Чингис хааны морьт хөшөөний дэргэдэх “Ариг монгол хаад” жуулчны баазад нүүдлийн гэр театр үүдээ нээлээ.
Монгол улс дэлхийн түвшинд танигдсан соёл иргэншилтэй улс хэдий ч олон улсын жишгээр соёлын аялал жуулчлал хараахан сайн хөгжөөгүй байна. Тиймээс энэхүү театр нь ардын язгуур урлаг тэр дундаа ховордож буй өв соёлын түгээх аж. Монгол улсад ирж буй жуулчид бизнес, байгаль, соёлын гэсэн аялал жуулчлалын чиглэлээр ирдэг гэсэн судалгаа бий. Байгалийн аялал жуулчлал түлхүү хөгжиж байгаа учраас соёлын аялал жуулчлалыг ч мөн хөгжүүлэх хэрэгтэй.
Энэхүү театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан монгол эсгий 12 ханатай өргөө байх бөгөөд ардын язгуур урлаг болон монгол ард түмний ахуйн зан үйл, ёс заншлийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан хүргэж буйгаараа анхны нүүдлийн гэр театр болж байна.
Уг театрыг зорин ирсэн зочид “Захчин” ястны хуримд уригдан гэрт орж, уламжлал ёсоор эрчүүд нь гэрийн баруун, эмэгтэйчүүд нь зүүн талаар сууцгаана. Цугласан олонд айраг амсуулж, цагаан идээгээр дайлж угтав. Монгол түмний олон үндэстэн, ястны дундаас “Захчин” ардын хурим хамгийн өргөн дэлгэр, нарийн ёс заншилтай байдаг учраас уг хуримын зан үйлийг сонгосон гэдгээ зохион байгуулагчид онцолжээ.
Хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг бие биелгээ, ардын дуу, ерөөл магтаал зэргийг театрын урлагийн найруулгаар хүлээн авч үзэх боломжтой юм.
Энэхүү театрын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллаж байна.