Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.ХУЛАН
Их сургуулийн баруун талын таван давхар шар байшин хэлтэйсэн бол, яасан их юм ярих бол оо? ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, их зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн энэ байшингийн нэгэн үүдээр залуу цагтаа сэвэлзтэл, идэр насандаа намалзтал алхан гэртээ орж гарч, угсаатан зүйч, орос эхнэр Люба нь инээмсэглэн угтаж, тачигнасан гурван хүү буюу Лев, Костя, Миша нар нөгөө өрөөнд ноцолдож өссөнийг хэлж өгнө байх. Өвгөн эрдэмтэн нас ахихын хэрээр өөр шиг ээ номтой өвгөчүүлийг хөдөөнөөс урьж залж, тэднээс үг тосон бичиж авангаа сонин сайхан хууч дэлгэж суухыг энэ байшингийн хана тоосго тун сайн мэднэ. “Солийг сольсон нь”, “Гологдсон хүүхэн”, “Зугаацахаар мордсон нь” , “Чемодантай юм”, Буурал ээж” гээд, уншаагүй монгол хүн үгүй шахам, алдарт бүтээлүүд энд л бичгийн ширээнээ төрж, орос чийдэнгийн тод шар гэрэлд Монголын Нууц товчоо эх хэлнээ галиглагдан, Төрийн сүлд дуу зохиогдсон энэ байшингийн хамгийн гол чухал, давтагдашгүй нэгэн бүтээл бол Анна Цэндина яахын аргагүй мөн билээ.
Аня аав ээжээ нас тогтсон хойно, 1954 онд гарсан, хүлээгдэж хүсэгдэж ирсэн , айлын хэнз охин. Анна гэдэг нэр бол эртний иврит хэлнээс үүсэлтэй, үзэсгэлэн төгс, тунамал ариун, ихэмсэг дээд, эрхэмсгийн билэгдэлтэй. Гэвч эрхэмсэг Анна тэр үеийн л монгол хүүхдүүдийн нэгэн адил, “хөрвийн аргаар”, хээ гоогүй өсч торнисныг хүүхэд насных нь гэрэл зургуудаас харж болноо. Ах нараа дуурайгаад эршүүд, сэргэлэн хар нүд нь ямагт “яагаад” гэсэн асуултаар гэрэлтсэн шинжтэй, хөөрхөн охин явж. Нэг удаа хаанаас ч юм цэрэг малгай олж толгой дээрээ тавиад, аавынхаа хамаг одон медалийг энгэртээ зүүн, гэртээ өлгөөстэй байсан япон жад мөрлөн гадаа явж байхад нь цагдаа нар “баривчлан”, аавынх нь шагналуудаар эзнийг нь олж тогтоон, гэрт нь хүргэж өгсөн жишээтэй. Тэр үеийн сэхээтнүүд охидоо төгөлдөр хуур тоглож сургахад анхаардаг, ерөөс хөгжмийн боловсрол аль ч цагт үнэлэгддэг тул Аня Хөгжим бүжгийн сургуульд элсэн орж суралцсан байдаг. Гэр оронд нь намуухан дулаан, ээжийнх нь байнга хийдэг нарийн боов бялуу үнэртэж, ажлынхаа өрөөнд аав өнөө л дуусдаггүй уншиж бичих ажлаа хийж , монгол орос соёлын нийлбэр ийм нэгэн айл аж төрөнхөн суужээ. Гэрт нь нэг удаа гадаадын нэртэй эрдэмтэн зочлоод гарахдаа, сууж байсан сандалны хадаасанд өмдөө урсан гэсэн “хов” Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Самбуу гуайн сонорт хүрч, тэр даруй Ц.Дамдинсүрэнгийн рүү ачааны машин дүүрэн мебель тавилга ачигджээ. Тэр тавилгаас заримыг нь л аваад, одоо гэрт багтахгүй, бас ийм гоё ганган юм манайд хэрэггүй гээд ихэнхийг буцаасан нь ч болсон юм билээ. Эрдэмтнээ ойлгож тусладаг Самбуу сайдыг “буусны” дараа, эрдэмтэн маань өөрөө толь бичгийн асуудлаар түшмэлүүдэд шалгагдаж, цагдаад хоргоогдож байх хожуу үед мөнөөх тавилгын үнийг “дээд дарга” нар суутгаж авна гэж баахан өр нэхэж зовоосон байдаг.
Анна Цэндина өдгөө жаран нас дундалжээ. Москвагийн шуугиан, Петербургийн Набережная-гийн жихүүн салхинд нас хэвийж л яваа манай унаган иргэн, орос дүр, орос нэртэй ч монголоор дүүрэн сэтгэлтэй монгол судлаач түүнийг ихэнх монголчууд элэг татан таньж мэдэж сүйд болохгүй л болов уу. Харин эрдэм соёлын хүрээнийхэндээ бол хэзээд хүндлэгдэж, гадаадад болдог монгол судлалын олон улсын том хурал зөвлөгөөн болгонд эрхэм нэр нь сэнтийн дээр бичээстэй бэлхнээ хүлээж байдаг болсон. Анна ямагт даруухан, “их мөрөн шиг дөлгөөн” аавын охин байсаар ирсэн ч монгол судлалын тал дээр, түүн шиг тод чанга дуу хоолойтой эрдэмтэн ховор л байгаа. Аль багадаа сурсан монгол хэл бичгээс гадна, орос, англи, немц, дорноос бол төвд хэл бичгээр мэргэшсэн. Ланьжоугийн Их сургуульд суралцах богинохон хугацаандаа хятад хэлээр аваа өгөөтэй болоод ирснийг нь гайхах юун. Монгол судлалаар ажиллаж эхлэхэд нь аав нь эхэндээ нэг их тоогоогүй гэдэг. Өөрийн үзэл бодолтой болог, үг үсэг бэдрэн утгыг тайлах эрдмийн ажлын хатуу хүтүүг бие дааж туулаг гэсэндээ тэр байх. Гуч гарсан хойно нь л харин, энэ хүн монгол судлалаар замнах нь баталгаатай болжээ гэснийх ч үү, санал бодлоо хэлж, хамтран ажиллах болжээ. Анхных нь эрдэм шинжилгээний бүтээл, энэтхэгийн уран зохиолын сод дурсгал Панчатантрын судалгааны ажлыг аав охин хоёр хамтран бичиж тэртээ наян хэдэн онд хэвлүүлсэн юм. Өнгөрөгч олон жилд Анна Цэндина дорно дахины болон монгол, төвдийн эртний утга зохиол, түүхийн сурвалж судлалаар амжилттай ажиллахын зэрэгцээ олон сайн шавь нарыг бэлтгэлээ. Орос талдаа монголыг мэдэх эрдэмтний жагсаалтыг тэрбээр ном бүтээлээрээ тэргүүлсээр байна. ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны Их Сургуулийн салбарын эрхлэгчээр уригдан хичээл зааж, бие даан болон бусадтай хамтран олон арван эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсээр байгаа билээ. Аавынх нь мэндэлсний 110 жилийн ой ирэх жил тохионо. Монголоо монголоор нь авч үлдэхийн тулд үзэл суртлын хана хэрэмтэй тулж, шоронд орж, юу эсийг үзсэн билээ, Дамдинсүрэн гуай. “Халх монголын малчин, хатгин овгийн нүүдэлчний ..” эгэл сайхан дүртэй хөшөөг нь нийслэлийн төвд босгоход орчин цагийн эрх мэдэлтнүүд гар татахгүй байлгүй дээ.
“Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрдөг шунхан улаан залуу нас “Анягийн тухайд тэр чигээрээ монгол судлалд зориулагдаж, хувийн амьдрал гээч зүйл нь ч орхигдсон бололтой байдаг. Ид залуу сайхан насанд нь ээж нь автын осолд орж хөдөлгөөн хоригдсон бөгөөд олон жил ээжийгээ асран тойлох ачааг Анна өөр дээрээ үүрсэн дээ бас. Ах нар яахав, эхнэр авч үр хүүхэдтэй болцгоосон бөгөөд хоёр том нь физикч, бага ах нь эдийн засагч, Дамдинсүрэнгийн үр удам өнөр олуулаа, ажил төрөлтэй сайн сайхан л явцгааж байна. Анна л харин, монгол судлалтай насаараа “ханилж”, үнэнч хэвээрээ яваа нь хайрламаар, бахадмаар, бас жаахан өрөвдмөөр байдаг. Гээд хэзээний бардамхан, эцэг шиг ээ шооч, бууж өгөх дургүй Аннагаа монголчууд бид улам сайнаар, улам дотноор таньж мэдсээр байгаа. Цаг эргэж, хүмүүс юм уншдаг болж эхэллээ. Монголчууд язгуур үндэс, эх хэл соёл руугаа тэмүүлэх боллоо. Нэгэн цагт дарга нар орос эхнэр авч, оросоор сэтгэж, оросын талд “урваж” байсан түүхийн яг эсрэгээр, манай ясны монголч эрдэмтэд ханиа, үр хүүхдүүдээ бүгдийг “монголжуулан” авч үлдсэний ялгуун сайхан жишээ бол Анна. Анна Цэндина Та эрүүл энх, жаргалтай урт насалтугай, яагаад гэвэл Анна гэдэг нэр ихэмсэг дээдийн билэгдэл агуулдаг шүү дээ.