Categories
мэдээ нийгэм

Анхны жишиг “Дэд бүтцийн төв”-ийн ажилтай танилцлаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, тус газрын орлогч дарга Б.Азжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс уг “Дэд бүтцийн төв”-ийн ажлын явцтай танилцжээ. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн дунд энэхүү “Дэд бүтцийн төв”-үүдийг барьж байгуулах юм. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд барьж буй жишиг “Дэд бүтцийн төв”-ийн төсөлд 201 айл хамрагдаж байгаа бөгөөд уг төв ашиглалтад орсноор эдгээр айлуудын утаа болон хөрсний бохирдлыг бий болгогч эх үүсвэрүүд бүгд байхгүй болно гэж тооцжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг оруулах хамгийн оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Нэг “Дэд бүтцийн төв”-д 200-300 айл өрхийг холбож, дулаан, цэвэр, бохир усаар хангах төдийгүй цэвэрлэх байгууламж ажиллуулна.Одоогийн байдлаар хамгийн анхны байрлал нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй дэд бүтцийн төв болж байна. Ирэх 10 дугаар сарын дундуур ашиглалтад бүрэн орно. Нийслэлийн иргэд өөрийн эзэмшлийн хашаа газартаа тохилог сууц, хаус барьж, нийслэлийн зүгээс дэд бүтцийн шугамыг холбосноор гэр хорооллын иргэд орон сууцнаас илүү тохилог орчинд амьдрах боломжтой болно. Үүнээс гадна нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болох агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн өмчлөлийн газрын үнэлгээг өсгөх, ногоон байгууламж нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээсэн байна.

Энэ сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд “Сервис центр” төслийн хамгийн анхны шавыг тавьжээ. Одоогоор уг “Дэд бүтцийн төв”-ийн газар чөлөөлөлт, барилгын ажил эхлээд байгаа аж. Ирэх долоо хоногт шугам угсралт, трассын ажлыг эхлүүлэх юм байна. Дэд бүтцийн төвийн ажлын хүрээнд зоорийн давхартайгаа нийлсэн гурван давхар барилга, бохирын байгууламж баригдана. Мөн үндсэн таван инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир, дулаан, цахилгаан, холбооны шугамууд тавигдах ажээ. Түүнчлэн хашаа, хашааны хаалт, гэрэлтүүлэг, камерын асуудал бүрэн шийдэгдсэн ногоон байгууламжтай нэг жишиг гудамжийг байгуулахаар төлөвлөсөн юм байна. Одоогоор уг төслийн хүрээнд хоёр айлын газар чөлөөлөлтийн ажил эхэлжээ.

Анхны жишиг “Дэд бүтцийн төв”-ийн ажилтай танилцлааАнхны жишиг “Дэд бүтцийн төв”-ийн ажилтай танилцлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *