Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал нь малын гоц халдварт өвчин юм. Мал сүргийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг чанаржуулах, олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлдэг.
“Оюу толгой” ХХК-ын хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 100 хувийн санжүүжилтээр /1,4 тэрбум төгрөг/ лаборатри бүхий сум дундын малын эрүүл мэндийн төвийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулан өнөөдөр ашиглалтад орууллаа.
Бид энэ лабораторид түшиглэн зүүн бүсийн сумдын малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг уул уурхай, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори нь малын өвчин, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх хүчин чадалтайн дээр зүүн бүсийн сумдын 772.0 мянган толгой малын эрүүл мэнд, 20 гаруй мянган иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, цаашлаад 1800 гаруй малчин өрхийн орлого нэмэгдэх, аймгийн эдийн засгийн үзүүлэлтэд томоохон өөрчлөлт орох нөхцөл бүрдэж байна.