааж ангилдаг. А давхаргаас 1990 оны эхэн үед мөсөн уул салж задгай далайд хөвж эхэлсэн байдаг бөгөөд бүхэлдээ хайлж дууссан. Хэдхэн хоногийн өмнө С ангилалд орох мөсөн уул хайлж эхэллээ. Хэмжээгээр 90 гаруй километр урттай асар том мөсөн уул. Тус уул хойд зүг рүү хөдөлж, хөвж байна. Энэ мөсөн уул далайн түвшинг нэмэх бөгөөд үр дүн нь сүйрлийн шинжтэй байх болно. XXI зууны эцэс гэхэд далайн түвшин 60-70 сантиметрээр нэмэгдэнэ гэсэн судалгааны дүн гарсан. Ингэсэн тохиолдолд олон хот тосгод, үйлдвэрийн газрууд, газар тариалангийн талбай усанд живэх болно. Олон сая хүн амьдрах орчин, хоол хүнсний дутагдалд орж дүрвэлтийг үүсгэх эрсдэлийг дагуулах болно гэсэн мэдээллийг аваад байна. Салсан мөсөн уул нь одоо дэлхийн төв хэсэг рүү нүүгээд эхэлчихлээ. 15-20 жилдээ хайлж дуусах байх гэсэн тооцооллыг гаргаж байгаа.

-Мөсөн уул хаагуур хөвж хаа хүрэх бол. Урьдчилсан байдлаар замын зураг гарсан болов уу?

-Ларсений тэнгисээс салсан. Хойд зүг рүүгээ хөдөлсөн. Экваторийг чиглээд далайн урсгалаа дагаж хөвнө. Нэг триллион тонн мөс хайлж далайд нэмэгдэхээр түвшин нь 2-3 сантиметр нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарах байх.

-Антарктидын орчны амьдралын хэв шинж, нөхцөл байдал ямар байгаа юм бол?

-Антарктид бол манай дэлхийн хуурай газрын 10 хувь буюу 15 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай хуурай газар. Дунджаар 2400 метр мөсөөр хучигдсан байдаг. Эрэг орчмоор нь мөсөн тэнгисүүд бий. Дэлхийн цаг уурын дулаарлын нөлөөгөөр мөсөн уул тасрах болсон. Энэ бол их, бага хэмжээгээр байнга болдог үзэгдэл. Саяын тохиолдол хэмжээний хувьд гэх мэтээр бүхий л үзүүлэлтээрээ асар томд тооцогдож байгаа юм. Голланд улсын газар нутагтай тэнцэх хэмжээний гэхээр ойлгомжтой байх.

-Мөсөн уул тасрахаас өөрөөр ямар өөрчлөлт явагдаж байгаа вэ, Антарктид тивд?

-Антарктидын цаг уурын өөрчлөлт эргээсээ эхлээд нүдэнд шууд харагдахаар болсон. Хуучин 100 хувь мөстэй байсан бол одоо Антарктидын зун эрэг орчмын нийт газар нутгийн 2-3 хувьд нь хуурай газар харагддаг болсон. Төрөл бүрийн хаг өвсний ургалтын хэмжээ нэмэгдсэн, мөсөн уул салсан зэрэг нь гол үзүүлэлт нь болж байгаа. Зөвхөн Антарктидын эргэн тойрны мөсөн тэнгисүүд салж мөсөн уул болоод хайлж эхэлбэл энэ зууны эцэс гэхэд дэлхийн ард түмэнд аюул нүүрлэж, сүйрлийн хэмжээнд хүргэх бодит аюултай.

-Та Монгол Улсаа Антарктидад судалгааны баазтай болгох ажлыг олон жил хөөцөлдөж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ. Манайхан тус тивийг судалж эхэлсэн үү?

-2015 оны зургадугаар сард манай орон олон улсын Антарктидын гэрээний 53 дахь гишүүнээр элссэн. Ингэснээрээ бид тус тивд бааз байгуулан судалгаа хийх эрхтэй болсон. Манай бааз байгуулагдаж байгаа. 2015 онд усны инженер буюу судлаач Батмөнх хэмээх доктор залуу явж баазаа барих суурийг хийгээд ирсэн. Өнгөрсөн жил доктор Түвшинбаяр, Баяраа гэх хоёр залуу явсан. Тэд цаг уурын ажиглалтын автомат станц суурилуулсан. Өнөө жил дөрвүүл явах төлөвлөгөөтэй байна. Худалдаж авсан дөрвөн контейнероо суурилуулах ажлыг хийх юм. Ингэснээрээ бид таван хүн амьдарч, судалгаа шинжилгээгээ хийх орчинг бүрдүүлэхийг хичээж байгаа. Дараа жил гэхэд манай бааз хүн хүлээж авах боломжтой болно. Санхүүгийн асуудал хүндрэлтэй ч төсөл бичих, хандив хүсэх замаар босгож байна. Өнөөдрийг хүртэл 10 экспедицэд монголчууд оролцон ажилласан. Өнгөрсөн улиралд Монголоос хамгийн олон хүн Антарктид тивд хөл тавилаа. Хамгийн эхлээд Гангаамаа ууланд авирсан бол бас нэг залуу Болгарийн баазад цаг уурын станц суурилуулалцаад ирлээ. Манай инженер Японы баазад ажиллаад ирсэн.

-Манайхан ямар төрлийн судалгаа хийж байгаа вэ?

-Бид орчныхоо геологийн судалгааг хийгээд дууссан. Газрын гүний цэвдгийн болоод ус, мөсний судалгаа эхлүүлсэн. Ер нь бидэнд даалгаврууд өгөгддөг юм. Манайх Испани, Болгарийн баазын дунд байрладаг. Тэд дангаараа тэр өргөн уудам газарт судалгаа хийнэ гэвэл хүчин чадал нь хүрэлцдэггүй. Тиймээс хоршиж судлах чиглэлээр ажилладаг. Бид өөрийн баазаа тогтмол ажиллуулаад эхэлчихвэл “Глобал цаг уурын өөрчлөлт ба Монгол Улс” гэсэн олон улсын судалгааны ажлын сэдэв батлуулах гэж байгаа. Учир нь юу вэ гэвэл Монгол оронд дэлхийн хойд цэвдгийн хамгийн урд хил байдаг. Цэвдгийн урд хил улам хойшилж Монголын хойд хил рүү шахагдаж байгаа. Тиймдээ ч Монгол орны цөлжилт гэдэг нь Глобал цаг уурын нэг индикатор болж байгаа хэрэг.

-Монголын жирийн иргэд хэзээ Антарктидад хүрч танилцах боломжтой болох вэ?

-Бидний тавьж байгаа хоёр дахь зорилго маань Антарктид тив рүү хийх аялал жуулчлалыг хөгжүүлэх. Хүмүүс Монголынхоо судалгааны баазад хандив өргөх замаар хамтран ажиллавал бид Монгол хүмүүсийг Антарктид тивтэй танилцуулах боломж байгаа.

Л.МӨНХӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *